
12 дугаар сар 11-ээс 12-р сарын 13-ны өдрүүдэд НҮБ-ын ивээлд Соёл Иргэншлийн Холбооны 4-р чуулга уулзалт Катарын Доха хотноо эхлэх гэж байна. Дэлхийн олон соёлын хооронд энхтайванч харилцааны уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор Турк, Испанийн Засгийн газрууд Соёл Иргэншлийн холбоо байгуулах санаачилгыг 2005 оны НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр гаргасан нь олон улс орнуудын дэмжлэгийг хүлээсэн билээ. Улмаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын захирамжаар шинжээчдийн баг байгуулсан нь энэхүү холбооны үйл ажиллагааны эхлэл болжээ.
Уг холбооны Дээд төлөөлөгчөөр Португалийн Ерөнхийлөгч асан Жорж Сампайо ажиллаж байна.
Дохагийн чуулга уулзалтад улс төр, бизнесийн лидерүүд, иргэний нийгэм, залуучууд, шашин судалгааны хүрээлэн, сангууд, сэтгүүлчдийн төлөөлөл оролцож дэлхийн өмнө тулгарч буй улс үндэстнүүдийн харилцан ойлголцлыг бэхжүүлэх хүрээнд олон асуудлыг хэлэлцэх гэж байна.
Энэхүү чуулга уулзалтын үеэр Монгол Улс “Ардчилал ба соёл иргэншлүүдийн хоорондох нийтлэг үндэслэлийг ойлгоход ардчиллын боловсролын үүрэг” сэдэвт хуралдааныг зохион байгуулж, хуралдааныг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж даргалах болно.
Мөн Ерөнхийлөгч “Хөгжил дэвшилд соёлын олон төрлийн үзүүлэх нөлөө”, “Хөгжлийн зорилтуудыг урагшлуулахад итгэлцэл, хүлээцтэй хандлагыг эрхэмлэх нь” сэдэвт бүгд хуралдаанд оролцож, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Х.Фишер, Катар Улсын Эмир Шейх Хамад Бин Халифа Аль-Тани, Соёл Иргэншлийн холбооны Дээд төлөөлөгч Жорж Сампайо болон албаны бусад хүмүүстэй хоёр талын уулзалтууд хийхээр төлөвлөөд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ