Орчлон сургууль тэтгэлгээр суралцуулна
Орчлон сургууль Монгол улсад Кембрижийн олон улсын дунд боловсролын хөтөлбөрийг анхлан хэрэгжүүлж эхлээд даруй зургаан жил болж байна. Тус сургууль Кембрижийн хөтөлбөрийн хүртээмжийг нэмэгдүүлэх, өндөр амжилттай суралцах хүсэл тэмүүлэлтэйгээ харуулж чадсан, сургалтын төлбөрийн дэмжлэг авах шаардлагатай авьяаслаг сурагчдад боломж олгох зорилгоор Орчлон сургуулийн нэрэмжит тэтгэлэг зарлаж, сонгон шалгаруулалтыг зохион байгуулах бэлтгэлээ хангажээ. Энэ талаар Орчлон сургуулийн гүйцэтгэх захирал Ц.Жаргалмаатай ярилцлаа.
5
-Танай сургууль өмнө нь тэтгэлгээр хүүхдүүд сургаж байсан. Тэтгэлэг дахин хэзээ зарлах бол гэж эцэг эхчүүд байнга асууж сураглаж байдаг юм билээ?
-Бид аль болох олон хүүхдийг сургалтанд хамруулахыг хүсдэг ч Кембрижийн хөтөлбөр өртөг өндөртэй учраас хүндрэлтэй байдаг. Манай сургууль анх 2011 онд Энержи Ресурс компанийн дэмжлэгтэйгээр 15 сурагчийг тэтгэлэгээр сургахаар элсүүлсэн. Тухайн үед 250 сурагчаас 7-10 дугаар ангид шалгаруулж авч байлаа. Тэд маань өндөр амжилттай суралцаж, эхнээсээ энэ жил сургуулиа төгсөж байна. Тэтгэлэг авсан хүүхдүүд, тэдний эцэг эх өнөөдөр сэтгэл маш хангалуун байгаа. Манай сургуулийн удирдлага өмнөх тэтгэлгийн үр дүн, туршлагадаа тулгуурлаж 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн дахин 15 сурагчид тэтгэлэг олгох шийдвэр гаргалаа.
5
-Сайхан мэдээ байна. Хэдийд, ямар шалгуураар тэтгэлэг авах хүүхдээ сонгох вэ?
-Шалгаруулалтын бүртгэл 5-р сарын 13-аас эхлэн явагдана, ирэх хичээлийн жилд 6-9 ангид суралцах сурагчдаас элсэлт авна. Манай сургуульд сурахад хэлний өндөр шаардлага тавигддаг, эхний шатанд англи хэл, математик, физик, монгол хэлний шалгалт авах юм. Эндээс шалгарсан хүүхдүүдийг эссе бичүүлж, ярилцлаганд оруулж байж эцсийн сонгон шалгаруулалт хийгдэнэ. Олон нийтийн болон хүмүүнлэгийн ажлын идэвхтэй, үе тэнгийнхэн дундаа манлайлагч, олимпиадуудад өндөр амжилт үзүүлсэн сурагчид сонгогдох магадлал өндөр. Шалгарсан хүүхдүүд маань төгстлөө Кембрижийн олон улсын бүрэн дунд боловсролын сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдана гэсэн үг. Одоогийн сургалтын төлбөрөөр тооцоход л нийт 1 тэрбум гаруй төгрөгийн тэтгэлэг олгоно. Тиймээс бүртгүүлэхэд хүртэл босго өндөр байдаг, шалгараад орсон хойно ч байнга өндөр шаардлага тавигдана.
5
- Ихэвчлэн их, дээд сургуулийн оюутануудад зориулсан тэтгэлэг байдаг. Дунд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр гэхээр их онцлогтой санагдлаа?
- Хүүхдийн авьяас, нөөц бололцоог багаас нь нээж хөгжүүлснээр нэр хүндтэй их дээд сургуулиудад суралцах үүд нээгдэж, цаашид эх орондоо илүү ихийг бүтээх чадварлаг инженер, эрдэмтэн судлаачид төрөн гарна гэдэгт бид итгэдэг. Тийм учраас Орчлон сургууль энэ том хөрөнгө оруулалтыг улс орныхоо ирээдүйд зориулж хийж байгаа юм. Тухайлбал, 2011 онд зарласан манай сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан сурагч дэлхийн топ их сургууль, технологиор нэгд жагсдаг Массачусетсийн Их сургуульд тэтгэлэгтэй суралцах урилга аваад байна. Тухайн сургуулиасаа 52 мянган ам.доллар тэтгэлэг авч үлдсэн төлбөрийг Монголын Засгийн газрын тэтгэлэгээр авах гэж байна. Энэ нь бидний итгэл үнэмшлийг улам бүр бататгаж өглөө шүү дээ.
5
-Нийслэлийн хэмжээнд улсын гурван ч дунд сургуульд Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Танай сургуулийн хөтөлбөр тэдгээр сургуулийнхаас юугаараа онцлог вэ?
-Бид Кембрижийн хөтөлбөрийг иж бүрнээр нь хэрэгжүүлдэг. Улсын сургуулиуд дунд, ахлах ангиасаа уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бол манайх бага ангиас нь 1-5 ангид CIPP буюу Олон улсын бага боловсрол олгох хөтөлбөрөөс эхэлдэгээрээ онцлог. Цаашлаад 6-8 ангид суурь боловсрол олгох CIE CP, 9-10 дугаар ангид IGCSE буюу Олон улсын бүрэн дунд боловсролын үнэмлэх олгох, 11-12 дугаар ангид А level буюу Олон улсын ахисан шатны боловсрол олгох хөтөлбөр гээд босоо шатлалаар хэрэгжүүлдэг. Анги дэвших, төгсөх шалгалтуудыг Кембрижээс ирсэн материалаар авна, эргээд шалгалтын материалыг Кембриж рүү явуулж хариу нь ирдэг. Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлдэг олон улсын бүх сургуулийн сурагчидтай нэг зэрэг шалгалт өгдөг гэсэн үг. Бүх шалгалт англи хэл дээр явагддаг.
5
-Кембрижийн хөтөлбөр монгол хүүхдүүдэд хэр тохирч байна вэ?
- Энэ хөтөлбөр тухайн улс үндэстэний сургалтын хөтөлбөртэй хослож хэрэгждэгээрээ онцлогтой. Орчлон сургууль Дэлхийн Монгол иргэдийг бэлдэнэ гэсэн уриатай ажилладаг. Манай хүүхдүүд үндэсний сургалтын хөтөлбөрийн хичээлүүдээ зэрэг судалдаг юм. Кембрижээс шалгалтаа зургаан оноогоор дүгнэдэг, олон улсын стандартаар дундаж оноо 3-аас дээш байх ёстой. Харин манай хүүхдүүдийн дундаж оноо 5.00, олонх нь таваас дээш оноо авдаг. Манай хүүхдүүд математик, байгалийн ухааны хичээлээр олон улсын түвшнээс дээгүүр, гялалзсан амжилт үзүүлдэг. А level хөтөлбөрт мэдлэгийг хэрэглээ тал руу нь оруулж илүү гүнзгийрүүлж судалдаг ч манай хүүхдүүдийн амжилт буурдаггүй. А level хөтөлбөрийн дөрөв дэх төгсөлтөөр нэг сурагч маань A* үнэлэгдэж Монбушигийн тэтгэлгээр Японд сурахаар болсон. Олон улсад энэ хөтөлбөрт A* үнэлгээ авна гэдэг гайхамшигтай амжилт, C үнэлгээ авахад л сайн судалсанд тооцогддог юм.
4
-A* дүн авахад олон улсын их, дээд сургуульд элсэх боломж бүрдэнэ гэсэн үг үү?
-Кембрижийн хөтөлбөрөөс A, A* дүн авчихсан байхад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй их дээд сургуулиудад сурах боломж бүрдэнэ. Бүр тэтгэлэг авах ч боломж бий. Тийм ч учраас сурагчдаа аравдугаар анги төгсөхөд эцэг эхтэй нь уулзаж “A level хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Энэ бол амаргүй хөтөлбөр учраас сайн хичээх шаардлагатай шүү. Хичээж байж олон улсын их, дээд сургуульд элсч, тэтгэлэг авах боломж бүрдэнэ” гэдгийг хэлдэг. A level-ийн зарим хичээлийн сурагч 16 цаг шалгалт өгч, бүтээл хийгээд явуулдаг юм шүү дээ. Нэг хичээлийг ганц шалгалт, ганц дүнгээр дүгнэдэггүй. Судалгаа хийнэ, бүтээл туурвина, эссэ бичнэ, тест бөглөнө. Манай төгсөгчдийн олонх нь Английн их дээд сургуулиудад сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй нөхцлөөр элссэн байдаг. Энэ жилийн төгсөлтөөс ч олон хүүхэд тэтгэлэгтэйгээр суралцахаар явсан.
5
-“A-level” хөтөлбөрөөр суралцсан хүүхдүүд Монголын ЭЕШ өгөх үү?
-Манай сургууль хос хэл, хос хөтөлбөртэй гэж дээр хэлсэн. Монголын сургалтын хөтөлбөрт байдаг монгол хэл, газар зүй, биеийн тамир, нийгмийн ухаан зэрэг хичээлээ судалдаг. Суралцагчид маань 11 дүгээр ангидаа Монголын бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ авна. 12 дугаар ангидаа Кембрижийн А level-ийн ахисан шатны боловсролын үнэмлэхээ авна гэсэн үг. Сурагчид маань ЭЕШ өгөхөд бүрэн бэлтгэгдсэн. Өнгөрсөн жилийн ЭЕШ-ийн дүнгээр манай сурагчид долоон хичээлээр оролцож нэгдүгээрт жагссан.
5
-Кембрижийн хөтөлбөрийг судалсан хүүхдүүд амьдралынхаа турш хэрэгжүүлэх ямар дадлыг өөртөө суулгаж төлөвшдөг бол?
-Өөртөө итгэх итгэлийг олж авдаг. Мөн тогтмол хичээллэх, цагаа төлөвлөх, суралцах явцдаа өөрийгөө хянах, гол зүйлдээ анхаарлаа хандуулах, бие дааж сэтгэх зэргээр амьдралынхаа турш хэрэгжүүлэх маш олон хэвшлийг өөртөө суулгаж чаддаг. Ийм чадвар эзэмшиж байгааг нь хөндлөнгийн үнэлгээгээр баталгаажуулдаг. Кембрижийн сургалтын хөтөлбөрийн зорилго нь мэдлэг чадвар олгохоос гадна байнга өөрчлөгдөж байгаа орчинд хөрвөх чадвартай хүнийг төлөвшүүлэхэд оршдог. Өөртөө итгэлтэй, хариуцлагатай, байнга хөгжиж байдаг шинэлэг, нийгмийн идэвхитэй хүн Кембрижийн суралцагч байна гэж томъёолсон байдаг юм аа.
5
-Танд баярлалаа.
а
Л.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ