Линдсей Лохан: Алдар нэр хар тамхи л гэсэн үг
“Холливудын муу охин” хэмээн нэрлэгддэг Линдсей Лохан “ELLE” сэтгүүлд өнгөрсөн амралтын өдөр ярилцлага өгчээ.
1
-Линдсей амьдрал хэр байна даа?
-Яахав боломжийн шүү.
1
-Та бол өнгөрсөн амьдралдаа харамсдаг, мартахыг хүсдэг алдартнуудын нэг?
-Би өнгөрсөн амьдралдаа харамсахгүйгээр амьдардаг. Мэдээж надад хийсэн алдаа бий. Засч өөрчлөхийг хүсдэг алдаанууд. Гэвч тэгж алдсандаа харамсдаггүй. Яагаад гэвэл тэднээс би сургамж авсан учраас амьдрал надад илүү хялбар болсон.
1
-Алдар нэр гэдэг хар тамхи шиг гэдэг үнэн үү?
-Яг хар тамхи шиг гэж хэлж мэдэхгүй нь. Гэхдээ тийм ч байж мэдэх юм. Яагаад гэвэл донтуулдаг болохоор. Бүгд чамд хайртайгаа хэлж, чи бол од гэх үгийг байнга сонсоод байхаар тархи минь өөрөө ч мэдэлгүй мансуурдаг. Алдар нэр хар тамхи л гэсэн үг. Би үүнтэй санал нэгдэж байна.
1
-Таны хүүхэд нас эцгийн тань нөлөөнөөс болж хар дарсан зүүд шиг өнгөрсөн. Энэ тухайгаа дуу болгон дуулж байсныг чинь санаж байна. Ааваа яваад өгөөч, би айж байна. Аав гэхээс ч айж байна гээд л. Их эвгүй үгтэй дуу?
-Тиймээ, эмх замбараагүй. Намайг амьдаар минь иддэг цор ганц хүн. Аавыг байгаа үед бид яг л өндөгний хальсан дээр явж байгаа юм шиг л эмзэг мэдрэмтгий байдаг байсан. Гар хүрч байсан уу гэж үү. Тиймээ.
1
-Аавтай чинь нэг удаа уулзаж байсан. Тэр таныг уудаг болсныг өвөөгөөсөө өвлөн авсан гэсэн?
-Өвөө гэнээ, больж үз. Би тэр хүнийг танихгүй. Аав илүү их мансууруулах бодис хэрэглэдэг байсан. Бид яаж ч хичээгээд тэр өөрчлөгдөөгүй. Би түүнийг амьдралдаа эргэж оруулах гэж хичээх бүрт надад төвөг удаж, асуудал үүсгэдэг байсан. Заримдаа тэр сайн эцэг байснаа гэнэтхэн л амьдралыг минь орвонгоор нь эргүүлээд, галзууруулж орхидог байсан.
-Гэр бүлийн таагүй уур амьсгал танд хэрхэн нөлөөлөв?
-Энэ бүх асуудал намайг сэтгэлийн гүн хямралд оруулсан. Нэг үгээр сэтгэцийн өөрчлөлттэй болгосон. Надад тайван суугаад амрах цаг мөч байгаагүй. Тийм болохоор шууд л өөрөө сэтгэл зүйн эмчилгээнд явж эхэлсэн. 13 настай байхдаа сэтгэл зүйн эмчилгээ хийлгэж эхэлсэн. Хэн нэгэнтэй ярих хэрэгтэй байлаа. Гэвч ээждээ бүх дарамтыг үүрүүлэхийг хүсээгүй учраас өөр хэн нэгэнтэй зовлонгоо хуваалцахыг хүссэн. 17 настай байхдаа анх удаа архи ууж үзсэн. Тэр үед архи намайг арслан шиг хүчтэй болгож буйг мэдэрсэн. Харин маргааш нь архийг үзэн ядаж, ахлах сургуулиа хүртэл ганц хундага ч уугаагүй.
1
-Хэзээнээс шулуун явахаа болив?
-Лос Анжелест нүүж ирснээс л хойш гэж бодож байна. 2007 онд хамгийн анх удаа цагдаад баривчлагдах үедээ би 20 настай байсан. Тэр үед миний машинд кокайн байсан. Тэр үеэс л хойш хэвлэлийнхэн намайг салахгүй дагадаг болсон. Уг нь тэр өдөр л би анх удаа мансууруулах бодис хэрэглэж үзсэн юм. Угаасаа тэр өдөр би буруу хүмүүстэй клубт орж, тэднийг дагаж кокайн хэрэглэсэн. Тэгээд үлдсэнийг нь машиндаа авч орсон нь тэнэг хэрэг болсон. Маргаашнаас нь гэнэт л холливуудын муу охин болоод хувирсан. Би тэр яриаг намдах хүртэл сайн охин хэвээр л байсан. Харин хэвлэлийнхэн намайг муу охин болохыг шаардаж эхэлсэн.
1
-Хэдэн удаа кокайн хэрэглэсэн бэ?
-Хүмүүс намайг их л олон удаа хэрэглэсэн гэж боддог байх. Гэвч амьдралдаа дөрөв, таван удаа л хэрэглэж байсан. Яагаад гэвэл кокайн аавыг санагдуулаад байдаг болохоор би дургүй. 20 наснаасаа 25 хүртлээ дөрвөн удаа л хэрэглэж үзсэн. Гэтэл хоёр удаад нь баригдчихсан. Мансууруулах бодис надад таатай мэдрэмж огт төрүүлж байгаагүй. Нэг л тавгүй, чих дүнгэнэж шунгинаад эвгүй байдаг.
-Асар өндөр гялалзсан амжилтад хүрсэн бүхний хайрыг татсан хүүхэд 20 хүрмэгцээ л асуудалд орооцолдож, бүх зүйл нь буруугаар эргэж эхэлсэн. Үзэгчдийн хайртай хүүхэд шоуны охин болж хувирсан. Тэр үед таны толгойд юу бодогдож байсан бэ?
-Би зүгээр л бусдын үгийг тоодоггүй байсан. Хэнийг ч сонсохыг хүсдэггүй, хэнд ч итгэдэггүй байсан. Энэ л намайг асуудалд оруулсан. Ээж минь намайг Лос Анжелесийг орхиод Нью-Йоркт гэртээ хүрээд ирээч гэдэг байсан. Би уг нь ээжийнхээ үгийг сонсох ёстой байсан юм. Гэвч тэнд буцаад очихоор аав байгаа гэж бодохоор л явмааргүй санагддаг байлаа.
1
-Та ийм байдалд хүрсэндээ аавыгаа буруутгадаг уу?
-Үгүй ээ, хэнийг ч буруутгахгүй. Би зөвхөн өөрөө л буруутай. Би өөрийнхөө хамгийн аюултай дайсан гэдгийг мэднэ. Аавын тухайд эцэс сүүлдээ би түүнийг амьдралдаа оруулах гэж хичээхээ больсон. Тэр эцэг хүн шиг байж чадаагүй. Нэг удаа би түүнийг ээжийг минь хуураад өөр эмэгтэйтэй хамт байхад нь барьж байсан. Аав нэг удаа тав хоногоор алга болоод бид түүнийг хайхаар эмээгийн байшинд очсон юм. Гэтэл аав тэнд эмээгийн усан санд өөр нэг эмэгтэйтэй хамт байж байсан. Би дотогш орж, тэр эмэгтэйнх нь цүнхнээс бичиг баримтыг нь харж, нэр усыг нь мэдэж авсан. Тэр явдлаас болоод сэтгэлээр их унасан шүү. Ээждээ хэлэхэд их хэцүү байсан. Хожим нь тэр эмэгтэй аавын хүүхдийг төрүүлсэн тухай хэвлэлээр гарсан шүү дээ. Энэ бүхэн намайг сэтгэлийн гүн дарамтад оруулсан ч архинд оруулаагүй.
1
-Тэгэхээр та нэг их уудаггүй. Бас хэдхэн удаа хар тамхи хэрэглэж байсан юм байна. Тэгвэл тэр олон архи, мансууруулах бодисын эсрэг эмчилгээ юу болж таарах вэ?
-Энэ чинь л миний ойлгож чадахгүй байгаа ганц зүйл. Ер нь бол хүмүүс өөрөө өөртэйгөө байх цаг гаргах хэрэгтэй гэдгийг би хүлээн зөвшөөрнө. Тийм ч учраас намайг өөртэйгөө байх цаг гаргах гэж тийшээ явуулдаг юм болов уу л гэж бодож байна. Хэрвээ буруу зүйл хийсэн бол гурван сар чимээгүй байж, өөртэйгөө ярилцах нь зөв байх.
1
-Гэхдээ сэтгэл зүй, бие эрүүл мэндийн хувьд танд тийм эмчилгээ хэрэгтэй байсан гэж бодож байна уу?
-Бүхэл бүтэн гурван сар түгжигдэх хэмжээнд эмчилгээ хийлгэх шаардлага байгаагүй. Үнэнийг хэлэхэд, тэнд эмчилгээ ч хийгээгүй. Шүүхийн шийдвэрээр зургаан удаа эмчилгээнд явсан. Одоо ийм эмчилгээний талаар бараг ном бичихээр болоод байна. Байнга л эмчилгээнд явуулна гэдэг чинь өөрөө утгагүй шүү дээ. Эхний хэдэн удаагийн шүүхийн шийдвэрийг би хошигнол мэтээр хүлээн авдаг байсан. Гэвч сүүлдээ үнэхээр цаг үрсэн явдал болсон.
1
-Та хэзээ ч өөрийн сайн дураар эмчилгээнд орж байгаагүй юу?
-Нэг удаа орж байсан. “Хэн намайг хөнөөснийг би мэднэ” кинонд тоглож байх үедээ би сэтгэл санааны хямралд ороод байсан юм. Уг нь тэр үед би бараг нэг жилийн хугацаанд огт архи уугаагүй байсан. Гэвч кино зохиолоос болоод шөнө бүр хар дарж зүүдэлж, сэтгэл зүйд нөлөөлж эхэлсэн. Тийм учраас сайн унтаж амарч, хэн нэгэнтэй ярилцаж байхын тулд эмчилгээнд явсан. Гэхдээ өдөр нь гарч ажлаа хийгээд, шөнө нь очиж унтдаг байсан.
1
-Таныг харахад өөртөө шүүмжлэлтэй ханддаг юм байна. Тэгэхээр өөрийнхөө гаргасан алдааны тухайд?
-Эрүүл бус үедээ машин жолоодож байгаад баригдсан нь үнэхээр тэнэг алдаа байсан юм. Түүнээс л болоод хүмүүс намайг солиотой, мансуурагч гэж бодох болсон. Гэвч би тийм хүн биш.
1
-Тэгвэл та бусад од шиг тайвшруулах үйлчилгээтэй эм хэрэглэдэг үү?
-Би нэг төрлийн сэтгэцийн өвчтэй. Үүнээс болоод сул зогсч чаддаггүй. Тиймээс “аддералл” гэж эм уудаг. Энэ эм намайг тайвшруулдаг юм. Харин хүмүүс энэ эмийг өөр зорилгоор, зарим охид бүр турах гэж уудаг юм билээ. Учир нь энэ эм хоолны дуршлыг бууруулдаг. Харин би цаг үргэлж идэж явдаг хүн. Бас онгоцоор ниссэний дараа унтаж амарч чаддаггүй учраас бага тунгаар тразодон хэрэглэдэг.
1
-Таны ярьсан бүхнээс харвал Линдсей Лоханы тухай хэвлэлүүдийн бичээд байдаг тэр дүр чинь та биш, хэн нэгэн зохиомол дүр юм биш үү?
-Би тийм солиотой хар тамхичин биш ээ. Би зүгээр л найзуудтайгаа шөнө орой болтол клубт бүжиглэдэг. Миний насанд байх л асуудал шүү дээ.
1
-Хамгийн хэцүү өдрийг санаж байна уу?
-Шоронд орсны дараа ээжийнхээ царайг харахад хамгийн хэцүү байсан. Торны цаана 12 хоног өнгөрүүлэхдээ дөрвөн өдрийн турш уйлж билээ.
1
-Ээждээ хайртай юу?
-Тиймээ. Хайртай.
1
-Опрад ээжээсээ илүү хайртай юу. Хэрвээ тэр таныг өргөж авсан бол та ямар байдалтай байх байсан бол?
-Сайн мэдэхгүй байна. Опраг гомдоосондоо одоо хүртэл өөрийгөө буруутгадаг. Тэр миний сайн ээж байх болно гэж амласан. Харин би сайн охин байж чадаагүй. Намайг уучлаарай Опра.
1
-Хэзээ хүүхэдтэй болох вэ?
-Хэзээ ч хүүхэдтэй болохгүй. Ийм муу ээжтэй хүүхэд насаараа зовох нь тодорхой.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ