УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай ярилцлаа.
-Говь-Алтай аймагт 270 гаруй чоно агнасан хэрэг гарсан тухай мэдээлэл цацагдаад байна. Экологи, амьтан тэр тусмаа талын саарад чоноо хамгаалья хэмээн хуулийн төсөл өргөн барьж байсан хүний хувьд та үүнд юу хэлэх вэ?
-Үүнд асар их эмзэглэж байна. Өнөөдөр хүн бүр байгаль орчин, ан амьтдаа хамгаалах тухай ярьж байна. Сонгууль дөхөхөөр бүгд улс төржиж ялангуяа улс төрчид нь байгаль хамгаалах төрийн экологийн бодлогоосоо ухарч ан амьтдаа олон зуугаар нь устгаж зэрлэг улс төрийн пиар хийж байна. Энэ бол нийгмийн эмгэнэл. Гэтэл миний нэг ангид тохой нийлүүлэн суудаг хоёр гишүүн маань оролцож 273 чоно агнажээ. Тэдний хийж байгаа үйдэл нь “Бид чоно агнаж, малчид та бүхэндээ тус боллоо. Дараагийн сонгуульд сонгоорой” гэсэн үг шүү дээ. Энэ бол маш буруу үйлдэл. Хэн боловч өнөөгийн нийгэм өөр сэтгэхүйтэй болсон гэдгийг мэдрэх хэрэгтэй болов уу, олон бодгалийн амийг тасална гэдгийг нийгэм яав ч эерэгээр хүлээж авахгүй ээ.
-
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ц.Дашдорж нарыг гишүүний нэг тэрбумаасаа чонын авд хөрөнгө оруулсан гэх юм?
-Гишүүдийн гэх тэрбум төгрөг бол зөвхөн хөрөнгө оруулалтад л зориулагдах ёстой.
-
Та дээрх хоёр гишүүнийг Байнгын хороонд байх эрхгүй гэж хэлсэн юм уу?
-Энэ тохиолдолд би ёс зүйн асуудлыг яримаар байгаа юм. Ж.Энхбаяр гишүүн бид хоёр улс төрөө илэн далангүй ярьдаг. Гэхдээ энэ удаа маш ёс зүйгүй үйлдэл гаргалаа. Байнгын хорооны хуралдаан дээр чоно хамгаалах асуудлыг ярихад дэмжиж байсан. Гэтэл тэр гишүүн маань өнөөдөр тэс өөр үйлдэл хийсэнд харамсч байна. Тиймээс 273 чоно агнасан гишүүн Байгаль орчины байнгын хороонд байх нь ёс зүйд харшилж байна гэдгийг хэлэх гэсэн юм. Нөгөө талаас Монголын улс төрийг нэр цэвэр байлгана гэдэг бол ёс зүйн хэм хэмжээ. МАН-ынхан сая ёс зүйн өндөр хэмжээг тусгасан дүрмээ баталсан гэсэн. Тэгвэл МАН-ын нөхдөө, Ерөнхий сайд С.Батболд оо, танай хоёр гишүүн чинь ёс зүйн том алдаа гаргалаа. Сая та бүхэн бага хурлаараа баталсан ёсзүйн дүрэм чинь тунхаг маягаар байх уу, үнэхээр цэвэршихэд чинь тус болох уу гэдгийг одоо л харах цаг болж дээ гэдгийг хэлмээр байна.
-
Энэ байдлыг эерэг талаас нь яривал гишүүд малчдадаа тусалсан юм биш үү?
-Үгүй. Энэ бол арга ядсан пиар. Алгуур малчдад дэм биш хор болох зүйл хийж байна.
-
Таны чоно хамгаалах хуулийн төслийг Засгийн газраас буцаачихсан гэл үү?
-Тэгсэн. Малчдын амьдралд чонон сүргийн бүтэц нягт холбоотой байдаг. Чонын тоо толгой цөөрөх тусам малчин хүний амьдрал доройтдог. Чоно гэдэг амьтан хээр талд явж байгаа зээрийн сүргийг шүлхийгээс сэргийлдэг. Зээрийн сүрэг эрүүл байх нь мал эрүүл байна гэсэн үг. Агнуурын амьтдын жагсаалтад чоныг оруулах хэрэгтэй. Шинжлэх ухааны байгууллагын судалгаан дээр үндэслэж агнуурын тоо толгойг тогтоож байх хэрэгтэй. Түүнээс нэг аймгийн албан тушаалтны дур зоргоор хяналтгүй агнаж болохгүй. Энэ үүднээсээ миний барьсан хуулийн төсөл бол маш чухал ач холбогдолтой байсан. Харамсалтай нь Засгийн газраас дэмжээгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ