М.Жанебек: Хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын хөдөлмөрийг мөлжиж байна
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуулийн удирдлагууд болон зарим багш сурагчдынхаа хөдөлмөрийг мөлжиж, хувьдаа мөнгө завшдаг талаар тус сургуульд ажиллаж байсан хүмүүс өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тус сургуулийн удирдлагууд тэдний авьяас чадварыг ашиглан, сурагчдаараа хандивын тоглолт хийлгэж, олсон орлогоос нь хүүхдүүдэд өгдөггүй, хувьдаа завшдаг байжээ. Уг явдал нь 2011 оноос эхэлсэн тухай өнөөдрийн хуралд оролцсон хуульч А.Балдангомбо хэлсэн. Мөн 116 дугаар сургуулийн удирдлагууд эхний ээлжинд хандивын тоглолтонд оролцож байгаа хүүхдүүдтэй гэрээ байгуулдаг ба гэрээнээсээ татгалзах гэхээр эргүүлээд мөнгө төгрөг нэхдэг. Өөрөөр хэлбэл чамайг хандивын тоглолтонд оролцуулахын тулд бэлтгэл сургуулилт хийж, чиний төлөө маш их мөнгө төлсөн учир эргүүлээд чамаас шүүхээр мөнгө нэхэмжилнэ гэж айлган, дарамталж, гэрээгээ цуцлах боломжгүй болгодог тухай ярьж байв.
Энэ асуудлаар тус сургуулийн ажилчид ХЭҮК-д хандаж, уг газраас холбоглдох байгууллагуудад санал тавьж байсан боловч шийдвэрлэж өгөөгүй аж. 116 дугаар сургуулийн захирал С.Энхтуяагийн ёс зүйгүй үйлдлийг хамгаалдаг хүмүүсээрээ өөрийгөө хамгаалсан өлсгөлөн зарлуулж байсан удаа бий гэж хуульч А.Балдангомбо хэлж байсан.
116 дугаар сургуульд үүссэн уг зөрчлийн талаар нийгмийн ажилтан хийж байсан М.Жанебекээс зарим зүйлийг тодрууллаа.
-Та бүхний сая хурлын үеэр ярьсан зүйл хэр үнэн бэ?
-Үнэн. 116 дугаар сургуулийн захирал Сүхбаатарын Энхтуяа, хөгжмийн багш Н.Батболд зэрэг хүн 2011 оноос сурагчдын хөдөлмөрийг мөлжиж эхэлсэн. 2011 онд манай сургуулийн 10 гаруй багш нар цалингийн зээл авч Солонгос улс руу явсан юм. тэд ирээд цалингийн зээлээ төлөх шаардлага гарсан тул хүүхдүүдээр тоглолт хийлгүүлж эхэлсэн. Ингэхдээ хүүхдүүдийг нийслэлийн их дээд сургууль, хөдөө орон нутгаар тоглуулж, мөнгө олж эхэлсэн. Тэгээд цалингийн зээлээ төлөөд дахин тоглолт хийлгэж, олсон мөнгийг нь хувьдаа завшдаг болсон. Тоглолтод оролцсон сурагчиддаа мөнгө өгдөггүй. Харин өнгөрсөн өвөл Хөвсгөл явж тоглолт хийхдээ төгсөх ангийн хоёр сурагчид 100 мянган төгрөгөөр хувцас авч өгсөн байсан. Хөвсгөл рүү явах замдаа болон буцахдаа сумдуудаар тоглолт хийж байхад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн бие нь сульдаж, унах тохиолдол гарч байсан. Гэтэл удирдлагуудын зүгээс хүүхдүүдийг “Битгий маяглаад бай, босоод дуугаа дуул” гэх шаардлагуудыг тавьж байсан.
-Танай сургууль хэдэн хүүхэдтэй вэ. Тэднээс тоглолтод хэд нь оролцдог вэ. Нэг тоглолтоос ямар хэмжээний ашиг олдог юм бол?
-Манай сургууль одоогоор 60 хүүхэдтэй. Тэдний 20 гаруй нь тоглолтод оролцдог. Миний тооцоолсноор нэг тоглолтоос хоёроос гурван сая төгрөг олдог байх.
-Ер нь тоглолтын билет хэдэн төгрөгийн үнэтэй байдаг вэ. Өнгөрсөн хугацаанд хэдэн тоглолт хийсэн бэ?
-2011 оноос хойш одоо хүртэл тоглож байгаа. Ойролцоогоор 30-40 тоглолт хийсэн. Их сургуулиуд дээр тоглодог болохоор оюутнууд их үздэг. Нэг удаагийн тоглолтын билет 2000-3000 төгрөг байдаг. Энэ сарын 7-нд ЭМШУИС дээр тоглолт хийхээр яригдаж байгаа гэсэн.
-Энэ байдлыг хүүхдүүдийн ар гэрийнхэн мэдэж байгаа юу. Хүүхдүүд ийм дарамтад заавал тоглолтод оролцох шаардлага байдаг юм болов уу?
-Хүүхдүүдийн ар гэрийнхэн мэдэж байгаа ч удирдлагуудад юм хэлж чаддаггүй. Ихэвчлэн төгсөх ангийн хүүхдүүд байдаг учир хүүхдүүдээ боддог байх. Мэдээж хүүхдүүд энэ асуудлаас болж хичээл сургуулиасаа хоцрох, сургалт нь муудах зүйл байгаа. Сурагчдыг хичээл номоор шахаж, янз бүрийн дарамт үзүүлдэг. Намайг нийгмийн ажилтан хийх хугацаанд тоглолтонд оролцохгүй гэж хэлсэн хүүхдийг бүх багш нар гадуурхаж, доромжилж байсан.
-Ингэхэд та ямар шалтгаанаар ажлаасаа гарсан юм бэ. Энэ асуудлын талаар холбогдох хуулийн байгууллагуудад хандсан уу?
-Бид АТГ, ХЭҮК зэрэгт захирал С.Энхтуяагийн талаар гомдол гаргасан. Манай байгууллагын нярав, бид хоёр ажлаасаа гарсан. Бидний хувьд удирдлагуудын энэ байдлыг эсэргүүцэж өөрсдөө ажлаа өгсөн юм.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ