Лондонгийн биржийн хатагтай дахин монголд ирэх нь

img

Лондонгийн хөрөнгийн биржийн хувьцааны анхдагч зах зээл хариуцсан захирал Трейси Пиерсийг Монголын хөрөнгийн биржийнхэн урьжээ. Урилгын дагуу Хатагтай Трейси Пиерс энэ сарын 13-14-ны өдрүүдэд  Улаанбаатарт ажиллах гэж байна. Трейси Пиерс Төрийн Өмчийн Хороо, “Багануур” ХК, “АПУ” ХК, “Эрдэнэс таван толгой” ХК, МХБ зэрэг байгууллагуудтай ажил хэргийн уулзалт хийхээс гадна олон улсын санхүүгийн төв болох Лондонгийн хөрөнгийн биржийн тухай, мөн Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд хэрхэн хамтран ажиллаж байгаа талаар хэвлэлийнхэнд дэлгэрэнгүй мэдээлэл хийх аж. Хатагтай Трейси Пиерс өнгөрөгч 2010 оны долдугаар сард манай улсад ирж байсан юм. Тухайн үед Монголын хөрөнгийн биржийг удирдаж байсан  Гүйцэтгэх захирал Р.Содхүүтэй уулзалт хийж Монгол компаниудыг олон улсын зах зээлд гарахад ямар боломж байгаа талаар судлах, МХБ-ийг хувьчлах менежментийн багийг шалгаруулах тендерт оролцох зорилготой Монголд ирсэнээ хэлж байсан юм. Харин одоо бол талууд хамтрагч болчихоод байна. Тэгэхээр 200 жилийн түүхтэй,  зах зээлийн үнэлгээ болон бүртгэлтэй үнэт цаасны тоогоороо дэлхийн томоохон биржүүдийн тоонд зүй ёсоор ордог  Лондонгийн хөрөнгийн биржийн хатагтай Трейси Пиерс  энэ удаад хамтын ажиллагааны ахиц дэвшилтэй холбоотой зүйлсийг ярих нь дамжиггүй. Э.Болор  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ