Ховордсон ан амьтдын өлгий нутгаас нүүрс олборлох гэж байна
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн нутаг дэвсгэр Тосонбумын нурууны орчимд “Саус гоби коул транс” гэх компани нүүрс хайгуулын үйл ажиллагаа явуулж дуусаад А лицензээ авчээ. Одоо ашиглалтын үйл ажиллагаа явуулахад бэлэн болоод байгаа аж. “Тосонбумбын нуруу нь манай орны байгаль, түүх соёлын дурсгалт газрууд болох хадны сүг зураг, дөрвөн төрлийн рашаан, олон төрлийн эмийн ургамал, монгол болон дэлхийд ховордож буй цоохор ирвэс, мазаалай, хулан, тахь, аргаль, янгир зэрэг араатан, жигүүртний өлгийн нутаг. Хэрэв энд ашиглалтын үйл ажиллагаа явуулж, газрын доорх нүүрсийг олборлоод эхэлбэл эдгээр амьтад болон байгаль түүхийн ховор дурсгал мөхлийн ирмэгт тулна” гэж Гурвантэс сумын Засаг дарга, Тост багийн дарга болон “Гурван тэс-Эх нутаг” ТББ-ын гишүүд мэдээллийнхээ эхэнд хэллээ.
1
Ашигт малтмалын газрын мэдээгээр одоогийн байдлаар Тост сумын нутагт гадны болон дотоодын дөрвөн компани хайгуулын 22, ашиглалтын үйл ажиллагаа эхлэхэд бэлэн нэг нийт 23 лиценз эзэмшин үйл ажиллагаа явуулж буй аж. Нутгийн иргэд, Төрийн захиргааны байгууллага болон “Ирвэс хамгаалах сан” ТББ-тай хамтран 2010 онд Тост, Тосонбумбын нурууг орон нутгийн хамгаалалтад авчээ. Гэвч хайгуулын үйл ажиллагаа явуулсан “Саус гоби коул транс” компани нь БОНХЯ-аас зөвшөөрөл, бичиг баримтаа авсан, бүх ажил хууль дүрмийнхээ дагуу явж байгаа гээд орон нутгийн хамгаалалтын журам тэдэнд үйлчилдэггүй аж.
1
Уг газар нутаг нь дэлхийд нэн ховордсон цоохор ирвэсний гол нутаг, мазаалайн шилжилт хөдөлгөөн хийдэг нутаг төдийгүй нэн ховор амьтан, ургамлын чухал орчин. Тост, Тосонбумбын нуруу нь “Дэлхийн цоохор ирвэсний Экосистемийг хамгаалах хөтөлбөр”-ийн хүрээнд 2020 он гэхэд цоохор ирвэсний тархан амьдардаг 20 нутгийг хамгаалалтад авахаар төлөвлөсөн газрын нэг юм байна. Гурвантэс сумын ИТХ-ын төлөөлөгч Ч.Цогоо “Тус газрыг улсын тусгай хамгаалалтад авах нь Монгол улс Дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө газар нутгаа тусгайлан хамгаалах замаар түүх соёлын дурсгал, биологийн олон янз байдлыг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах үүргээ биелүүлнэ. Мөн тусгайлан хамгаалах газар нутгийн хэмжээг 30 хувьд хүргэх, ус бэлчээрийг хамгаалах замаар малчдын амьдралыг хэв маяг, соёлыг хамгаалж, аялал жуучлалыг хөгжүүлэх зэрэг орон нутгийн тогтвортой хөгжлийг хангана” гэж ярьсан.
1
Тус сумынхан Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах, нутагт нь олгогдсон лицензүүдийг сунгахгүй, ашиглалтын эрх олгохгүй, шинээр тусгай зөвшөөрөл олгохгүй байхыг холбогдох байгуулага, Төр засгаас хүсч буйгаа хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн. Мөн нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг нутгийн иргэд болон иргэний нийгмийн байгууллагын хяналт дор нэн даруй гүйцэтгүүлж, байгаль орчны аудит хийлгэхийг Монгол Улсын Их хурал, Засгийн газар болон холбогдох байгууллагуудаас шаардаж буй аж.
1
Н.Галаахүү: БОНХЯ-аас зөвшөөрөл авсан болохоор бидэнд хориглох эрх байдаггүй
1
Энэ үеэр Гурвантэс сумын Тост багийн Засаг дарга Н.Галаахүүтэй ярилцлаа.
1
-Хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа Тосонбумбын нуруу нь Гурвантэс сумын газар нутгийн хэдий хэмжээг эзэлдэг вэ. Хэдэн өрх, хүн амьдардаг вэ?
-Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 808.7 га нутаг дэвсгэрийг эзэлдэг. 285 өрх, 945 хүн ам амьдардаг. 35.150 толгой малтай.
1
-“Тосонбумбын нуруу”-д хэзээнээс эхэлж хайгуул хийсэн бэ. “Саус гоби коул транс” нь хаанахын компани вэ?
-2009 оноос эхлэн хайгуул хийж эхэлсэн. 2010-2011 оны хооронд Тост багийн нутаг дэвсгэр Тосон бумбын нурууны орчим 129 цооног ухсан. 11187 лицензийн дугаартай уг компани нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийнх.
1
-Ер нь нөхөн сэргээлт хийсэн үү. Орон нутгийн хамгаалалтад авсан газар хайгуулын үйл ажиллагаа явуулж болдог юм болов уу?
-Тэд ухсан 129 цооногийнхоо 10-20 орчмыг битүүлсэн. Нөхөн сэргээлт хийхийг шаардсан боловч хангалттай болоогүй. Хэд орчим метрийн гүнд цооног ухдаг гэдгийг малчид бид мэдэхгүй. Газарт 15-30 метрийн диаметртэй турбанууд зоогоод орхичихсон байдаг. Байгаль орчны яамнаас бүх зөвшөөрлөө авч очоод үйл ажиллагаа явуулж байгаа учир бидэнд ямар ч хориглох эрх байхгүй. Нөхөн сэргээлт явуулахыг шаардах болон хяналт шалгалт хийж, арга хэмжээ авдаг зүйл байхгүй байна. Тиймээс үүнийг бий болгох хэрэгтэй байгаа юм.
1
-Хайгуулын үйл ажиллагаа явуулж эхэлснээр орон нутагт ямар сөрөг үр дагавар бий болж байна вэ?
-Говийн усанд ууршилт явагдаж, гандалт их боллоо. Гол горхи ширгэн, усны түвшин доошилж байна. Мөн уул уурхайн ажлын байр их гарснаас болж залуу хүмүүс мал маллах нь багасаж байна. Дэлхийд ховордсон ан амьтан, өвс ургамлын өлгий нутгаа хамгаалахаар бид тэмцэж байгаа юм.
1
-Энэ асуудлаар холбогдох газруудад хандсан уу?
-БОНХЯ, УУЯ-нд удаа дараалан хандсан. Иргэдийн хурлын тэмдэглэл, 300 гаруй хүний гарын үсэгтэй материал хүртэл явуулсан. Гэвч ямар ч хариу ирээгүй. Бид эдгээр газарт хоёр жил дараалан хандаж байгаа.
1
-Гурвантэс сумын нутагт хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа хэдэн компани байдаг вэ?
-Дөрвөн компани байна. “Чинхуа мак” гээд Хятад компани, Үндэсний “МАК” компани, “Өсөх зоос” болон “Саус Гоби сэндс” буюу “SJS” гээд компаниуд байна. Ингэж байгалийн баялгаа ашиглахад улс эх орны хэрэгцээ шаардлага ч байдаг л байх. Гэхдээ орон нутаг нь сүйдээд баялаг гадагш гарч байгаа нь ард түмэнд хэрэгтэй зүйл болж буй эсэхэд эргэлздэг.
1
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ