
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл нэрээ бас удирдлагаа солив. Бүтэн өдөр, шөнө үргэлжилсэн XV их хурлаар Монголын Сэтгүүлчдийн Эвлэл болж, зохиолч, сэтгүүлч Б.Галаарид үйлдвэрчний чиг баримжаатай уг ТББ-ыг удирдахаар болж Т.Баасансүрэн эрхэм үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөр боллоо. Сүүлийн саруудад шүүмж үгс нэлээд дуулах болсон энэ эрхэм цаашид ямар ч сонгуульт албан тушаалд нь нэрээ дэвшүүлэхгүй, өөрийнх нь туршлага, мэдлэгийг хэрэгтэй гэж үзвэл зөвлөх байдлаар ажиллаж болох юм гэж байсан.
Мөн байгууллагын Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр МҮОНТ-ийн захирал Ц.Оюундарь, хоёр дэд ерөнхийлөгчид "Өнөөдөр" сонины сэтгүүлч Д.Заяабат, Орон нутгийн сэтгүүлчдийн холбооны тэргүүн Ц.Шаравдорж нар сонгогдов. Мөн Хяналтын зөвлөлийн долоо гишүүн, Гүйцэтгэх хорооны 19 гишүүнийг сонгов.
“Шинэ үе, шинэ сэтгэлгээ” түр хорооны санал, шаардлагын дагуу зохион байгуулагдсан Их хурлаар байгууллагын шинэчилсэн дүрмээ батлав. Хурлыг зохион байгуулах ажлын хэсгээс боловсруулсан дүрмийн өөрчлөлтүүдтэй холбоотой шүүмж, саналууд ихээхэн байсан юм. Гэхдээ хуралдаанаа нэг өдөрт багтаах учиртай тул Дүрмээ зүйл заалт бүрээр нь хэлэлцэлгүй, нэгдсэн байдлаар оролцогчдын санал, бодлыг сонсоод, батлах эсэх талаар нэгдсэн санал авч, батлав.
Нэг талаас сэтгүүлчдийн байгууллага юу ч хийдэггүй гэсэн шүүмжийн цаана мөнгө санхүүгийн хувьд ядруу, гишүүн сэтгүүлчид нь сар бүр гишүүний хураамж гэгдэх 1000 төгрөгөө төлдөггүй тухай яригддаг бол дүрмийн өөрчлөлтөд гишүүдийн татварыг сар бүр 2000 төгрөг байхаар тогтлоо. Харин ахмад сэтгүүлчдийн хувьд 50 хувийн хөнгөлөлттэй буюу 1000 төгрөг хэвээр үлдээж байна.
Зохион байгуулагчдын хэлж буйгаар Их хурал гэхээр л сэтгүүлч гэдгээ мэддэг, тайзан дээр гардаг, ярьдаг байх биш. Өөрсдийн байгууллагынхаа хараат бус үйл ажиллагааны төлөө гишүүн бүр нь татвараа төлж занших хэрэгтэй гэдгийг хэлж байв.
Мөн "Эрүүл сэтгүүл зүй" ТББ-аас хэвлэл мэдээллийн байгууллага бүр дэргэдээ Үйлдвэрчний эвлэлтэй болох ёстой хэмээн байр сууриа илэрхийлсэн. Их хуралд оролцогчид үүнийг бүрэн дэмжиж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ