Г.Жамсрандорж: Цацраг нөлөөлөх үндэс байхгүй
Доктор Галсангийн Жамсрандорж. Энэ хүнийг Монголын геологи хайгуулийнхан андахгүй. 1970-1975 онд Эрхүүгийн Политехникийн дээд сургуулийг төгсөж, ЗХУ-ын Москва хотын геологи хайгуулын дээд сургуульд дэд эрдэмтний зэргийг 1984-1988 онд хамгаалсан. Мэргэжлээрээ тасралтгүй 40 орчим жил ажиллаж байгаа тэргүүний геологичдын нэг юм. Тэрээр Дарханы алтны экспедицид геологичиор, мөн Дорнодын ураны ордод ажиллаж байсан, Өлөнт-цамхагийн алтны шороон орд, Заамарын бүлэг ордыг нээсэн гавьяатай нэгэн билээ. Монгол Улсын алт, уран зэрэг ашигт малтмалын тооцоо болон ашигт малтмалын тархалтын зүй тогтлын чиглэлээр судалгаа хийж 40 орчим эрдэм шинжилгээний өгүүлэл, дөрвөн ном, товхимлыг бичсэн байна. Мөн Геологийн түгээмэл нэр томьёоны орос-монгол толь, Геологийн нэр томьёоны орос-монгол-англи товч толь-ийг анх санаачлан хэвлүүлж геологичдын хүртээл болгож байсан хүн юм. Жамсрандорж гуай Алт, молибден, ураны ордуудын хайгуулын ажлыг удирдан хийлгэж байсны дээр ашигт малтмалын нөөцийн тооцоо хийх асар их туршлага хуримтлуулжээ. Ашигт малтмалын эрэл хайгуулын болон металло-генийн чиглэлээр зөвлөгч хийж байгаа гээд түүний ажлын туршлагыг дурдаад байвал маш урт жагсаалт хөвөрнө.
:
Энэ удаа түүнтиэй уулзахдаа сүүлийн үед хэвлэлээр гарах болсон ураны буюу цацраг идэвхт ашигт малтмалын талаар ярилцаж цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглах ньхүрээлэн байгаа орчинд ямар нөлөөтэй вэ гэдгийг асуухыг зорьлоо. Ингээд Монголын үйлдвэрлэлийн геологичдын удирдах зөвлөлийн гишүүн, МУ-ын гавьяат геологич Г.Жамсрандорж гуайтай ярилцсанаа хүргэе.
:
Одоо ч Мардайд уран хүдрийг ил овоолчихсон, хажууд нь иргэд малаа хариулаад явж л байна.
.
-Та геологи уул уурхайн салбарт хэдэн жил ажиллаж байна вэ?
-Би Эрхүүгийн политехникийн дээд сургууль төгсөж ирээд өнөөдрийг хүртэл тасралтгүй 39 дэх жилдээ энэ салбарт ажиллаж байна даа.
:
-Танай салбар ч бас ашигт малтмалаасаа хамаараад олон чиглэлтэй болчихжээ. Таны хувьд аль чиглэлээр нь ихэвчлэн ажилласан бол?
-Би ч мэргэжлээрээ төгсч ирснийхээ дараагаар Дарханы геологийн ангид хуваарилагдаж очиж байлаа. Ер нь бол алтны чиглэлээр 30 шахам жил ажилласан даа. Харин сүүлийн 10 гаруй жил уран дээр ажиллаж байна.
:
-Нээрээ таныг Дорнодын ураны орд дээр ажиллаж байсан цөөхөн монгол хүний нэг нь байсан гэж ярих юм билээ. Та ямар ажил гүйцэтгэж байсан бэ?
-Мардайн гэдэг нэрээр монголчуудын дунд танил болсон Дорнодын ураны ордод 7 жил орчим ажилласан. Оросууд энэ ордын хайгуулыг хийгээд 1989 оноос эхлэн олборлож байгаад 1996 онд гараад явсан. Дараа нь оросууын хайгуул, олборлолтын мэдээллийг олон улсын түвшинд болгон өөрчлөх тэдний ажлыг магадлан шалгах зорилгоор Канадын компанид ажиллаж, уран бүхий чулуун материалтай өдөр бүр ажилладаг байлаа. Тэр үед нэмэлт хайгуулын анхдагч материалуудыг нь бэлтгэхээс эхлээд тайлан бичих хүртэл бүх процесс дээр нь ажиллаж байсан даа.
:
-Дорнодын ураныг ил аргаар олборлосон гэдэг. Ямархуу байдалтай олборлож байсан юм бол ?
-Ураны хүдрийн 2-"б", "в" гэсэн хоёр хүдрийн биетийг оросууд ил аргаар олборлож байсан юм билээ. 1989 онд оросуудын ашиглаж эхэлсэн Дорнодын ураны ил уурхай одоо ч ил хэвээрээ л байгаа. Нийт 120-иод метрийн гүнтэй. Оросууд тэндээс 280 км газар луу буюу При-Аргуньск руу хүдрээ ямар ч боловсруулалтгүйгээр төмөр замаар тээвэрлээд аваад явж байсан юм. 300 орчим км газарт тээврийн зардлаа даах хэмжээний ашигтай хүдрийг олборлон авч байсан гэж гарч байгаа юм. Бага агууламжтай хүдрүүд нь одоо ч тэндээ овоолгоостой байгаа. Газар дээрээ 200 орчим мянган тонн хүдэр байж байгаа юм. Одоо ч тэр бороо усанд нороод , хажуугаар нь зээр бэлчээд, малчид үхрээ хариулаад л байж байна. Өмнө нь монголчууд тэндээ байж л байсан. Одоог хүртэл тэнд малчид малаа хариулаад л байж л байна. Тэр хавийн хүмүүс уранд хордлоо гэж ярьдаггүй шүү дээ.
:
-Мардайн ураныг олборлож байх үед нэлээн хэл ам гарч байсан гэдэг юм билээ?
-Ордыг хаах үед "Мардайд уранаас болж их юм болж байна" гэж 1996 оны үед яригдсан юм. Тэр үед холбогдох яамныхан, мэргэжлийн хяналтын комиссынхон ирж шалгаад "Цацрагийн төвшин хүний биед сөргөөр нөлөөлөх хэмжээнд биш байна" гэсэн дүгнэлт гаргасан байдаг юм.
:
- Ингэхэд ер нь уран ямар үедээ хүний биед хортой вэ?
- Уран гэхээр л манайхан атомын бөмбөг, дэлбэрэлт гэсэн шүү юм эхэлж бодогддог шиг байгаа: юм. Яахав, дээр үед л иймэрхүү ойлголт өгсөн нь зарим хүмүүст хоногшчихгүй юу даа. Ер нь бол уран, цацраг идэвх , ураны хүдэртэй ойр л байвал хүний биед хортой гэсэн буруу ойлголт манай иргэдэд бас байна. Гэхдээ ураны агуулга ямар байхаас, бас хэдий хир түүнтэй ойр байж, байнга харьцахаас л түүний хортой нөлөөлөх эсэх нь мэдэгдэхээс биш, тэр болгон хортой гэвэл эндүүрэл болно. Уран, түүний задралын үр дүнд үүсч байгаа цацраг бол нарнаас ялгаруулан гарч байгаа цацрагтай яг адилхан. Наргүйгээр амьдралыг төсөөлж болохгүй биз дээ. Түүн шиг цацрагыг дан ганц хортой гэвэл бас л эндүүрэл. Нарны шарлага хэтэрвэл наранд цохиулдагийн адил цацраг хэтэрвэл мэдээж аюултай. Тэгэхдээ асар их тунгаар удаан хугацаагар гамма цацрагт өртвөл хүний цусны бөөмөнд өөрчлөлт орж амь насанд аюул учирдаг. Харин ураны хүдрийн хувьд ялангуяа манай орны ядуувтар агууламжтай ураны хүдрийн хувьд тийм зүйл ерөөсөө байхгүй.
:
-Та геологийн ажлын туршлага судлахаар олон улс оронд очиж байсан байх. Гадаад улс орнуудын хувь ураны ордууд нь хэрхэн үйл ажиллагаагаа явуулдаг тухай , бас иргэд нь цацрагаас яаж хамгаалагддаг талаар сонирхож байв уу ?
-Тийм ээ, би Америк, Канад, Казахстан зэрэг олон оронд очиж байлаа, Мэдээж мэргэжлийнхээ чиглэлээр. Жишээлбэл, 1992 онд АНУ дахь ураны ордод очиж үзэж байсан. Ураны ордтой зэрэгцээд хүмүүс нь амьдраад, мал нь бэлчээд, машин нь давхиад л явж байдаг юм билээ. Канадад ч мөн л адилхан. Би Дорнодын уурхайд Канадуудтай ажиллаж л байсан. Тэгэхэд канадууд энэ талаар сүйд болоод байдаггүй л юм билээ. Энэ улсын иргэд чинь уул уурхайг сайн мэдэх ёстой хүмүүс шүү дээ. Монгол Улсыг уран олборлогч гүрэн болгохгүй гэсэн гадаад гүрний ашиг сонирхлыг тээгчдийн ажил уу гэж гайхах юм.
:
-Дорноговь аймгийн Дулаан-Уул орчмын ураны ордын эргэн тойронд мал, амьтаны гажиг төрөлт үүсээд байна гэж иргэний хөдөлгөөнийхөн ярьж байна. Малын гажиг төрөлт нь тэндхийн урантай холбоотой байж болох уу ?
-Дорноговьд байгаа ураны ордын хүдэр дэх ураны агууламжийн хэмжээ Дорнодынхыг бодвол агуулга нь бараг мэдэгдэхгүй шахуу, маш "ядуу" шүү дээ. Дорнодын хүдэр 0,2 хувь хүртэл агуулгатай байдаг. Тэнд цацрагийн багаж хаа сайгүй ажилладаг. Тэгвэл Дорноговийн "Дулаан-Уул"-ын ураны ордын уран дахь хүдрийн агуулга үүнээс 10 дахин бага буюу 0,02 хувь байдаг. Тэгээд дээр нь газрынхаа гүнд байгаа. Дорнодын ураны ил уурхай шиг ил гаргаж олборлоод байсан зүйл байхгүй л юм билээ.
Дорноговийн хувьд газрын гадаргуу дээрээ аюултай түвшний цацраг байхгүй гэж болно. Тэнд хэдэн зуун жил хүмүүс амьдраад , малаа маллаад явж байсан. Цацрагаас болж нэг доор байгаа хэрнээ зарим мал нь хээл хаядаг, гажигтай төл гаргадаг, харин бусад хүн амьтанд нь нөлөөлөхгүй байна гэж ву байхав. Ингэж байж болоно гэж тогтоосон зүйл шинжлэх ухаанд ч байхгүй. Хэрэв үнэхээр хортой нөлөө байгаа бол тэнд хайгуул хийж байгаа Кожеговь компанийнханд тэр цацраг нь нөлөөлдөггүй болж таарч байна уу. Тийм юм гэж хаа ч байхгүй. Зүгээр энгийнээр бодоод үз дээ. Дорноговийн Дулаан-Уулын уранаас 10 дахин илүү их агуулгатай Дорнод дахь Мардайн ураны ордын хүдрийг оросууд ил гаргаж олборлосон. Хэрэв ураны хүдрийн нөлөө ийм айхтар тусдаг л юм бол Дорнод аймгийн Дашбалбар, Баяндунгийн мал, үхэр, хүмүүст нөлөөлмөөр л юм. Гэтэл тийм зүйл байхгүй л байна. Тэр иргэний хөдөлгөөнийхөн хайгуул хийхээр цацраг нь газар дээр ил гараад ирдэг юм шиг яриад байна лээ. Ингэж мэдэхгүй зүйлээ зохиож ярьж, өөрсдийгөө доош нь хийж, онигоонд оруулж болохгүй шүү дээ. Юу ч мэддэггүйгээ л харуулж байгаа хэрэг. Канадын ордууд дахь хүдэр л гэхэд 15 хувь хүртэл маш өндөр агуулгатай байдаг. Манай ураны хажууд энэ нь хэдэн зуу дахин их, өндөр агуулгатай байна гэсэн үг. Гэтэл Канадад тэдгээр өндөр агуулгатай хүдрийг олборлож л байна. Уурхай нь ажиллаад болж л байна. Миний бодлоор бол иргэний хөдөлгөөнийхөн ямар нэг юмыг далимдуулан улс төр хийх гэсэн үү,ямар нэг ашиг хонжоо олох зорилго л агуулаад байх шиг хар төрөөд байгаа.. Түүнээс биш Улаанбадрах суманд гараад байгаа малын хорогдол, гажиг төрөлт урантай холбоотой биш гэдэг нь тодорхой шүү дээ. Харин өөр зүйлтэй холбоотой байж болно. Жинхэнэ шалтгааныг нь тодруулахгүй бол болохгүй. Эцэст нь малчид л хохироод дуусна шүү дээ. Миний сонссоноор нэг л худгийн орчимд малд илүү ихээр нөлөөлж байгаа гэж дуулсан.
5
-Нээрээ тодруулж асуухад Иргэний хөдөлгөөний хүмүүс дотор геологи хайгуулын чиглэлийн мэргэжилтэй хүмүүс ярьж байх юм уу ? Та энэ салбарт 40 орчим жил ажиллаж байгаа хүн болохоор сайн мэдэх байлгүй дээ.
-Би тэдний яриаг радио, телевизээр зөндөө л сонссон. Тэр хүмүүсийн дотор физикийн шинжлэх ухаан гэж юу вэ, цөмийн физик гэж юу байдаг талаар, бас газрын гадаргуу, газрын гүнд, ер нь байгаль дээр химийн элементүүд яаж тархдаг, яаж нөлөөлдгийг мэддэг ойлголттой нэг ч хүн байхгүй. Дам сургаар л "тийм гэнэ лээ, ийм гэнэ лээ" гэсэн маягаар ярьж байна. Энэ бол хэн дуртай нь яриад байдаг салбар уг нь бол биш. Дэлхий дээр ураныг маш олон оронд олборлож байгаа. Гэтэл манайх одоогоор олборлоогүй, зөвхөн хайгуулын судалгаа л хийж байна. Газрын гүнээс гаргаж ирсэн зүйл байхгүй. Дээхэн үед гаргаж ирсэн "чөмөг" гэх 10 см орчим голчтой шороон доторх цацрагаас хажууд нь ажиллаж байгаа хүмүүс хордоогүй байхад ийм зүйлээс хаа хол байгаа хүн, мал хордоно гэж яагаад ч байхгүй. Би иргэний хөдөлгөөнийхний яриан дотроос нэг зүйлийг ойлгохгүй байгаа юм. Мал хордоод гажигтай төрлөө гэж яриад байх юм. Нөлөөлөл байгаа бол хүн нь ч адилхан л хордох ёстой шүү дээ. Тэгэхэд малчид яагаад хордохгүй , тэнд ажиллаж байгаа "АРЕВА"-гийн ажилтнууд яагаад хордохгүй байгааг бодож үзэх хэрэгтэй. Тэгэхэээр малд ямар нэг зүйл хэрэглээд байгаа вм биш биз гэж хүртэл бодогдохоор байгаа юм. Тийм учраас үүнийг олон талаас нь бодоод үзэхээр нийгэмд сенсаци дэгдээж, ашиг хонжоо хайсан, эсвэл өөрсдөдөө илүү нэр хүнд, сонгуульд өрсөлдөх боломж олж авах гээд байна уу. Эсвэл Монгол Улсыг уран олборлогч гүрэн болгохгүй гэсэн гадаад гүрний ашиг сонирхлыг тээгчдийн ажил уу гэсэн олон асуулт гарч ирээд л байгаа юм даа.
:
- Нэгэнт асуусных тодруулахад тэр "АРЕВА"-гийн хэрэглэнэ гээд байгаа газар доогуур олборлох технологи хэр үр дүнтэй вэ?
-Энэ технологийг Казахстан, Хятад зэрэг дэлхийн бусад орнуудад хэрэглэж байгаа. Дэлхийн бусад оронд шилдэг гэж үзээд ашиглаж байгаа технологийг яагаад Монголд хэрэглэж болохгүй гээд байгааг ойлгохгүй юм. Та бүхэн үүнд үнэмшихгүй байгаа бол газар дээр нь очиж үзэх хэрэгтэй. Минйи нэр дурдсан орнуудад ураны ордын уурхай нь ажилладгаараа ажиллаад,ойр орчмынх нь газар дээр тэмээ мал нь бэлчээрлээд, малчид нь малаа хариулаад л явж байгаа. Очоод харсан ч болно.
:
- Тэр уусган боловсруулах аргаар олборлоход газар доогуурх судлаар дамжин хор нөлөө илрэх үү?
- Уран, цацраг байгаа хэсгийг нь олборлоод авчихаар тэнд харин ч тэр яриад байгаа хор холбогдол нь багасах юм биш үү. Би л тэгж бодох юм. Эдийн засгийн ашигтай хэсгийг нь олборлож аваад, нөгөө талдаа байгаль дахь цацрагийн нөлөө нь харин ч багасах юм. Олборлолт явуулж байгаа хэсгийн гадна талд нь химийн бодис хэрхэн алдагдаж байна гэдгийг хянадаг хяналтын бүхэл бүтэн систем хийсэн юм байна лээ. Түүнийг нь хэн очоод шалгаж болно. Ер нь бол бүгд нарийн төлөвлөсөн байдаг.
:
- Ингэхэд "Арева" компанийн нэр хүндийг олон улсад сайн муу нэртэй гээд л бас мэтгэлцэж байна. Бид "Арева"-д итгэл үзүүлэх нь зөв үү?
- Ураны олборлолт, цөмийн тоног төхөөрөмж, цөмийн түүхий эд болон боловсруулалыг энэ компани дэлхий түвшинд хийдэг. Олон улсын эрчим хүчний агентлагт хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн шилдэг компани бол "АРЕВА". "Арева" компанид итгэхгүй бол өөр итгэх компани дэлхий дээр байхгүй. Дээр нь Япон байна. Японы Фукушима дахь станц чинь 1950-иад оны атомын цахилгаан станц юм шүү дээ. Нөгөө айхтар газар хөдлөлтийн үеэр 1950-иад онд үйлдвэрлэсэн атомын цахилгаан станц дэлбэрээгүй юм. Япончууд тэндээ арга хэмжээ авч, цацрагийг асар хол тархахаас хамгаалан барьж тогтоож чадсан л байгаа юм даа.
:
-Та сүүлийн 10 гаруй жил ураны ордод ажиллаж байна гэсэн. Эрүүл мэндэд тань ямар нөлөөлөл байна вэ? Сөрөг зүйл мэдрэгдэж байна уу?
-Би Дорноговийн уранаас 10 дахин их агуулгатай Дорнодын ураны хүдэр бүхий орчинд цацраг хэмждэг дозиметр гэдэг багажийг зүүгээд хоёр жил гаруй ажилласан. Дозиметрээ сар бүр Цөмийн энергийн газрын хяналтын лабораторид явуулдаг байсан. Хэдийгээр багажин дээр дохиолол дуугарч сэрэмжлүүлдэг байсан ч Цөмийн энергийн лабораториос надад " Та цөмийн цацрагийн хордолтод өртөөгүй байна. Таны авсан цацрагийн хэмжээ эрүүл мэндэд аюултай хэмжээнд хүрээгүй байна" гэсэн дүгнэлт гардаг байсан. Тэгээд ч надад мэдэгдсэн юм ер алга.
:
-Өдрийн хэдэн цаг сууж ажиллах уу?
-Ажлынхаа ачааллаас болно. Заримдаа таван цагаар ч босох завгүй бичлэг хийж сууна. Хоолонд орохдоо гараа угаана. Мэдээж, хамгаалалтын хэрэгсэл байдаг. Өнөөдрийг хүртэл цацраг нөлөөлсөн зүйл ажиглагдаагүй. Тэгээд ч цацраг нөлөөлөх үндэс байхгүй.
:
- Ингэхэд манайд уран, цөмийн чиглэлээр мэргэжилтнүүд хэр бэлтгэгдсэн бэ?
-Ер нь цөмийн физик талаасаа манайх маш сайн мэргэжилтнүүдтэй. ОХУ анхны атомын станцыг 1954 онд хийсэн. Тэнд Дубнагийн цөмийн институт гэж байлаа. Тэнд манай Монголоос онолын мэргэжлээ дээшлүүлэхээр мэргэжилтнүүд байнга очдог ажилладаг байсан. Тиймээс манай цөмийн физикийн мэргэжилтнүүд үнэхээр сайн бэлтгэгдсэн. Харин ураны геологи хайгуулын ажил, уул уурхайн хувьд одоогоор бэлтгэгдсэн хүмүүс харьцангуй цөөн. Гэхдээ ураны чиглэлээр "АРЕВА"-д бас "Кожеговь", Канадын компаниудад ажиллаж байсан монголчууд цөөнгүй байгаа. Энэ хүмүүс барууны төвшинд тухайн чиглэлийн геологи хайгуулын мэдлэг, туршлагатай болчихсон гэсэн үг л дээ.
:
- Бас нэг асуух юм байна. Монголын Геологи, уул уурхайн мэргэжлийн институт гэж байгуулсан гэсэн. Энэ байгууллага ямар чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг вэ?
- Одоо харж байхад гадаадын хөрөнгийн бирж дээр Монголын ордуудыг гаргаж мөнгө босгоод байна. Манай юмаар гадаадынхан мөнгө босгоод байна гэж нэлээн яригддаг байлаа. Манай ордуудын нөөцийг тийм хэмжээтэй, үүн дээр ийм уурхайг байгуулж болно гэсэн судалгааг дандаа гадаадын итгэмжлэгдсэн этгээдүүд гаргадаг. Оюутолгой, "Энержи ресурс" зэрэг манай ордуудын барууны зах зээл дээр гаргасан үнэлгээг дээрх хүмүүс хийсэн юм. Харин өнөөдөр монголчууд бид өөрсдийн газар нутаг, ордынхоо нөөцийг тогтоож олон улсад гаргадаг болох зорилгоор ашигт малтмалын нөөц тайлагнадаг олон улсын байгууллагад элсэж, эрхийг нь авахаар ажиллаж байна. Энэ байгууллагад Монголын уурхайчид, геологич гээд мэргэжлийн хүмүүсийг нэгтгэсэн. Бид олон улсын тавьж байгаа шаардлагын дагуу мэргэжилтнүүдээ бэлтгэхээр ажиллаж байна. Хэдхэн жилийн дараагаар Монголд гадаадын хүмүүс ирж манай ордуудыг үнэлж, дүгнэх биш, харин бид өөрсдөө дэлхийн түвшинд үнэлгээ, нөөцөө хийдэг болно.
:
-Тэгвэл цөмийн энергийн салбар манайд цаашид хэр хөгжих бол?
- Цөмийн энергийн салбарт уурхайг хөгжүүлэх, шар нутгийг олборлох төвшинд хүргэх хэрэгтэй. Хэрвээ ингэвэл уран олборлодог гэдэг утгаараа манай цөмийн технологийн төвшин нэмэгдэнэ. Цаашлаад дэлхий өөр нүдээр харна. Биднийг "Эд олон улсын өмнө цацрагийн аюулгүй байдлын төлөө хариуцлага хүлээж чаддаг, орчин үеийн хамгийн шинэ техник технологийг нэвтрүүлсэн улс орон юм байна" гэж харна. Монголын нэр хүнд дээшилж, бидний хариуцлага олон улсын өмнө нэмэгдэнэ.
:
Э.Сонор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ