Компанийн засаглалаа сайжруулах чиглэлээр туршлага судаллаа
Манай улсад төрийн өмчит 94 компани үйл ажиллагаа явуулдагаас 37 компани нийтдээ 56 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан тухай Төрийн өмчийн хорооноос мэдээлж байсан. Эдгээр компани дунджаар 4 саяас 8.8 тэрбум хүртэлх төгрөгийн алдагдал хүлээсэн тул алдагдлыг нь бууруулах үүднээс менежментээ сайжруулах үүргийг өгсөн талаар ТӨХ-ны дарга ярьж байсан билээ. Уг асуудлаар өнөөдөр Норвегийн төрийн өмчит “Statoil” компанийн Нийгмийн хариуцлагын захирлын албыг хашиж байсан хатагтай Baiba Rubesa Монголын алдагдалтай ажиллаж буй төрийн өмчит компанийн удирдлагуудтай уулзаж, өөрийн туршлагаас хуваалцсан юм. Уулзалтад төрийн өмчит нүүрсний уурхайнууд, дулаан, цахилгаан станцууд, замын гэх мэтчилэн 30 орчим ТӨХК-ийн төлөөлөл оролцлоо.
.
“Төрийн өмчит компаниудын засаглал, ил тод байдал, нийгмийн хариуцлага” сэдэвт тус семинарын үеэр “Багануур” ХК-ийн Захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга Л.Шагдарсүрэн компанидаа хэрэгжүүлж буй шинэ стратегийн үйл ажиллагааныхаа талаар танилцуулав. Монгол Улсын нүүрсний хэрэглээний 60 гаруй хувийг хангадаг “Багануур” ХК одоогийн байдлаар 9.1 тэрбум төгрөгийн алдагдалтай байгаа аж. Алдагдлын шалтгааныг төрөөс эрчим хүчний нүүрсний үнийг тогтоож буйтай холбон тайлбарлаж байлаа. Тодруулбал, олборлолтын зардлаасаа хямд үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байгаа нь тус компанид алдагдал хүлээх үндсэн шалтгаан болдог байна. Мөн техник тоног төхөөрөмж нь хуучирч, элэгдэлд орсон нь нүүрсийг өртөг ихтэй олборлоход нөлөөлж буй аж. Түүнчлэн тендерийн хуулийн дагуу тоног төхөөрөмж нийлүүлж байгаа нь чанар муутай бүтээгдэхүүн худалдаж авах эрсдэлтэй байгааг Л.Шагдарсүрэн ярьж байв. Цаашдаа тус компани гадна, дотоодоос хөрөнгө оруулалт татахын тулд шинэ стратеги хэрэгжүүлэн, алсын хараа, үнэт зүйлс, зарчмаа шинээр тодорхойлсноо хэллээ. Түүнчлэн ирээдүйд нүүрсний үнийг төрөөс барьсан хэвээр байвал учирч болох олон эрсдэлтэй тулгарахаа тэрбээр нуусангүй. Дээрх асуудлууд өнөөдөр дулаан, цахилгааны станцуудад ч мөн адил тулгарч, алдагдалтай ажиллахад хүргэж буй юм.
.
Уулзалтын үеэр зам засвар арчлалтын “Булган АЗЗА” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батсайхан “Төсвийн санхүүжилт оны сүүлчээр ордгоос үүнийгээ дагаад татвар хураамж, шимтгэлүүд хуримтлагдаж, тухай ондоо өртэй болж гардаг. Түүнчлэн төр нэгэнт тавигдсан улсын чанартай авто замуудынхаа бүрэн бүтэн байдлыг хадгалъя гэвэл замын компаниудынхаа техникийг шинэчлэн, хүчирхэг байлгах хэрэгтэй” гэлээ. Тус компанид энэ жил төсвөөс 2 тэрбум төгрөг зам засвар, арчлалтад хуваарилжээ. Гэтэл 1км хатуу хучилттай зам барихад 600 саяас 1 тэрбум төгрөг ордог гээд бодохоор байнга хөл хөдөлгөөн ихтэй, ачаалалтай байдаг 611 км замыг дээрх мөнгөөр арчилж, бүрэн бүтэн байдлыг нь хангаж ажиллана гэхэд учир дутагдалтай аж.
:
Baiba Rubesa: Төр бизнесийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага байж болохгүй
:
“Төрийн өмчит компаниудын засаглал, ил тод байдал, нийгмийн хариуцлага” сэдэвт уулзалт семинарын дараа хатагтай Baiba Rubesa-тай цөөн хором ярилцлаа.
.
-Манай улсад төрийн өмчит олон компани үйл ажиллагаа явуулдаг ч эдгээр нь дийлэнхидээ алдагдалтай ажилладаг. Тиймээс цаашид төрийн мэдэлд ийм олон компани байлгах нь хэр зүйтэй юм бол?
-Уг нь бол компани алдагдалтай ажиллах ёсгүй. Ядаж зардлаа нөхдөг байх хэрэгтэй. Гэхдээ зах зээлийн шилжилт болсон газар төрийн өмчит компаниуд нь алдагдалтай ажиллах нөхцөл байдал үүсдэг. Тиймээс иргэдэд үйлчилгээг чанартай хүргэхийн тулд ямар бүтцийн өөрчлөлт хийхийг Засгийн газар шийднэ. Жишээ нь, Латви улсад үзвэр үйлчилгээ үзүүлдэг соёлын байгууллага нь голдуу төрийнхөө мэдэлд байдаг. Эдгээр байгууллага нь маш их алдагдалтай ажилладаг. Тиймээс тус улс эдгээр байгууллагуудаа багахан ч болов хэмжээний ашигтай ажиллуулах тал дээр анхаарч ажиллаж байна.
Үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр улс орны стратегийн ач холбогдолтой газрууд нь төрийн мэдэлд байх нь мэдээж. Гэхдээ ямар ч байсан ашигтай л ажиллах ёстой. Харин стратегийн бус бусад салбаруудаа шууд л хувьчлах ёстой. Яагаад гэвэл танайх ОХУ биш юм чинь төр бизнесийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага байж болохгүй.
:
-Өнөөдрийн уулзалтаас харахад манай улсын ТӨХК-ууд алдагдлаа бууруулахын тулд менежментээ хэрхэн сайжруулах ёстой юм шиг танд санагдав?
-Уулзалтад оролцсон компаниудтай дэлгэрэнгүй ярилцсангүй. Гэхдээ мэдээж өөрчлөлт шинэчлэлтийн ийм үед хүн бүр хүлээж, харзнаж байгаа байх. Өнөөдөр илтгэл тавьсан “Багануур” ХК-ийн жишээнээс харахад ямар мундаг зүйлс хийж байна вэ, ямар цаг үеэ олсон асуудлыг авч үзээ вэ гэсэн сэтгэгдэл төрүүлсэн.
Ер нь бол төрийн компаниуд хувьчлагдаж байна уу, хувийн компаниуд төрд очиж байна уу хамаагүй. Хамгийн гол нь би болон миний үр хүүхдэд энэ нь яаж тусах вэ гэдэг нь чухал. Тиймээс төр шийдвэр гаргагчдын түвшиндөө өөрийн мэдэлд ямар компаниудыг байлгах вэ гэдэг чиглэлээ олох хэрэгтэй. Жижиг улсын хувьд, Сингапур, Ирланд зэрэг улс төрийн өмчит компаниудаа хамгийн сайн менежмэнтээр удирддаг.
:
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ