“Гоолингоо” өнөөдөр үзлэгт орно
Драмын урлагийн шилдгийг тодруулдаг “Гэгээн муза-11” наадмын II шатны үзлэг өчигдөр эхэлж, “Чоно ба долоон ишиг”, Кихот ноён” жүжгүүд тавигдсан.
Тэгвэл өнөөдөр дуулалт жүжгийн төрөлд өрсөлдөж буй Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулгын уран бүтээл “Гоолингоо” жүжиг 15:00 цагт Улаанбаатар чуулгын тайзнаа тоглогдоно. Энэхүү жүжгийн уран бүтээлчид “Гэгээн муза-11” наадмын таван номинацид нэр дэвшин өрсөлдөж байгаа юм.
:
Мөн уг төрөлд нэр дэвшсэн Увс аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээл “Ээрэн хүрээ” дуулалт жүжиг 19:00 цагт УДЭТ-ын тайзнаа амилах юм байна. Уг жүжгийн уран бүтээлчид шилдэг тайзны зураач, хөгжмийн зохиолч, шилдэг эрэгтэй, эмэгтэй гол дүр номинацид өрсөлдөнө.
.
“Гэгээн муза-11” наадмын Ерөнхий шүүгчээр Төрийн соёрхолт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар ажиллах бол шүүгчдийн бүрэлдэхүүнд “Гэгээн муза” академийн ерөнхийлөгч, Ардын жүжигчин С.Сарантуяа, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, УГЗ Б.Лхагвасүрэн, найруулагч УГЗ Ч.Ганхуяг, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны тэргүүн, УГЗ Б.Бямбабаяр, “А Пласс” студийн захирал, СТА Т.Аянга нар багтжээ. Мөн УДЭТ-ын зураач, СТА Т.Ганхуяг, Урлаг судлалын ухааны доктор, дэд профессор, театр судлаач СТА Д.Батсайхан, Урлаг судлаач, профессор Д.Мягмарсүрэн, АНУ-ын төрийн департментийн харьяа Олон улсын театрын хүрээлэнгийн шүүгч, найруулагч, жүжигчин, продюсер Элизабет Хэсс, ОХУ-ын шилдэг залуу 10 найруулагчийн нэг Тува улсын найруулагч Сюзанна Ооржик нар ажиллаж байна.
:
Харин наадмын эксперт шүүгчээр ССАЖ-ын сайдын зөвлөх, Төрийн соёрхолт, жүжигчин Ц.Төмөрбаатар, Хүүхдийн төлөө үндэсний газрын хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын дарга Х.Баавгай, Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын найруулагч Д.Доржсүрэн нар тодорчээ.
.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ