Элдэв бэрхшээлээс эргэлтийн хөрөнгийг чухалчлав
Эдийн засгийг идэвхижүүлэхээр 100 хоногт хийх ажлуудын нэгэнд жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжих асуудал багтсан. Тиймээс өнөөдөр УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлэг Хөдөлмөрийн яамтай хамтран Жижиг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг Төрийн ордонд зохион байгуулав. “Танд ямар бэрхшээл байна” сэдвийн дор зохион явуулсан тус чуулганд 800 орчим жижиг бизнес эрхлэгч эмэгтэйчүүд болон Татварын ерөнхий газар, ГЕГ, Зээлийн батлан даалтын сан, МХАҮТ, Ажил олгогч эздийн холбоо, МХЕГ, ТОСК, НДЕГ, УБЕГ зэрэг төрийн байгууллагын төлөөллүүд оролцсон юм.
4
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг чуулганыг нээж үг хэлэхдээ Монголын эмэгтэйчүүдийн холбооноос жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн дунд хийсэн судалгааны дүнг танилцуулав. Улаанбаатар хотын нийт жижиг бизнес эрхлэгчдийн 60 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Эдгээрийн 60 гаруй хувь нь 40-55 насныхан бөгөөд ажил эрхлэлтийн байдлаас харахад оёдол, сүлжмэл эдлэл, ахуйн үйлчилгээ, нийтийн хоол, аялал жуулчлал, гар урлал, бэлэг дурсгал, эсгий эдлэл зэрэг салбарт голдуу ажилладаг байна. Түүнчлэн барилга, арьс шир, модон эдлэлийн бизнест хүртэл эмэгтэйчүүдийн оролцоо их байгааг судалгаагаар тогтоожээ. Тус судалгаанд оролцогсдын 23 хувь нь зээлийн хүү хэт өндөр гэж хариулсан байна. Үүнээс үзэхэд жижиг бизнес эрхлэгчдийн өмнө тулгамдаж буй гол асуудал нь эргэлтийн хөрөнгө болоод байгааг УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга хэлэв. Түүнчлэн чуулганы үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжихийн тулд НӨАТ төлөх босго 10 сая төгрөг байсныг 50 саяд хүргэх, 1.5 тэрбум төгрөгнөөс доош жилийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийн төлсөн татварын 90 хувийг жилийн эцэст буцаан олгох тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барьсан тухай дуулгав. Мөн тэрбээр жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гаалийн татвар болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг Засгийн газар өргөн барихаар шийдвэрлэсэн бөгөөд УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд багтаж хэрэгжүүлнэ гэдгээ ч хэллээ.
5
Чуулга уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Г.Уянга “Гадаадад үндэсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээ төрөөс нь дэмжиж, нэгдсэн зохион байгуулалтад оруулан, бүтээгдэхүүнийг нь борлуулах байрыг гаргаж өгдөг. Үүгээр нь жуулчид их очиж, бүтээгдэхүүнийх нь эрэлт өндөр байдаг. Харин манайд ийм зүйл алга байна” хэмээсэн юм. Энэ асуудлыг чуулганд оролцож байсан эмэгтэйчүүд дэмжиж, бүтээгдэхүүнээ борлуулах асуудлыг шийдэж өгөхийг төрөөс хүсч байлаа. Түүнчлэн тэд түрээслэгчид дуртай үедээ түрээсийн үнийг нэмдэг асуудлыг цэгцэлж, Түрээсийн тухай хуулиа түргэвчлэхийг эмэгтэй гишүүдэд уламжилж байсан юм. Цаашлаад жижиг бизнес эрхлэгч эмэгтэйтэйчүүдэд хүүхэд харах цэцэрлэгийн хүрэлцээ муу, бизнес явуулахад хяналт шалгалт, дарамт ихтэй, сүлжээний бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан бодлого үгүйлэгдэж байгаа зэрэг олон асуудал тулгамдаж байгааг чуулганы үеэр ярьж байсан юм.
5
Чуулга уулзалтаас гарсан саналуудыг УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлгээс нэгтгэн, цаашид тулгамдаж буй асуудлуудыг нь шийдэхээр төлөвлөжээ.
5
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ