
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ.
Гишүүдийн олонхи дээрх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Дараа УИХ-ын гишүүн З.Энхболд, С.Эрдэнэ өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. УИХ-ын гишүүн Н.Ганбямба, сонгогч илүү санал өгөх оролдлого хийсэн, сонгуулийн дүнг будлиантуулсан тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэх юм байна.
Үнэ бүхий зүйл өгөхийг хориглох нь. Сонгуулийн үеэр нэр дэвшигчид сэтгүүл гарган тараадаг. Түүнийг тараахаар үнэ бүхий зүйлд орчих юм биш биз дээ хэмээн лавласан. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, энэ асуудлыг сонгуулийн хууль хэлэлцэх үеэр ярилцаж болох байх гэж хариулсан юм.
Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийн баталсан бөгөөд "Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2011, 2012 оны төсвийн тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг мөн хаалттай хийсэн.
"Газрын тосны салбарын талаар төрөөс баримтлах бодлого, 2015 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан "Дээд боловсролын шинэчлэлийн төсөл"-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ