Н.Золжаргал: Валютын урсгал тасарсан нь гол хүндрэл болсон
Эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолыг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар батална. Энэ тогтоол хэр үр дүнгээ өгөх бол, эдийн засгийг хүндрэлээс аварч чадах болов уу. Эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолын төсөлтэй холбогдуулан Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
4
-Эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолыг хэрэгжүүлснээр нөхцөл байдал одоогийнхоос дээшлэх үү?
-Эерэг талын хандлага байгаа. Гэхдээ төлбөрийн тэнцэл дээр бий болсон хүндрэлүүд эдийн засаг руугаа хүндрэл болж хувираад орчих вий гэдэг дээр бид санаа зовж байна. Одоохондоо 100 хувийн орлоготой байсан бол 80 хувийн орлоготой болох нөхцөл үүсээд байна. 2009 онтой харьцуулахад эдийн засгийн хувьд хямралын дүр зураг алга. мэдээж хүндрэл байгаа. Хүндрэл, хямрал хоёрын хооронд алд дэлэм зөрүү байгаа. Үүнд төрөөс маш анхааралтай хандаад Эдийн засгийг идэвхижүүлэх, эдийн засгийн хямралаас урьдчилан сэргийлэх, хүндрэлийг хэрхэн даван туулж эерэг тал руугаа гарах вэ гэдэг энэ тогтоол бидний хувьд маш ач холбогдолтой. Эдийн засгийн энэ мөчлөг дээр урагшаа харахдаа бид юугаа танах вэ, юугаа хасах вэ гэдэг тогтоол болж хувирч байна.
4
-Мөнгөний бодлогын хүүнд өөрчлөлт орох болов уу?
-Мөнгөний бодлогын зөвлөлийн хурлыг бид өмнөх долоо хоногт эхлүүлсэн байсан. Эхний хуралдаанаар бид эдийн засгийн нөхцөл байдлыг хэлэлцдэг. Энэ хэлэлцүүлгийн явцдаа хурлаа түр хойшлуулаад байна. Учир нь Эдийн засгийг идэвхжүүлэх тогтоол УИХ-аар хэлэлцэгдэж байгаа. Энэ тохиолдолд эдийн засагт байгаа тоонуудад нэлээн өөрчлөлт орох юм байна. Тиймээс нөхцөл байдал долоо долоо хоногоор өөрчлөгдөж байгаа тохиолдолд хүлээхээр болсон. Тэгээд тогтоол гарсны дараагаар төсөв, төгрөг талдаа гарах нөлөөллийг тооцно. Мэдээж валютын орох урсгал дээр энэ нь хэр эергээр нөлөөлөх нь вэ гэдгийг тооцож үзсэний үр дүнд бид бодлогын хүүн дээрээ өөрчлөх эсэх шийдвэр гаргана. Бодлогын хүү зургаан сарын нөлөөтэй байдаг. Гэхдээ тогтоолын төслийн хэлэлцүүлгийн явцыг харахад УИХ, Засгийн газар төлбөрийн тэнцлийн хүндрэлээс бий болсон эдийн засгийн яаралтай шийдэхэд санал нэгтэй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.
4
-Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотойгоор танд хариуцлага тооцох ёстой гэж зарим гишүүд ярьж байсан. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Хариуцлагын тухайд би өөртөө дүгнэлт өгөх нь буруу байх. Ханшийн хувьд олон нийтэд тогтмол зөв мэдээлж байгаа. Энэ мэдээллийг УИХ, Засгийн газар дээр нээлттэй ярьж байх ёстой. Бидний хувьд нээлттэй хүргэнэ. Гурван жил дараалаад гурван тэрбум ам.долларын хасахтай явсныг бид харж байсан. Валютын орлогын хувьд хийх ажил их байгаа. Монгол банкны тухайд валют оруулах ажил нь гар хумигдмал. Валютыг оруулж ирүүлэх тал дээр хоёр боломж байдаг. Төгрөгийн нийлүүлэлтээ хумих, хүүгээ нэмэх. Энэ нь эдийн засагт сөрөг нөлөөтэй. Өөрөөр хэлбэл хувийн секторын үйл ажиллагааг унагах, эдийн засгаа удаашруулах гэсэн сөрөг талтай. Ийм учраас энэ хоёр сонголтын дунд Монгол банк зогсож байдаг. Бидний хувьд төгрөг талдаа нөлөөлөх нөлөөлөлтэй. Валют талдаа интервенциэс өөр нөлөөлөл байхгүй. Үүнийг бид хийдгээрээ хийнэ, үргэлжлүүлдгээрээ үргэлжлүүлнэ. Цаашдаа Монголын эдийн засгийн хувьд валют ордог урсгалдаа анхаарах нь чухал гэдэг зарчмын санал байна. Бодлогын хүү, мөнгөний нийлүүлэлтээр хувийн секторыг хумьж хүндрүүлэх нь өнөөдрийн хувьд зохимжтой үйлдэл биш.
5
-Валют оруулж ирэхгүйгээр Монголын эдийн засаг сайжрах уу?
-Эдийн засагт эргэлддэг төгрөгийн хэмжээгээр тооцох юм бол тодорхой нэг хэсэг нь гадаад валют орж ирж, төгрөг болж хувирч байж тэнцвэржүүлнэ. Орж ирдэг урсгал зогсчихоор хэцүү л дээ. Ноднин эдийн засгийг эрчимжүүлэхийн тулд Монгол банкнаас мөнгө нийлүүлсэн. Тэр нь зургаан их наяд төгрөг дутаж байхад гурван их наяд төгрөг хаана нь ч хүрээгүй. Энэ жилийн хувьд бид гурван их наядаа ч гэсэн нэлээн танаж, хассан байгаа. Эдийн засагт төгрөг дутагдах нөхцөл байдал валют орох урсгалаас шууд хамааралтай. Тиймээс бид эдийн засгаа идэвхжүүлэхийн тулд гадаад харилцаа, хөрөнгө оруулалт, экспортын бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх явдал. Нийт валютын орлого дээр 300-400 сая ам.доллар нэмэгдүүлэх шаардлагатай.
5
-Арилжааны банк өндөр шалгуур тавьж байна гэнэ, үнэн үү?
-Экспортыг нэмэгдүүлэх, импортыг бууруулах нь өөрөө сул ханш шаарддаг бодлого. Чанга ханш дээр энэ хоёр бодлого байхгүй. Бидний өнөөдрийн 1800 гэдэг ханш гадаад бодлогоо тэнцвэржүүлж байгаа тохиолдолд зөв ханш. Энэ нь экспортыг дэмждэг, импортыг урамшуулдаггүй ханш юм. Тийм учраас энэ нь эдийн засгийн идэвхжүүлэлтэд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байхыг бид хүсч байна. Эдийн засгийг дэмжих 888 гэсэн хөтөлбөрийг тоогоор яриад байгаа. Гэвч үүний ард маш олон төсөл бий. Энэ олон төслүүд зээлийн шалгуураа даагаад гараад санхүүжигдээд яваасай гэж хүсч байна. Банкны шалгуураа даагаад явах юм бол ирээдүйд Монгол Улсын хөгжилд нэмэр болох учиртай.
5
-Засгийн газар, Монгол банк хоёр хамтар санхүүжүүлж байгаа нь хуульд хэр нийцдэг бол?
-Хуулийн хувьд сөрөг талгүй. Монгол банкны үйл ажиллагаанд шалгалт хийсэн. Энэ бол УИХ-ын шийдвэр. Хөтөлбөрүүдийн үр ашиг, оновчтой байдалд нь дүгнэлт хийж, анхаарч ажилла гэсэн үүргийг өгсөн.
5
-Тогтоолын төслийг баталснаар валютын орлого хэр нэмэгдэх вэ?
-Эдийн засгийг идэвхжүүлэх тогтоол нь нэг талаасаа төсвийн урсгал зардлыг бууруулахад чиглэсэн. Энэ нь төгрөгийн нийлүүлэлтээ багасгана гэсэн үг. Нөгөө талдаа аж ахуйн нэгжүүд дээрх орон зай, хүндрэлүүдийг нь суллаж өгөхөөр байгаа. Аж ахуйн нэгжүүд ажлын байраа алдахгүй байх гэсэн зорилгыг агуулж байна. Нөгөө талдаа валютын орох урсгалын хувьд Үнийн удирдлагын хууль ч гэх юм уу, "Оюутолгой", "Тавантолгой" гэсэн том төслүүд дээр урагшлуулах чиглэл өгөгдөж байгаа. Бид гадаадын хөрөнгө оруулалтаас гэж яриад байгаа. Хайгуулын ажлын орлого, уул уурхайн лицензүүдийн орлого энэ бүхнийг чөлөөтэй хэрэгжүүлэх юм.
5
-Энэ тогтоолоор төдий хэмжээний валют орж ирсэн гэсэн багцаалал бий юу?
-Энэ тогтоол биднийг эерэг төсөөлөл рүү чиглүүлэх учиртай. Монгол Улсад жилдээ 8-40 тэрбум ам.доллар орж ирдэг. 2012 оноос хойш валютын урсгал тасраад байгаа нь гол хүндрэл болсон. Валютын ордог урсгал нь тасраад, гардаг урсгал нь хэвэндээ байгаа. Энэ хоёр балансыг барихын тулд ханш маш чухал үүрэгтэй. Ханшны хөдөлгөөн энэ урсгалыг тэнцвэржүүлэх зорилготой. Ханш гэдэг маань урсгалын алдааг зохицуулдаг. Эмчилгээгээр яривал аспирин юм. Бодит эмчилгээ нь тогтоолын дагуу гарах ёстой.
5
Н.Энхбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ