Г.Байгалмаа: Иргэдтэй тохиролцож шийднэ гэвэл газрын үнийг хөөрөгдөх талтай
Хуульзүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хотыг дахин хөгжүүлэх хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдлээ.
Уг хуулийн төслийн зургадугаар бүлгийн 26 дугаар зүйлийг Хуульзүйн байнгын хороо хэлэлцсэн юм. Энэ зүйлд иргэний өмчлөлийн газрыг төр өөрийн мэдэлдээ авахтай холбоотой заалт тусгагдсан байлаа. Үүнтэй холбогдуулан МАН-ын бүлгийн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулсан. Дараагаар нь байнгын хорооны гишүүд ажлын хэсгийнхнээс сонирхсон асуултдаа хариулт авсан юм.
6
УИХ-ын дарга З.Энхболд:
-Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн дөрөвт "Төр газрын иргэнд газартай нь холбогдсон үүрэг хүлээлгэх, улсын онцгой хэрэгцээг үндэслэн нөхөн олговортойгоор газрыг солих, эргүүлэн авах, уг газрын хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалалт сөргөөр нөлөөлвөл хураан авч болно" гэж заасан. Тиймээс МАН-ын бүлгийн дүгнэлт өрөөсгөл юм биш үү? Иргэдийн 75 хувь нь газраа чөлөөлөхийг зөвшөөрч, боловсон орчинд амьдаръя гэсэн байхад 25 хувийн үгүйсгэсэн саналаар хөгжил дэвшлийг зогсоогоод байгаа юм биш үү?
6
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
-Би Үндсэн хуулийн заалтыг хараад сууж байна. Хүний хувийн өмчтэй байх, эзэмших халдашгүй эрх, нөгөө талаасаа ард иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хоёрын торгон тэнцвэрийг олох шаардлагатай. Үүний эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Хотыг дахин хөгжүүлэхтэй холбоотой хязгаарлалт гэсэн хэсэг дээр зөвхөн нэг талыг барьжээ. Төсөл хэрэгжүүлэгч тал Засаг даргад 10 хоногийн дотор асуудлаа тавиад, зөвшөөрөөгүй бол дулаан цахилгаан болон усан хангамжийг нь өгөхөөр больж, хязгаарлана гэсэн байна. Мөн газраа шилжүүлэхийг зөвшөөрөөгүй айл өрхөд засаг захиргааны нэгж нь оршин суух тодорхойлолт бусад зүйлээр үйлчлэхээ байна. Тухайн газар болон үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой аливаа асуудлыг хязгаарлана. Тухайн газар болон үл хөдлөх эд хөрөнгөд холбогдох эд зүйлийг нь зогсооно зэргээр хязгаарлажээ. Ингээд нэгдэлд элсээгүй айлыг ганцааранг нь тал талаас нь бүсэлж байгаад нийгэмчилсэн. Ийм дүр зураг ажиглагдаад байна. Би хар багаасаа л Улаанбаатарыг тойрч нүүж явлаа. Гэр хорооллынхны л эрх ашгийг бодолцсон юм. Нийтийн эрх ашиг ч бай, хувийн эрх ашиг ч бай төсөл хэрэгжүүлэгч нь том том бизнесийн компаниуд байгаа. Гэхдээ харилцан ойлголцож, гэрээний үндсэн дээр иргэний эрх зүйг шийдвэрлэх хэрэгтэй. Энэ төсөлд тусгаснаар газрыг солих буюуу эргүүлэн авах, уг газрыг үндэсний аюулгүй байдлын эрх ашигт харшаар ашиглавал хураан авч болно гэж заасан байна. Үнэхээр аюулгүй байдлын эрх ашигт нийцүүлэн байгаль орчинд харшилтай мөнгөн ус зэрэг химийн бодис уг газарт байвал хураагаад авах ёстой. Үүнээс бус 80 хувь нь зөвшөөрсөн юм чинь 20 хувийн үгүйсгэл хамаагүй гээд орхиж болохгүй. Эрх зүйн орчинг нь бүрдүүлэх хэрэгтэй.
5
БХБ-ын дэд сайд Г.Байгалмаа:
-Энэ хууль шинээр орж ирээгүй. Нийслэлд 2013 онд журам гарч зохицуулагдан ирж байгаа. Тухайн байршилд байгаа нийт хүн амын 75 хувь нь зөвшөөрсөн тохиолдолд уг газрыг дахин төлөвлөлтөд оруулна гэж журамд заасан. 21 байршил дээр амжилттай хэрэгжээд явж байгаа. Энэ хуулийг боловсруулахад олон улсын “ЖАЙКА” байгууллагатай хамтран таван удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хуулийн төсөлд 80 хувь нь зөвшөөрсөн бол уг газрыг дахин төлөвлөлтөд оруулж болох юм гэж заасан. Мөн 20 хоногийн дотор иргэд тохиролцоонд хүрнэ. Энэ тохиролцоогоо яаж хийх нь иргэдэд нээлттэй. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудад үл хөдлөх хөрөнгө, бусад газрын байршлыг хэрхэн үнэлэх талаар үнэлгээний асуудлыг тодорхой тусгаж өгсөн учир хуульчлах боломжтой. Үүнтэй уялдаад Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулга хийгдэж байгаа. Газар чөлөөлөх тухай хуулийн боловсруулалт мөн хийгдэж байна.
6
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ:
-Өнөөдөр Монгол ахуй, ёс заншилтай холбоотой асуудал яригдаж байна. Гэр хороололд амьдарч байгаа иргэд юунаас болоод 20 хувьд багтаад газраа чөлөөлүүлэхгүй байна вэ. Үүнийг бид ярих ёстойгоос бус олон улсын жишгийг дараа нь хэлэлцэх хэрэгтэй. Хууль тогтоогчид Үндсэн хуулийн нэг заалтаа бариад явбал нөгөө заалттайгаа харшлаад байгаа учраас энэ заалтыг хоёуланг нь хэрэглэх боломжийг хуулинд оруулж өгөх нь зүйтэй. Нэг хашаанд гурван өрх амьдарч байна, ихэнх тохиолдол. Юунаас болоод тухайн хашаанд дахь айл өрх нийтийн эрх ашгийг биш өөрийнхөө эрх ашгийг хангаад, газраа чөлөөлж өгөхгүй байна вэ. Газрыг нь шууд албадан аваад, нүүлгэх юм бол тэр хашаанд байсан айл өрхийн амьжиргааны асуудал хөндөгдөнө. Иймээс л монгол ахуйтайгаа холбон үзэх ёстой. Хуульд төсөл хэрэгжүүлэгч зөвхөн нэг талын саналыг тусгана гэжээ. Яагаад нөгөө талын буюу иргэдийн эрх ашгийг тусгаж өгөхгүй байна вэ? Үнийн саналыг харилцан солилцох дундын хувилбар байна уу?
6
БХБ-ын дэд сайд Г.Байгалмаа:
-Өнөөгийн нөхцөл байдал хүнд, нэг айлын хашаанд 2-4 айл буусан нөхцөл байна. Гэхдээ уг хашааг эзэмшигч нь хэн бэ. Хэний нэр дээр байна вэ гэдгийг эхлээд тодорхойлно. Албан ёсны эзэмшигч, өмчлөгчтэй тохиролцож байж тодорхой саналуудыг шийднэ. Мөн гурван талт гэрээг хийхээр хуулийн төсөлд тусгасан байгаа. Газрын асуудал дээр үнэ хөлс ярих нь ярвигтай. Улаанбаатар хотын газрууд дээр байршлаас нь хамаараад бүсчилсэн байдаг. Зах зээлийн үнэ ханшаа харгалзаад тариф тогтоосон байдаг. Энэ журмаа барьж үнэлгээний асуудлыг шийдээд явна. Иргэдтэй газраа харилцан тохиролцон шийднэ гэвэл үнэ хөөрөгдөх байдал их байгаа. Тийм учраас зохицуулалт хийх шаардлагатай гэж үзэж байгаа.
6
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-Энэ 20 хувь гэдэг чинь хүн амаар нь тооцоод байна уу, айл өрхөөр нь тооцоо гаргаад байна уу. Нэг хашаанд аавындаа байгаа бол гурван хүүтэйгээ байгаа. Гэр бүлийн эрх Монголын уламжлалт нийгэмд маш хүчтэй. Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч байгаа иргэдийн эрх ашиг хөндөгдөж байна шүү.
6
Ажлын хэсгийн гишүүн н.Баярбат:
-Энэ хуулийн төслийг Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуультай нийцүүлэн боловсруулсан. Уг хуулиар 15 мянгаас дээш хүн амтай, хүн амын ихэнх хувь нь аж үйлдвэр үйлчилгээний салбарт ажилладаг бол үүнийг хотод тооцдог. 500-15000 хүн амтай газрыг тосгонд тооцож байна. Энд бид эрх бүхий үл хөдлөх эзэмшигч, өмчлөгчийг авч үзэж байгаа. Тухайн хүний өмчлөгч, эзэмшигчээр дамжиж гэр бүлийнхний санал тусгагдаад явна. Зөвшөөрсөн нөхцөлд энэ төсөл хэрэгжихээр тусгагдсан байгаа. Хүн амын тоонд харьцуулсан судалгаа хийгдээгүй.
5
Ийнхүү уг хуулийн төслийг хэлэлцээд байнгын хорооны гишүүд хэлэлцэхээр дэмжив.
6
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ