Хүний хүнээр дүүрэх миний хот
Улаанбаатар хот 147 мянган га газар нутагтай. Үүний 1000 гаруй га-г нь чимээгүй хот эзэлдэг. Багагүй хэмжээний газар нутгийг эзлэн нийслэлтэй хаяа нийлэн байрладаг чимээгүй хотын “оршин суугчдын” нэг хэсэг нь хөшөө болон та бидний дунд амьдарч байна. Тэр дундаа Алтан-Өлгийд мөнх нойрсогчдоос хотын гудамжинд цөөнгүй нь бий. Тиймээс ч Улаанбаатарыг Алтан-Өлгийн “амьд” хувилбар гэх хүмүүс ч байх. Нэрийг нь мэдэхгүй, нэг л танил царай Улаанбаатарт тэр дундаа Сүхбаатар дүүрэгт 50 орчим бий. Нийслэлийн Соёл урлагийн газраас өнгөрсөн онд хийсэн судалгаагаар Улаанбаатарт нийт 178 хөшөө, дурсгал бий гэсэн тоо гарчээ. Үүний 147 нь зөвхөн хөшөө гэдгийг тус газрын Соёлын өв, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ц.Баттөр хэлж байна. Улсын нийслэлийн хувьд энэ тийм ч олон тоо биш гэдгийг уран бүтээлчид хэлдэг. Харин олон харагдаад байгаагийн шалтгаан нь хүний хөшөө зонхилдогтой холбоотой гэнэ. Нийслэлийн нийт хөшөөний 80 гаруй хувийг хэн нэгэн алдартны, түүхт хүний хөшөө эзэлдэг. Чингис, Сүхбаатар, Чойбалсан, Цэрэндорж, Самбуу, Батмөнх, Цэдэнбал гэх зэргээр өнгөрсөн зууны их удирдагчид өнөөдөр бидний дунд мөнхийн зогсоолд заларч байгаа. Бас Нацагдорж, Ренчин, Явуухулан нар уран бүтээлээ үлдээгээд зогсоогүй, өөрсдийнх нь дүр ч хөшөө болон мөнхлөгдсөн. Мэдээж эх орны түүхэнд үнэтэй гавьяа байгуулсан хүмүүсийг мөнхжүүлж үлдээх нь хойч үеийн үүрэг. Тэр дундаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсан хүмүүсийг хөшөө дурсгал болгон мөнхлөх нь зүйн хэрэг.
5
Харин бидний түүхэнд ямар гавьяа байгуулсан нь тодорхойгүй эсвэл нэр дурдагдах төдий өнгөрсөн гадаад хүний хөшөөг гудамж талбайдаа байрлуулахдаа нэгийг бодох хэрэгтэй байх. Ямар утга санаатай хөшөөг хаана байрлуулснаас олон зүйлийг өгүүлж болно. Өнгөрсөн онд гэхэд НИТХ-аас 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын үеийн Хаант Орос улсын сайд, нэрт дипломатч, дорно дахины судлаач Иван Яковлевич Коростовецийн хөшөөг босгох тогтоол гаргажээ. Уг хөшөөг Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын багцаас 85 сая төгрөг гаргаж, бүтээх гэнэ. Яагаад гэсэн асуултыг олон хүн тавих байх. Өөр нэг жишээ нь Сентрал таурын өмнөх Марко Пологийн хөшөө. Цэцэрлэгт хүрээлэнд суух хүмүүс рүү нурууг нь харуулж байрлуулсан хөшөөний утга учрыг бүтээгчид нь л тайлбарлана. Барималч Б.Дэнзэн “Марко Поло Хувилай хааны үеийн Монголын Улсын гадаад харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн. Тэгэхээр өнөөгийн Монгол Улсын гадаад харилцааг зохицуулдаг гол байгууллага болох Гадаад харилцааны яам руу харуулсан нь санаандгүй хэрэг биш. 800 жилийн дараа бие биен рүүгээ харж байгаа гэсэн утгыг илэрхийлнэ” хэмээн тайлбарлаж байсан удаатай.
5
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн баталсан хөшөө баримал байрлуулах журмаар бол тухайн үйл явдал болж өнгөрснөөс хойш 50 жилийн дараа хөшөө болгон хотын гудамжинд босгох ёстой. Гадаадын хэн нэгэн хүнийх бол Монголын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь харгалзан үзэх журамтай. Өөрөөр хэлбэл, мөнгөтэй бүхэн хүссэн хөшөөгөө босгох учиргүй. Мөнгө хөрөнгө хангалттай гаргаж бүтээлгэсэн ч тухайн хөшөө аль нэг талаараа нийтийн эрх ашигт нийцэж байх ёстой. Товчхондоо түүх өгүүлэх, бүр байг гэхэд хотын чимэглэлд тодорхой үүрэг гүйцэтгэж байх учиртай. Учир нь хөшөө нь урлагийн бүтээл, түүхийн дурсгал төдийгүй хот байгуулалтын томоохон хэсэг. Харин манайд Улаанбаатар хотод өнгө үзэмж нэмчих хөшөө дурсгал тоотой хэдхэн. Зайсан толгойн найрамдлын цогцолборыг хамгийн төгс монументаль гэж хэлж болно. Тэгэхээр хэнийг хөшөө болгож, мөнхлөхөө бодох л хэрэгтэй асуудал. Бидэнд хөшөө болгоод мөнхөлчих алдар гавьяатай, түүхт хүмүүс зөндөө бий. Хүний хүнээр гудамж талбайгаа дүүргэж, хаа холын алдар гавьяаг албаар өөртөө нялзаах шаардлагагүй.
6
“Африкийн сэргэн мандалт” хөшөөг утга агуулгагүй, мөнгө зарсан хэрэггүй зүйл болсон хэмээн мянган мянган сенегалчууд гудамжинд жагсаал хийж, эсэргүүцлээ илэрхийлсэн удаа бий.
5
В.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ