Шинэ дарга 1 өдөр 62 хүнийг ажилд томилжээ

img

Боловсон хүчний бодлогоо алдсан гэж адлуулдаг хувьсгалт нам буюу одоогийн МАН-ын залуус ах нарынхаа итгэлийг эвдэж, чихийг нь халууцуулсан тохиолдол нэг биш. Гэвч өөрийг нь олон жил дагаж, чих нүд нь болон сайн муу бүхнийг нь хааж хаацайлж явсан дүү нараа боломжийн албан тушаалд ил далд зүтгүүлсээр байгаагийн хүчинд төрийн аль л гайгүй гэсэн дунд шатны хурган даргын албыг Ардын намын залуус хашиж байна. Намын дарга С.Баяр ажлаа өгөхөөсөө урьтаж танил тал, нутаг нугаас үл хамааран цөөнгүй тооны залууст албан тушаал өгсөн. С.Баяраас намын халуун тамгыг нь атгаж үлдсэн намын дарга С.Батболдын залуус ч төрийн албанд олноор шургалж, бүхий л салбарт албан тушаалын бялуу хүртэцгээсэн. Цаашид ч хүртэх нь тодорхой. Улсаас татаас сайтай салбарт өөрийн хүнийг шургуулж, оролцоогоо нэмэгдүүлэх нь төрийн өндөр албан тушаалтнуудын далд сонирхол.

Тиймдээ улсын төсвөөс 1 тэрбум 500 сая төгрөгийн татаас авдаг 6000 хүний суудалтай спорт цогцолборын даргаар Ерөнхий сайдын орон тооны бус туслахаар ажиллаж байсан “Алтайн бүргэдүүд” багийн тамирчин Б.Батпүрэв томилогдон ажиллаж байгаа. Монголын хамгийн том спорт цогцолборын даргын албан тушаалыг Ерөнхий сайдаас горилж байсан хүн олон байсан ч техник мэргэлжлийн сургуулийг дунд дүнтэй төгссөн, “Залуу үе хөгжил” нэртэй төрийн бус байгууллагын дэд захирлын албан тушаалаас өөр хүнд хэлэх сэтэргүй нөхрийг төрийн том мөнгөн дээр суулгасанд эгдүүцэж амбиц нь хөдөлсөн МАН-ын залуу гишүүдийн аллерги дарагдаагүй байна. Монголын Засгийн газраас 2,5 тэрбум төгрөг татаж, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан спорт цогцолбор тун удахгүй ашгаа өгч эхлэнэ. Олон улсын тэмцээн уралдаан, урлаг спортын томоохон арга хэмжээнүүдийн төлбөр мөнгө 6000 хүний суудалтай спорт цогцолбор руу сул урсана гэдгийг аль эрт тооцоолсон Батпүрэв захирал багаа бүрдүүлж эхэлжээ.

Нэг сарын 10-ны өдөр цогцолборын дарга Б.Батпүрэв  62 хүнийг ажилд томилох тухай тушаал гаргаж агентлагийн дарга Наранбаатар тушаалыг баталгаажуулжээ. Хачирхалтай нь спорт цогцолборын нээлтийн ажиллагааг даруухан тэмдэглэхийг үүрэгдсэн Ерөнхий сайд “Бид монголын спортыг дэлхийн түвшинд хүргэхийн төлөө менежментийг өндөр түвшинд хийх ёстой. Спорт цогцолбор төвийн менежментийг гадаадад боловсрол эзэмшсэн чадварлаг багаар удирдуулна” гэсэн амлалтандаа хүрсэнгүй. Нэг өдрийн тушаалаар спорт цогцолборын гал тогоонд багтах болсон 60 гаруй эрхмийн дунд гадаадад боловсрол эзэмшсэн хүн багтаагүй нь тун хачирхалтай. Арьсны ченж хийж явсанаас хүн удирдаж яваагүй Батпүрэв дарга бөмбөг хөөж, гудамжинд лааз өшиглөж явсан найзууддаа албан тушаалын бялуу хувааж, төрийн мэдлийн спорт цогцолборыг хувийн компани шигээ үзэн эрх мэдлээ хэтрүүлэн аашилж байгаа нь Ерөнхий сайдын нэр хүндэд сэв суулгаж мэдэх юм. 150,000 гаруй мянган гишүүнтэй гэгддэг МАН-д болсон болоогүй гадаадад их дээд сургууль дүүргэсэн дипломтонгууд олон. Ажил горилон Батпүрэв даргын хаалгыг сахисан гадаадын диплом өвөртлөгчдийн өмнө хаалга хаагдаж, Батпүрэвийнх гэх хувийн “компани” 6000 хүний суудалтай спорт цогцолборын араа хүрдийг эргүүлж эхэллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

За Батпүрэв гэдэг хүнийг ажлаас нь халуулж оронд нь очих гэсэн явуулга эхэллээ дээ хөөрхий. Эхлээд хэвлэлээр балбаад дараа нь сольдог, эсвэл өргөдлийг нь өгүүлнэ дээ.
2012-11-29