Я.Батсуурь: Уурхайгаасаа төмөр замтай болчихвол нүүрсээ Австралийн үнээр борлуулах боломжтой
Уул уурхайн яаманд өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр Оюутолгой, Тавантолгой, алт зэрэг цаг үеийн асуудлаар яамны холбогдох мэргэжилтнүүдээс тодруулга авлаа.
1
Ч.Отгочулуу: Оюутолгойн 34 хувийг зарах асуудал одоогоор байхгүй
/Уул уурхайн яамны стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга/
1
-Засгийн газар Оюутолгойн 34 хувиа зарах гэж байгаа гэсэн яриа байна. Энэ талаар тодруулаач?
-Оюутолгойн 34 хувийг зарах асуудал одоогоор байхгүй. Хэрвээ энэ 34 хувийг зарахаар бол ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулагч талтайгаа харилцан тохиролцож, шийдвэр гаргана. Ашигт малтмалын хуулийн дагуу Стратегийн ордын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 10 хүртэлх хувийг Хөрөнгийн биржээр худалдаалах заалт байдаг. Энэ дагуу Оюутолгойн 34 хувийнхаа тодорхой хэсгийг ард иргэддээ Хөрөнгийн биржээр дамжуулж худалдах боломжийг үгүйсгэхгүй.
1
-Стратегийн ордуудын үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгана гэж Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигтээ тусгасан байдаг. Гэтэл зарим стратегийн ордыг /Асгатын мөнгөний орд гэх мэт/ төр эдийн засгийн эргэлтэд оруулах талаар ярьж байгаа нь ямар учиртай юм бол?
-Төрийн оролцоог бага байлгана гэж тусгасан нь үнэн. Гэвч төр бүртгэл хяналтын шатанд оролцоно. Харин олборлолт, хайгуулын ажил нь эрсдэлтэй учраас оролцохгүй. Хувийн хэвшлийнхэн өөрсдөө эрсдлээ үүрээд явах нь зүйтэй гэж гарсан. Гэхдээ одоо хүчин төгөлдөр байгаа Оюутолгой гэх мэт стратегийн ордууд дээр төр зардлаа хэмнэх, ард түмэнд очих үр өгөөжийг өсгөх чиглэлээр оролцох юм.
Урт нэртэй хуулиас үүдэлтэйгээр Монгол Улсын нутаг дэвсгэрийн 80 хувьд хайгуул, олборлолтын ажил хийхийг хориглож, ирээдүйд хойч үедээ хадгалагдаж байна. Гэхдээ зайлшгүй эдийн засгийн тулгамдсан шалтгаанаас ой, голын сав газраар ашигт малтмалын ордыг ашиглахгүй байх нь эдийн засагт хохиролтой гэж эдийн засагчид үздэг. Одоогийн УИХ-ын 27 дугаар тогтоолоор тогтоосон хэмжээнд л Стратегийн ордыг ярьж, цаашид нэмж бусад ордыг стратегийн ордод хамруулахгүй гэж үзэж байгаа. Шинээр батлах Ашигт малтмалын тухай хуульд хэрвээ стратегийн ордод хамруулахаар бол тухайн аж ахуйн нэгжийн гаргасан хүсэлтийн дагуу төсөвт дарамт болохгүй, иргэдэд хохиролгүй байдлаар шийднэ гэж тусгасан.
1
Я.Батсуурь: 5 дугаар сард багтаагаад 450 мянган тонн нүүрс нийлүүлнэ
/Эрдэнэс Тавантолгойн гүйцэтгэх захирал/
1
-450 мянган тонн нүүрс нийлүүлэх гэрээ хийсэн гэлээ. Уг нүүрсийг хэдий хугацаанд нийлүүлэх юм бол?
-Өнгөрсөн онд Ерөнхий сайдын айлчлалын үеэр Тавантолгойн орд дээр үйл ажиллагаа явуулж буй манай үндэсний 3 компани БНХАУ-ын “Шенхуа энержи” компанитай 20 жилийн хугацаанд 1 тэрбум тонн нүүрс нийлүүлэх санамж бичгийг үзэглэсэн. Энэ санамж бичгийг бид энэ жилээс эхлүүлж, 450 мянган тонн нүүрсийг нийлүүлэхээр гэрээ байгуулан, төлбөр тооцооны 80 хувь нь орж ирээд байна. Зах зээлийн байдал тогтворгүй байгаа учир сар сардаа хэмжээгээ тохироод гэрээ байгуулаад явахаар болсон. Эхний 450 мянган тонн нүүрсээ 5 дугаар сард багтаагаад нийлүүлнэ.
1
-Нүүрсээ дэлхийн зах зээлээс доогуур үнээр манайх борлуулж байгааг шүүмжлэх хүн олон байна. Энэ талаар тайлбар өгөөч?
-Өнөөдөр дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өндөр байхад манайх бага үнээр борлуулж буй нь бодит шалтгаантай. Хятадын нүүрсний эцсийн хэрэглэгчид нутгийнхаа зүүн хэсэгт байдаг. Тэдэнд хүрэхийн тулд бидэнд төмөр зам хэрэгтэй болно. Одоо манай төмөр замын ажил амжилттай явж байгаа ч хугацаа шаардлагатай байгаа. Ер нь бол манайх уурхайгаасаа төмөр замтай болчихвол нүүрсээ өндөр үнээр буюу Австралийн нүүрсний үнээр борлуулах боломжтой болно. Үүний эхний оролдлого нь манай компани одоохондоо нүүрс угаах үйлдвэргүй учраас “Энержи ресурс” компанийн үйлдвэр дээр нүүрсээ хамтран угаагаад, түүнийгээ Хятадын төмөр замыг ашиглан эцсийн хэрэглэгчид өндөр үнээр борлуулахаар гэрээ хэлэлцээр хийж байгаа.
1
-“Чалко”-ийн өр хэзээ дуусах вэ?
-Нүүрсний зах зээл тогтворгүй, үнэ унаж байгаагаас өрийг барагдуулах хугацаа сунжирсан. Одоо 350 сая ам.доллароос 130 орчим сая ам.долларын өр үлдсэн байгаа. Энэ өрийг төлж барагдуулахад хүрэлцэхүйц хэмжээний нүүрсийг бид олборлочихсон байгаа. Сүүлд гарч буй нэг хүндрэл нь нүүрсний үнэ буурсантай холбоотойгоор “Чалко” манайхаас авсан нүүрсээ борлуулж чадахгүй, складандаа хадгалж, тээвэрлэлтээ багасгасан байгаа. Үүнээс болоод тээвэрлэлт буурч байгаа.
1
О.Эрдэнэбулган: Энэ онд 20 орчим тонн алт үйлдвэрлэнэ
/Уул уурхайн дэд сайд/
1
-Алт тушаалт нэмэгдэж байгаа ч үйлдвэрлэл нь буурсан мэдээ гарчээ. Тэгэхээр энэ онд төлөвсөн 31 тонн алтыг үйлдвэрлэж чадах уу?
-Алтны үйлдвэрлэл жилийн 2 дугаар улирлаас эхлээд идэвхиждэг. Тиймээс бидний төлөвлөж буйгаар энэ жил Оюутолгойг оруулахгүйгээр 20 орчим тонныг үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа.
1
Б.Батхүү: Алт олборлолтод “урт нэртэй” хууль саад болж байна
/Уул уурхайн яамны бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга/
1-Алт олборлох үйл ажиллагаа одоо эхэлж байна. Өнөөдрийн байдлаар 5 алтны орд үйл ажиллагаа явуулж байгаа. Үүнд нэг саад болж буй асуудал нь “урт нэртэй” хууль. Уг хуультай холбоотойгоор алтны компаниуд үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байгаа. Хэрвээ энэ асуудлыг шийдэж чадвал төлөвлөсөндөө хүрэх боломжтой.
1
-Нүүрсний тухайд төлөвлөсөн 31 сая тонныгоо экспортлох боломжтой юу?
-Нүүрс олборлогч компаниудын төлөвлөгөөг харахад бид энэ жил төлөвлөсөн хэмжээндээ хүрч нүүрсээ олборлох бүрэн боломжтой байгаа. Гол нь тухайн нүүрсээ хэрэглэгчдэд хүргэхийн тулд тээвэрлэх хүчин чадлаа нэмэгдүүлэх асуудал чухал байна.
1
Г.Өлзийбүрэн: “Петрочайна дачин тамсаг” компанийн үйл ажиллагаа хэвийн байгаа
/Газрын тосны газрын дарга/
1
-“Петрочайна дачин тамсаг” компанид гарсан галын дүгнэлтийн талаар мэдээлэл байна уу?
-Үүнд хууль хяналтынхан очиж ажилласан. Удахгүй галын ослын дүгнэлтийг мэдэгдэх байх. Тус компанийн тухайд гал гарсны дараа 11 хоногийн хугацаанд нөхөн сэргээлт хийгдээ одоо үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа. Газрын тосны экспорт мөн хэвийн байна.
1
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ