Айдас
“...Хоёр хүүхдээ машинд түгжээд галдан шатаажээ, хоёр эмэгтэйг алаад толгойг нь тасалжээ. Тасарсан толгойг нохой зуусан байхыг олжээ...” Энэ бол нийгэмд айдас төрүүлсэн мэдээ. Мөн иймэрхүү мэдээг төгсгөдөг хадаас өгүүлбэр бас бий. “...Энэ мэт ажилгүйдэл, ядуурлаас үүдсэн аймшигт хэрэг шил шилээ даран гарч, үүний хохирогч нь эмэгтэйчүүд хүүхдүүд болж байна...”. Ямар сонсогдож байна. Ийм үг өгүүлбэрүүд тухайн хэрэг явдалд хандаж буй сэтгүүлчийн харуусал харамслын илэрхийлэл мөн байх. Гэхдээ байнга нэг хэвийн бичигдэх тул засаг төрд ч, энгийн хүмүүст ч сэтгэгдэл төрүүлэх, сэрэмжлүүлэх үйлчлэлгүй болжээ. Ер нь аливаа ноцтой хэрэг, аллага хүчирхийлэл түүний сүүдэрт нялх халуун амь үрэгдэхэд эхлэл төгсгөл хийдэг хэдэн зүүвэр өгүүлбэртэй болж чадсан байна бид. Мөн хүчирхийлэл аймшигт хэргийн мэдээллийг уралдан мэдээлж, угаан хувилахдаа ч гаршсан болохоо бид харуулж чадаж байна.
1
Нийгэм айдастай байна. Ойрын хэдэн өдөр үнэхээр айдастай байна. Өдөр тутам шахуу гарах болсон хүчирхийлэл, аллага гэмт хэргийн мэдээллийг айдас төрүүлтэл нь зураглан бичээд араас нь “нийгэмд айдас төрж эхэллээ” гэж төгсгөх бидний арга барил өнөөдрийн бодит айдас мөн болоод байна.
1
Хүн нийгмийн нэг хэсэг. Нийгмийн амьтан болохынхоо хувьд нийгэмдээ өөрийн байр суурьтай байхыг хүсдэг. Энэ байр суурь нь ихээр алдагдаад ирэхээр эргээд нийгмийнхээ өөдөөс /хувь хүний нийгэм гэдэг нь гэр бүл ойр тойрныхоос нь эхэлнэ/ дайсагнасан үг үйл үйлдэл гаргана. Яг ийм дүр зураг манай өнөөдрийн хар мэдээний толинд харагдаж байгаа. Тэдний /гомдогсод/ ядуурал хоосрол бүтэлгүйтэл, ганцаардал үзэн ядалт зэргээс үүдсэн дотоод цөхрөл нь тэсрэхдээ зэрлэг балмад хүчирхийллээр илэрч үүнийх нь хохирогч нь өөрийгөө хамгаалах чадваргүй хүүхэд нялхас болсоор байгаа нь үнэн. Бүх хар хэргийн цаана тодорхой хувь хүн, нэг нүгэлтэн байх боловч цаад угшил нь нийгмийн шалтаантай. Гэхдээ гэмт хэрэг үйлдэгдэх нийтлэг нөхцөл байдал болох ажилгүйдэл, ядуурал, архидалт, нийгмийн байдал гэх мэт хүчин зүйлсийг улиг болтол дурдахаас одоо татгалзах цаг хэрэгтэй байна.
1
Гэмт хэрэгтнүүд гэж тусдаа төрдөггүй гэдэг дээр хэн ч маргадаггүй. Гэр бүлээ мөр бүтэн, гэдэс цатгалан байлгах гэж өглөө нь хүүгээ үнсээд гарсан эцэг хүн орой нь алуурчин болж хувирч байна. Тэд хэрэг үйлдэхийнхээ өмнө араатан биш, бидний дунд амьдарч явсан нэгэн байдаг. Тэгэхээр нийгмийг цочроосон аймшигт хэргийн цаана тухайн хэрэг үйлдсэн сэтгэл зүйн хүчин зүйлсийг нь л нарийн судалдаг болоход анхаарах цаг болсон санагдана. Энэ нь дараа дараачдаа гэр бүлийн хүрээний хүчирхийлэл аллага, харгис хэрцгий гэмт хэрэг гарахаас сэргийлэх, нэгж хэсэг дэх нийгмийн ажилтнууд эрсдэлтэй бүлэгтээ хүрч ажиллахад бага ч болов тус нэмэртэй. Хүн нэг талаас нийгмийн амьтан нөгөө талаас сэтгэлийн амьтан гэдэг.
1
Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судалдаг кримнологи гэж шинжлэх ухаан байдаг. Мөн хүний болоод нийгмийн сэтгэл зүйг шинжлэн судалдаг мэргэшсэн сэтгэл зүйчдийн бараг арми манайд бий. Энэ шинжлэх ухаанд нэвтэрсэн эрхмүүдийг ажлыг дэмжих хэрэгтэй болжээ. Тэд нийгмийн хар толины тусгалыг задлан шинжилж дүгнэлт гарган төрийн анхааралд оруулж түүнийг нь бид сэхээрэл болтол нь мэдээлэх хэрэгтэй юм. Кримнологичдын улиг болтол давтдаг ганц л зүйл байдаг гэдэг.Тэр нь хүчирхийлэл, харгислалтай, нийгмийг цочроосон гэмт хэргийн цаана, тийм гэмт хэрэг үйлдсэн хүн өөрөө ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртөж, харгислуулж байсан, эсвэл байнга бусдад дээрэлхүүлж, ад үзэгдэх зэрэг нийгэм, хувь хүнээс хавсран шалтгаалсан сэтгэл зүйн шалтгаан байдаг гэдэг. Нийгмийн таагүй үзэгдлийг бий болгож буй ядуурал ажилгүйдэл зэрэг суурь шалтгаан байхгүй болоход цаг хугацаа хэрэгтэй. Түүний наана амьдралд нухлагдсан нэгнээ алуурчин болохоос нь өмнө аврах, туслах боломжоо нэмэгдүүлэх хэрэгтэй байгааг олон нийт төрд хэлж байна.
1
Аливаа гэмт хэргийг нийгмийн айдас түгшүүр болгох их амархан байна. Гэхдээ хэргийн цаана наад зах нь нэг хүний амьдрал цаад зах нь манай нийгмийн тодорхой хэсгийн цөхрөл гутралын илрэл болж байгааг бид төрд мэдээлж мэдрүүлэх үүрэгтэй. “Чөтгөр бол хүч биш, тэр нь сайн сайхны дутагдахуйгаас гарч ирдэг зүйл” гэж нэгэн гэгээнтэн хэлсэн гэдэг.
1
Бид шүүн тунгаах чадварынхаа уналтаас сэргийлэх ёстой. Зарим талаар бидний оюун боловсрол ба мэдрэмж доройтож байгааг өөрсдийн нийгэмд төрүүлж буй айдсаасаа мэдрэх ёстой. Хаа нэгтээ бүх орчил нь харанхуй болсон мэт санагдан гар зангидан гутран суух нэгэнд бидний бичих айдаст хар мэдээ, аллагын тодорхой зураглал нь гэмт хэрэг өдүүлэх сэдэл тээсэн мессеж болж очихыг бид тооцох цаг болжээ. Муу мэдээ модон улаатай гэж буурлууд зүгээр нэг хэлээгүй.
1
Пүрэвжавын Баярхүү /тоймч/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ