Б.Мөнхдөл: Валютын нөөцийн тухай мэдээлэл хоцрогдолтой байна
Mонгол улсын эдийн засаг, улс төрийн тухай мэдээлэл судалгаа болон монголын талаар хэн юу хэлэв зэрэг олон асуудлаар харилцагчиддаа шаардлагатай мэдээллийг судалж өгдөг "Cover Mongoliа" фирмийн гүйцэтгэх захирал Б.Мөнхдөлтэй ярилцаж цөөн асуултад хариулт авлаа.
5
-2014 оны эдийн засгийн төлөвийг хэрхэн гэж харж байна. Засгийн газраас тавьж байгаа "Эдийн засгаа эрчимжүүлэх 100 хоног" хөтөлбөр биелэх боломжтой юу?
-Энэ жилийн хувьд эдийн засгийн макро төвшин өмнөх жилтэй харьцуулахад хүндхэн жил болох юм шиг байна. Энэ бүхэн валютын ханштай холбоотой. Монгол банк гадаад валютын нөөцийн мэдээллээ гурван сарын хоцрогдолтойгоор харагддаг болгосон байна лээ. Хамгийн сүүлийн статистикаар нэгдүгээр сарын валютын нөөцийн тухай л мэдээлэл байна. Хоёр, гуравдугаар сард валютын нөөц хэрхэн багассан юм бэ гэдэг нь эдийн засагт нөлөөлнө. Нуугаад байна гэдэг чинь нэг талаараа айдас төрүүлнэ. Багассан учраас нуугаад байгаа юм байна гэсэн хардлагыг төрүүлнэ. Харин Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Эдийн засгаа эрчимжүүлэх 100 хоног" хөтөлбөр бүгд биелэх боломжтой. Гол нь гадаадын хөрөнгө оруулагчдыг нэмж оруулж ирэх, эргүүлэн татаж авчирах нь чухал байх.
5
-Гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэхэд манай талаас саад болдог ямар асуудал байна вэ?
-Мэдээж гол хөрөнгө оруулалтын салбар бол уул уурхай. Түүнийгээ сэргээх хэрэгтэй байх. Түүхий эдээ бага үнээр нийлүүлж байгаа ч Хятад улсын хэрэглээ жил ирэх тусам улам бүр нэмэгдэж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүн нь жил ирэх тусам нэмэгдсэнээр түүхий эдийн худалдан авалт буурахгүй. Тийм болохоор илүү өрсөлдөөнтэй буюу нүүрс зэсээ бусад зах зээлээс хямд үнээр борлуулах хэрэгтэй л дээ.
5
-Бусдаас хямд үнээр нүүрсээ гаргана гэдэг манай улсад, ирээдүйд хохиролтой юм биш үү?
-Хямд болгоно гэдэг үнээ багасгана гэсэн үг. Гэхдээ Австрали яагаад Хятадын зах зээлд хамгийн их нүүрс нийлүүлдэг улсаар тооцогддог юм бэ. Монголоос яагаад нийлүүлж болохгүй байна вэ. Яагаад гэвэл монголоос тээвэрлэх асуудал хүндрэлтэй. Тиймээс тогтвортой, найдвартай нийлүүлэлт хийдэг зах зээлийг л сонгож байгаа. Бас хямд үнэтэй.
5
-Монгол улсын хувьд зөвхөн уул уурхай гэлтгүй бусад салбараа түшиглээд хөгжих боломжтой гэсэн судалгаа гаргаж үзсэн үү?
- Байлгүй яах вэ. Мэдээж хөдөө аж ахуй, ноос ноолуур, махны чиглэлийн салбараа сайн хөгжүүлэх хэрэгтэй. Үүний зэрэгцээ голлох уул уурхайн салбараа хөгжүүлэх хэрэгтэй. Яагаад гэвэл уул уурхай гэдэг эдийн засгийн хамгийн түшиц болох салбар юм.
5
-Монгол улс мал аж ахуйн орон гэдэг. Гадны хөрөнгө оруулагчдад мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулж, манай улсад фермер байгуулахаар ирэх сонирхол байх юм уу. Эсвэл уул уурхайг л гол болгож байна уу?
-Ойрын хугацаанд хамгийн их сонирхож байгаа нь уул уурхай. Улс төр, эдийн засгийн салбарынхан ч гэсэн уул уурхайг эдийн засгийн хөгжийн хөшүүрэг гэж ойлгож байгаа. Гэхдээ аль, аль салбараа хөгжүүлэх хэрэгтэй. Түүхий эдийн экспортоос хараат бус байх нь чухал. Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд мэдээж, цаг хугацаа шаардана. Тухайлбал, олон улсын чанартай баталгаатай махыг яаж гадны зах зээлд найдвартай нийлүүлэх вэ гэдэг асуудал байна. Монголд шүлхий гарлаа гэхэд бүх экспорт зогссон байх жишээтэй. Америкт ч шүлхий гардаг. Тэр үед бүх экспортоо зогсоодог ч маш хурдан арга хэмжээ авч чаддаг учраас жилийн дотор экспортоо сэргээж чаддаг. Энэ бүгдийн монголд хэрэгжүүлж тогтмол экспорт явуулж чадахгүй байгаа учраас малаа эрүүлжүүлж, сертификаттай болж байж баталгаатай туршлагатай салбар болон хөгжих юм.
5
-Судлаач хүний хувьд монгол улсын эдийн засгийн ойрын ирээдүйн төлвийг хэрхэн харж байна?
-Түүхий эдийн борлуулалт ойрын хэдэн жил буурсан байгаа. Мэдээж нүүрсний үнэ буурсантай холбоотой. Зэсийн үнэ гайгүй бариад байна. Хамгийн гол нь, эдийн засгийн хөгжил яах аргагүй Оюутолгой төслөөс бүх юм шалтгаалаад байна. Энэ жилийн хувьд томоохон хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх төлөв байхгүй байна. Томоохон дэд бүтцийн төслүүд орж ирэхгүй байна. V дугаар цахилгаан станц, нүүрс шингэрүүлэх төслүүд нь дөнгөж, ТЭЗҮ-ийн хэмжээнд явж байна. Ойрын хугацаанд их хэмжээний гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх ганц гарц нь Оюутолгой л болчихоод байна. Уул уурхайн салбараа дэмжиж лицензийг олгож, сэргээж болно, гэхдээ тэд шууд орж ирэх мөнгө биш шүү дээ.
5
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ