"Чингис", "Самурай" бондыг төсөвт тусгахыг дэмжсэнгүй

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Эдийн засгийг эрчимжүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Байнгын хорооны дэмжигдээгүй санал хураалтыг үргэлжлүүлэн хэлэлцүүлж байгаа юм. С.Бямбацогт нарын гишүүн төсвийн гадуур зарцуулагдаж байгаа  "Чингис", "Самурай" бондыг төсөвт тусгуулах санал гаргасан байна. МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт энэ бондын зээлийг эдийн засагт ашигтай байлгах үүднээс дээрх саналыг гаргаснаа хэллээ. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Эдийн засаг маш хүнд байна. Энэ нь цэвэр Засгийн газрын буруу. Буруу бодлогоор эдийн засгийг удирдаж болохгүй.  Тийм учраас бодлогынхоо алдааг засмаар байна. Үнэхээр хямралаас гаргая гэж энэ төслийг өргөсөн бол улс төржихгүйгээр засах ёстой. Төсвөөс гадуур хэрэгжиж байгаа хөтөлбөрүүдээ төсөвт нь эргүүлж оруул. ДНБ-ий 10 хувийн алдагдалтай байна. ДНБ-ий 3 хувьд хүргэх хэрэгтэй. Хөрөнгө оруулагчид нүүр бууруулсан. Тийм учраас хөрөнгө оруулагчдаа нааш нь татах хэрэгтэй” гэлээ. Дээрх саналыг байнгын хороо дэмжээгүй.  Байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад 60.2 хувиар байнгын хорооны санал дэмжигдлээ. Ингээд "Чингис", "Самурай" бондыг төсөвт тусгахгүй байхаар болов.

1

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Одоо Чингис бондын зээлийн өрийг 2017 оноос эргүүлж төлөхтэй холбогдсон эрдслийн санг бий болгох тухай цөөнхийн саналыг хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан санал гаргасан гишүүнийг төлөөлж С.Бямбацогт “Зээлийн эргэн төлөлтийн хүнд ачаа татвар төлөгч, иргэд дээр ирнэ. Тиймээс бондын хүүг төлөхийн эрсдлийн санг 2017 оноос бий болгоод 2018 онд төлж эхэлье” гэдгийг хэллээ. Мөн Ч.Хүрэлбаатар гишүүн “Манай АН-ынхан төсвөөс гадуур хяналтгүй зарцуулахаар "Чингис", "Самурай" бондыг зарцуулахаар болоо. Яагаад УИХ энэ зарцуулалтыг мэдэж болохгүй гэж. Чингис Самурай бондын ам.долларыг бүгдийг нь төгрөг болгоод банкуудад байршуулсан гэж хэлсэн. Валютын нөөцийг гөвөөд дуусгасан байна шүү дээ. Эдийн засгийн бодлого чинь буруу байна” гэж хэллээ.

1

Бондын зээлийн эргэн төлөлтийг бүрдүүлэх эрсдлийн сан байгуулах тухай цөөнхийн гаргасан саналаар санал хураахад гишүүдийн олонх дэмжсэнгүй мөн уналаа. Түүнчлэн бага, дунд орлоготой иргэдийг дэмжих, хөнгөлөлт үзүүлэх, бондын мөнгөний үлдсэн хэсгийг эдийн засагт өгөөжтэй зүйлд зарцуулах зэрэг санал байнгын хороогоор дэмжигдээгүй байна. Үүнтэй холбогдуулан санал хураалт явуулахад мөн л дэмжигдсэнгүй. Саналын томъёололтой холбогдуулан гишүүд үг хэлсэн юм.

1

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Дэмжиж болох зүйлийг та нар унагаад байна. Зээлээ бид төлж л таарна. Гэтэл Д.Эрдэнбат дарга сая татварын шинэчлэл хийнэ гэж хэллээ. Энэ чинь юу гэсэн үг вэ? Намайг УИХ-ын дарга байхад Ц.Элбэгдорж татварын хуулийн дөрвөн арвын татварын хууль санаачлан оруулж ирээд, дараагаар нь М.Энхболдын Засгийн газрын үед үргэлжлүүлэн хэлэлцэж баталсан шүү дээ. Тэр үед Сангийн сайдаар Н.Алтанхуяг ажиллаж байлаа.

1

Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Энд маргаад байх зүйлгүй. Өчигдөр бид ҮАБЗ дээр Чингис бондын танилцуулгыг хийсэн. Зарим хүмүүст  2017 оноос төлөх юм чинь заримыг нь хадгалъя гэж байх шиг байна. Гэвч энэ нь ашиггүй, эдийн засгийн агуулга муутай санал байна. Харин бага, дунд орлоготой иргэдэд татварын хөнгөлөлт үзүүлнэ гэдгийг татаад авчих Ц.Нямдорж гишүүн ээ. Төсвийн хөрөнгөөр хэвлэл мэдээллийг сурталчилгаа хаалтын гэрээ хийнэ гэж байна. Хаалтын гэрээ гэдэг чинь та нарын үед бий болсон. Битгий зүүдээ ярих гээд хулгайгаа яриад бай. Жаахан ажил хэрэгч байя  л даа.

1

УИХ-ын гишүүн Д.Оюунбаатар: Эдийн засгийг эрчимжүүлэх шинэчлэлийн бодлого иргэдэд, татвар төлөгчдөд хэр нөлөөлөх вэ. Гишүүд асуудалд зарчимч хандах хэрэгтэй. Бас хаалтын гэрээ байгаа шүү дээ. Авлига ч байгаа. Шударга байх зарчмаар төрийн бодлогын хүрээнд хандъя.  Татварын хуулийг шинчлэх шаардлагатай. НӨАТ, үл хөдөлөх хөрөнгийн тухай хуульд шинэчлэл хүргэх хэрэгтэй.

1

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Байнгын хороогоор дэмжигдээгүй 13 саналаас сөрөг хүчний төдийгүй хамтарч засаг барьж байгаа бүлэг эвсэл, бие даагчдаас гаргасан үнэтэй саналууд байна. Дэмжигдээгүй саналуудыг хэрэгжиж байгаа гээд яриад байдаг. Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолд ашигт малтмалын хайгуулын хориглосон заалтыг яаж сэргээх юм, уул уурхай дээр төрийн оролцоог яаж багасгах юм гэсэн зүйл л байсан. "Оюутолгой"-г одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд явуулъя гэж байна. Эдийн засгийн өсөлт 70 хувиар нэмэгдлээ. Иргэдэд  20 мянган төгрөгөөр нэмэгдүүчихээд цалин  нэмчихсэн гээд байх юм. 2013 оны улсын төлөвлөгөө 1.5 их  наядаар тасарсан. Төсвийн данхгар бүтэц хэрээс хэтэрчээ. Ерөнхий сайд өөрийн мэдэлдээ 50 тэрбум төгрөгийг зарцуулж байгаа. Байгууллага агентлагууд гадаадад сургалт нэрээр төсвийн мөнгөөр зугаалж байна.

1

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Төсвийн урсгал зардлыг хорогдуулах талаар ТӨХ шийдвэрээ гаргасан гээд байна. Ямар шийдвэр гаргасан юм бэ?. Хөрөнгө оруулалтыг ярьсан ч урсгал зардал яригдаагүй. Яаралтай горимоор хэлэлцэж байгаа агуулгад хасагдаад байгаа 13 санал нийцээд байна. Төсвийн тодотгол удахгүй ороод ирнэ. Үүнд дээрх саналуудыг тусгаад өгөх хэрэгтэй.

Ийнхүү гишүүд саналаа хэлж байна. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

1

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ