Алдаагаа давтахгүй байвал хүндрэл гүнзгийрч хямрал болохгүй

img

Эдийн засгийн хүндрэлийг хямрал болгохгүйн тулд УИХ-аас “Эдийн засгийн идэвхижлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталсан. Тодруулбал, 100 хоногт багтаан эдийн засгийг идэвхижүүлэх дээрх тогтоолыг хэрэгжүүлж эхлэхэд өдгөө 96 хоног үлдээд буй юм. Хийгдэх ажлуудын тухайд, гадаад валютын урсгалыг сайжруулах, хувийн хэвшлийг дэмжиж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөгжлийн бодлогыг сайжруулах, хөгжлийн зээл, санхүүжилтийг нэмэгдүүлэх, төрийн өмчийн удирдлагын тогтолцоог шинэчлэх зэрэг өнөөдөр эдийн засгийг хүндрүүлж байгаа асуудлуудын хүрээнд тодорхой ажлууд хийж хэрэгжүүлэхээр болжээ. Эдийн засгийг идэвхижүүлэх эдгээр ажлуудын гол санаа нь өмнөх алдаагаа засч залруулахад оршиж буй аж.

1

Төсвийн урсгал зардлыг 20 хувиар бууруулна

1

Гадаад валютын урсгалыг сайжруулах, санхүү эдийн засгийн эрсдлээс сэргийлэх арга хэмжээний хүрээнд нийтдээ 9 ажил хийхээр төлөвлөсөн. Заримаас нь онцлоход, энэ оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах. Ингэхдээ ямар нэгэн аргаар төсвийн урсгал зардлыг 20 хувиар бууруулснаар 1.1 их наяд төгрөгийн хэмнэлт бий болгох юм. Мөн төсвийн тооцоонд төгрөгийн ам.доллартай харьцах ханшийг 1384 төгрөгөөр ашиглахаар заасныг өөрчилж, бодитой болгох юм байна.

1

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж, хайгуулын ажлыг сэргээх үүднээс хүчингүй болсон, цуцлагдсан, маргаантай байгаа 300 гаруй лицензийн асуудлыг шийдэх аж. Ингэснээр 100 гаруй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа сэргэх боломжтойн дээр хайгуулын ажиллагаа сэргэснээр 1-1.5 тэрбум ам.долларын жижиг, дунд хэмжээний гадаадын шууд хөрөнгө оруулалт татах нөхцлийг бүрдүүлэхээр тоцоо гарчээ.

1

Уул уурхайн салбарт хийгдэх ёстой бас нэг томоохон ажил нь Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг түргэтгэх, бодлогын дэмжлэг үзүүлэхээр болсон байна. Төслийн санхүүжилтийг ойрын хугацаанд хийснээр хөрөнгө оруулагчдын итгэл сэргэнэ гэж үзжээ. Үүнээс гадна Тавантолгойн төслийг түргэтгэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн зэрэгцээ тулгамдаж буй дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг оролцуулах аж. Энэ нь дунд хугацаанд 3-5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх, угаасан нүүрс үйлдвэрлэснээр экспортыг төлөвлөсөндөө буюу 30 сая тонн хүргэх бодит боломж бүрдэнэ гэж тогтоолд тусгасан байв. Дэд бүтцийн тухайд Тавантолгой-Гашуунсухайт, Нарийн сухайт-Шивээхүрэнгийн чиглэлд төмөр зам тавьснаар нүүрсний олборлолтын зардлыг тонн тутамд нь 10 ам.доллароор бууруулах боломжтой аж. Энэ нь жилд 200-300 сая ам.долларын хэмнэлтийг бий болгох юм.

1

Энэ мэтчилэн эдийн засгийг идэвхижүүлэхэд нэгдүгээрт бичигдсэн дээрх тогтоолын арга хэмжээний хүрээнд уул уурхайн салбараас гадна аялал жуулчлалтыг хөгжүүлэх, эндээс орох орлогыг нэмэгдүүлэхэд чиглдсэн арга хэмжээнүүдийг мөн багтаасан байв.

1

Орлогын албан татварыг нэг шатлалтай болгоно

1

Харин бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хувийн хэвшлийг дэмжих арга хэмжээгээр нийтдээ 8 ажлыг төлөвлөжээ. Үүнээс хамгийн их анхаарал татаж буй ажил нь иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах, татварын хөнгөлөлт үзүүлэх юм байна. Тодруулбал, ашигт малтмалын бус секторт ажиллаж байгаа аж ахуйн нэгжид орлогын албан татварыг нэг шатлалтай болгох буюу 10 хувиар тогтоожээ. Энэ нь татварын ачаалал буурч, хувийн хэвшлийнхэнд үйл ажиллагаа явуулахад дэмжлэг болох бөгөөд ирээдүйд татвар төлөлт ил тод болох давуу талтай гэлээ. Мөн жилд 1.5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой аж ахуйн нэгжүүдэд тодорхой шалгуур үзүүлэлтийг тавьж, төлсөн татварынх нь 90 хувийг буцаан олгох аж. Түүнчлэн НӨАТ-ын босгыг 10-аас 50 сая болгон нэмэгдүүлэх, татварын тайланг жилд нэг удаа болгох зэрэг асуудлыг тусгажээ.

1

Далд эдийн засгийн ил болгох ажлын хүрээнд эдийн засгийн өршөөлийн хуулийг өргөн мэдүүлэхээр болсон байна. Үүний зэрэгцээ аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, 900 орчим тусгай зөвшөөрөл байгааг 400 хүртэл бууруулахаар болжээ. Давхацсан хяналт шалгалтыг багасгаж хувийн хэвшлийн үйл ажиллагаанд учирдаг дарамтыг бууруулахаар болсон байна.

1

Гаднаас нэмж 3 тэрбум ам.доллар татна

1

Гуравдугаарт авах арга хэмжээнд Хөгжлийн бодлого, хөгжлийн зээл санхүүжилтийн асуудал юм байна. Манай улсын гадаад өр ДНБ-ийн 40 хувиас давсан. Гэсэн хэдий ч эдийн засгийг идэвхижүүлэх тогтоолын хүрээнд нэмж 3 тэрбум ам.долларын эх үүсвэрийг гаднаас татахаар болжээ. Үүний тулд Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэх аж. Уг хуулийн төсөлд олон улсын зах зээлд арилжаалсан Засгийн газрийн үнэт цаасны хөрөнгийн зарцуулалтыг ил тод болгох юм байна. Ийнхүү нэмэлт санхүүжилт татсанаар гадаад өр ДНБ-ийн 70 хувьд хүрэх бөгөөд үүнийг хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх үеэр өрийн хэмжээ нэмэгддэг нь бусад улсад ч тохиолддог асуудал болохыг эдийн засагчид тайлбарлаж байв. Гэхдээ Чингис бондын хөрөнгө шиг ихэнх санхүүжилтийг зам барихад зарцуулбал ямар ч үр ашиггүй болохыг тэд хэлж байсан. Тодруулбал, 5 жилийн дараа төлөх зээлийн хөрөнгөөр зам барихын оронд, уул уурхайн нэмүү өртөг шингээх бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийг байгуулах зэрэг богино хугацаанд эргээд үр ашгаа өгөх зүйлд зарцуулах хэрэгтэйг тэд зөвлөж байсан юм. Түүнчлэн санхүүжилтийн зарцуулалтыг олон нийтэд ил тод байлгах нь хамгийн чухал гэлээ. Иймд, гуравдугаарт авах арга хэмжээний асуудалд Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан, төсвийн гадуурх бондын зарцуулалтыг төсөвт тусгадаг байх шаардлага тавьжээ.

1

Мөн Концессийн зарчмаар буюу төр хувийн хэвшлийн түншлэлээр ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр зам, хурдны авто зам байгуулахаар тусгасан байв.

1

Түлш, эрчим хүчний үнийн тарифыг чөлөөлөхөөр болжээ

1

Тэгвэл эдийн засгийн идэвхижлийг нэмэгдүүлэх арга хэмжээний хүрээнд хийгдэх сүүлийн арга хэмжээнд Төрийн өмчийн удирдлагын тогтолцоог шинэчлэхийн тулд 3 ажлыг хийхээр тусгасан юм. Энэ нь өнөөдөр төрийн өмчид байгаа 94 компанийн удирдлагын тогтолцоог шинэчлэх буюу аль нэг нам ялахад дагаад дээрх компаниудын ТУЗ нь өөрчлөгддөг байдлыг болих аж. Үүгээрээ засаглалын ил тод байдлыг хангах, Засгийн газар ТӨК-уудтай татвар ногдуулах, ногдол ашиг хуваарилах зарчмаар л харилцдаг болох юм байна. Үүний тулд ТӨК-ийг хамгийн ашигтай, оновчтой байдлаар ажиллуулж буй Сингапурын “Темасек” компанийн туршлагыг авч хэрэгжүүлэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, тус улсаас арга зүйн туслалцаа аван, хүмүүсээ сургаж, “Мон-Темасек” загвараар төрийн өмчийн удирдлагын тогтолцоонд өөрчлөлт хийнэ гэлээ. Энэ нь хэтдээ өнөөдөр маш их алдагдалтай ажилладаг ТӨК-уудын өгөөжийг өсгөж, гадаад дотоодын хөрөнгө оруулалт татах боломж олгох аж.

1

Үүнээс гадна олон жилийн турш төрөөс барьсаар ирсэн түлш, эрчим хүчний үнийн тарифыг чөлөөлөхөөр болжээ. Энэ салбарын хөрөнгө оруулалтын сайжруулах, эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох зэрэг үндэслэлээр ийм шийдвэр гарсан байна. Эхний үед компаниуд алдагдлаа нөхөх үүднээс эрчим хүчний үнэ 30 орчим хувиар нэмэгдэж болзошгүйг мэргэжилтнүүд хэлсэн. Гэхдээ цаашдаа ахин ойр ойрхон нэмэгдэхгүй, харин ч ашигтай ажилладаг болвол бага үнэтэй эрчим хүч хэрэглэнэ гэлээ.

1

А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

monhol:
yumnii une osgoj.ard tumniig doroituuldag ny medeej man iin hiij bga ajil shuu dee.man zasgaas buugaad 2 jil bolohod.an 70 jil buteegeegui zam zasvar buteen baiguulalt hiij baina.
2014-05-12
teneg :
tomchuud oorsdiinhoo bankand bgaa 6 terbum $ garaad zasagiin gazardaa baga huutei zeel bolon shuudee oorsdoo mash ih $ bolhoor l $ osoj ediin zasagiig haymaarj bn shuudee
2014-05-11
mb mb:
zow shiidwer bn demjij bn
2014-05-11
mb mb:
zow shiidwer bn demjij bn
2014-05-11
mb mb:
zow shiidwer bn demjij bn
2014-05-11
mb mb:
zow shiidwer bn demjij bn
2014-05-11
mb mb:
zow shiidwer bn demjij bn
2014-05-11
mb mb:
zow shiidwer bn demjij bn
2014-05-11
mb mb:
zow shiidwer bn demjij bn
2014-05-11
эсэргүүцэж байна:
аймшигтай мэдээ. өр тавина. ард түмнээ шулна гэсэн л хөтөлбөр байна. айл өрх албан байгууллагын цахилгаан дулааны үнэ 30% нэмэгдэнэ. ер нь энэ алтанхуяг буувал таарна. эсэргүүцэж байна.
2014-05-11