Хоригдлууд гар утас хэрэглэдэг байсан зөрчил илэрчээ
Нийслэлийн прокурорын туслах, ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан хэлтсийн дарга Д.Отгонбаяр, хяналтын прокурор М.Батжаргал, Л.Цогтхүү нар ШШГЕГ-ын харьяа “Мааньт” дахь хорих 415 дугаар ангид ял эдэлж байгаа ялтнуудын харуул хамгаалалт болон ялтанд үзлэг нэгжлэг хийх ажиллагаа, ял эдлэлтийн байдлыг газар дээр нь очиж шалгасан байна.
Шалгалтаар тус анги нь үзлэг, нэгжлэгийг шаардлагын түвшинд хийдэггүй, үзлэг, нэгжлэгээр хураан авсан эд зүйлийг зохих журмын дагуу шийдвэрлэдэггүй. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зохиосон ажил хангалтгүй, хоригдлууд гар утас хэрэглэдэг, хорих ангийн хориотой бүсийг зохих журмын дагуу байгуулаагүй зэрэг зөрчил, дутагдал илэрчээ.
Илэрсэн зөрчил дутагдлын талаар тус хорих ангийн бие бүрэлдэхүүнийг оролцуулан хурал хийж хойшид анхаарч ажиллах ажлуудаар тодорхой үүрэг чиглэл өгсөн байна. Мөн шалгалтын дүнг Нийслэлийн прокурорын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн аж.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ