Засгийн газрын хуульд өөрчлөлт орж, Газрын тосны хууль батлагдсангүй

img

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна.  Нэгдсэн хуралдаанаар Хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдсэн юм. Гишүүдийн олонх нь энэ хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ. Одоо  Газрын тосны тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Байнгын хорооноос уг хуулийн төслийг хэлэлцэхээр дэмжсэн юм. Байнгын хорооны дүгнэлтийг Х.Болорчулуун гишүүн танилцуулав.   Хуулиар зарчмын шинжтэй харилцааг зохицуулсан бол журмаар газрын тосыг хайх, олборлохтой холбоотой гол харилцаа, тухайлбал, газрын тосны хайгуул, олборлолт, газрын тосны үнэлгээ, төлбөр, газрын түрээс, татвар, захиргааны үйлчилгээний шимтгэл, нягтлан бодох бүртгэл, бүтээгдэхүүн хуваах, татвараас чөлөөлөх зэрэг харилцааг зохицуулжээ.

 .

Газрын тосны тухай хуулийг бүхэлд нь шинэчлэн найруулж, газрын тос, байгалий хий, уламжлалт бус газрын тосны талаархи ойлголт, төрийн байгууллагууд болон нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээг тодорхой болгон, роялти, бүтээгдэхүүн хуваалт, татварын хувь хэмжээ, түүнийг оногдуулах, хөнгөлөх, чөлөөлөх, тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, газрын тос эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаатай холбоотой харилцааг боловсронгуй болгон хуульчлах зайлшгүй шаардлагатай байгаа тул уг хуулийн төслийг боловсруулсан байна. Газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанаас улсын төсөвт орох орлогын зарим хэсгийг аймаг, нийслэл, сум, дүүргийн төсөвт хуваарилах эрх зүйн орчныг бүрдүүлжээ. Ингэснээр уг үйл ажиллагаанд орон нутгийн иргэд байгууллагын хүртэх үр ашиг, оролцоо нэмэгдэх юм.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн сонирхсон асуултад Х.Болорчулуун гишүүн хариулсан юм.

 :

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-Энэ хууль батлагдсанаар өмнөх гэрээг хүчингүй болгох уу? Шинэ хуулиар буцаж үйлчлэх үү? Засгийн газрын мэдэх асуудал биш. УИХ үгээ хэлж эцсийн цэг тавих асуудал. Сонгууль дөхөөд ирэхээр энэ хуулиар жүжиг тавина.

-Хууль Засгийн газраас орж ирэхдээ дагаж мөрдөх журам давхар орж ирсэн. Өмнөх гэрээг шинэ хуультай 180 хоногийн дотор  нийцүүлнэ гэсэн байсан. Дагаж мөрдөх журмыг хуульд тусгаагаагүй. Хууль батлагдсан өдрөөсөө үйлчилнэ.

:

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Үндсэн зарчмаа зөрчсөн зүйл байна. Хөрөнгө оруулалт хийж дууссаны дараа 60-аас дээш хувийг нь Засгийн газар буцааж авна гээд. Энэ бол маш эрсдэлтэй салбар. Талбай бүрийн онцлогоос шалгаалаад бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулдаг. Газрын тос, уул уурхайн салбарын тухай гол хууль. Манай газрын тосны салбар бусад улс оронтой харьцуулахад хэр өрсөлдөх чадвартай байна вэ?

.

-Төрөөс баримтлах бодлогын баримт бичигтэй зөрчилдсөн зүйл байхгүй. Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулахад тогтвортой байдал үйлчилнэ. Засгийн газар гэрээлэгч хоёр 50:50 хувьтай байгаа. Бүтээгдэхүүн хуваах гэрээний анхны загварыг баталсан орон Индонези. Засгийн газар нь 71 хувийг авдаг юм билээ. Манайх бүтээгдэхүүн хуваах гэрээнд ашгийн татварыг өндөр тусгаагүй.

Хуулийн төслийн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсны дараагаар Газрын тосны тухай хуулийг батлах санал хураалт явуулсан юм. Санал хураалтаар гишүүдийн дийлэнх нь уг хуулийг батлахыг дэмжээгүй юм. Ийнхүү Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга эцсийн хэлэлцүүлэгтээ дэмжигдээгүй тул хууль санаачлагчид нь буцаалаа.

.

Үүний дараагаар Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслөөр агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан бүх яамдад уг асуудлыг хариуцуулахаар тусгасан байлаа. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах саналыг гишүүд дэмжив.  Ийнхүү өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
энэ газрын тосны агентлаг, яамныхан хуулиа шинэчилж байна гээд ямар их татвар төлөгчдийн мөнгийг үрээ бол. муусайн чадваргүй, татвар төлөгчдийн мөнгийг шимэгч хувалзнууд.
2014-05-16