Д.Ядамдорж: Д.Амарсайхан нас барсан нь гэнэтийн, харамсалтай зүйл болсон
Хүний эрхийн дэд хороо хуралдаж байна. Хуралдаанаар цагдан хорих байгууллагад хүний эрхийн нөхцөл байдал ямар байгаа талаар Хуульзүйн сайд Х.Тэмүүжин, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж нарын мэдээллийг сонслоо. Хорих байгууллагын эмнэлгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Ядамдорж мэдээлэл хийв. Хорих байгууллагын эмнэлгийн эмч нарын орон тоо хүрэлцээгүй аж. Мөн эмнэлгийн байрны хувьд ч учир дутагдалтай юм байна. Хоригдож байгаа болон цагдан хоригдож байгаа хүмүүсийн 60 орчим хувь нь суурь болон архаг өвчтэй байдаг байна. Гэвч эмнэлгийн ор хүрэлцээгүйгээс эмнэлгийн тусламж үйлчилгээ бүгдэд нь хүрч чаддаггүй аж. Хорих эмнэлэгт ажиллах нь эмч нарын сэтгэлзүйд ч сөрөг нөлөөлөл үзүүлдэг байна. Нэгдсэн эмнэлгийн эмч "О" 15 жил хорих байгууллагад ажиллах хугацаандаа 12 удаа эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагджээ. Тиймээс Улаанбаатар хотод байдаг хорих эмнэлэгт ажиллах эмч мэргэжилтэн дутмаг байдаг байна.
5
ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж мэдээлэлдээ:
-ХЭҮК 2013 онд нийт 650 гомдол хүлээж авч шийдвэрлэсний 289 нь хорих буюу цагдан хорих байгууллагад хоригдож байгаа хүмүүсээс иржээ. Он гарсаар 282 гомдол хүлээн авсны 134 нь хорих анги, цагдан хорих байгууллагад хоригдож байгаа хүмүүсээс иржээ. Энэ нь цаашид өсөх хандлагатай байна. Сүүлийн жилүүдэд ирж байгаа гомдлын өнгө аяс эрүүдэн шүүх, нэр төрийг нь доромжлон харьцахын эсрэг конвенцид нийцэх байгаа. ХЭҮК хорих ангиудад байнгын шалгалт сургалт хийдэг. Энэ жил 25 хорих ангид сургалт хийхээр Чехийн байгууллагаас санхүүжилтийг нь гаргуулахаар болж байна. ХЭҮК-иос мөрдөн байцаалтыг камертай болгоё гэдгийг санал болгож байгаа гэлээ. Албаны хүмүүсийг мэдээлэл хийсний дараа гишүүдийн сонирхсон асуултдаа хариулт авлаа.
6
-Урьдчилан хоригдож байгаа хүмүүстэй уулзах гэхээр АТГ-аас асуу гэдэг. Энэ асуудал хэзээ дуусах вэ? Өчигдөр Дархан-Уул аймгийн хориход хүн нас барлаа гэж байна. Хүн эмчлүүлье гэхэд дээрээс эмчилж болохгүй гэдэг үүрэг өглөө гэж байна. Хэн үүрэг өгсөн бэ? Хууль бусаар хоригдож байгаа асуудалд прокурор ямар хяналт тавьж байна вэ?
7
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр:
-Мөрдөн байцаагчийн тантай харьцсан асуудалд хариуцлага тооцсон. Гэхдээ та ганцаарчилж уулзах гэсэн санал тавьсан байна лээ. 2014 он гараад 114 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. 22 хүнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Найман сар шалгаад тогтоож чадахгүй байгаа хэргийг шалгаж дуусаагүй байна. Тиймээс мэдээлэл өгөх боломжгүй.
7
ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Ядамдорж:
-Дээрээс үүрэг даалгавар өгөөгүй. Миний зүгээс ч, бусад байгууллагаас ч өгөөгүй. Тухайн хүн ажил мэргэжлээ өөрийн итгэл үнэмшлээр хариуцлага хүлээнэ гэж эмч, цэргийн тангараг өргөсөн, дадлага туршлагатай эмч. Шүүх эмнэлгийн дүгнэлт гарахаар мэргэжлийн алдаа юу, хариуцлагагүйн алдаа юу гэдэг нь шийдэгдэх байх. Хариуцлагаас мултрах гэж оролдохгүй. Хариуцлага хүлээхэд бэлэн байна. Д.Амарсайхан агсны нас барсан нь гэнэтийн харамсалтай зүйл болсон. Үдээс өмнө 12 цагт төрсөн ах нь ирж уулзсан. Бичлэг нь байгаа. Инээж хөхөрсөн, баяр хөөртэй байсан. Үдээс хойш 15 цагт өмгөөлөгч нь ирээд уулзах гэсэн. Энэ үед Чандмань, Анхбаяр, Энхбат гэж дөрвөн хүн байсан. Ороод хоёр минут болоод гэнэт суусан. Ухаан алдах үед нь Анхбаяр массаж иллэг хийсэн. Эргээд ухаан орсон. "Үхэх нь, ёоёо" гээд дахиад суусан. Манай эмч нар дөрвөн минутад очсон. Хиймэл амьсгал хийсэн. 103 түргэн тусламж ирсэн. Үнэхээр амь насыг нь аварч чадаагүй. Онц ноцтой ялтан оргоогүй. Эмнэлэгт олгойны хагалгаа хийлгэсэн оргодол оргосныг баривчилсан.
6
Уржигдар орой Дархан-Уул аймгийн хорих ангид 25 жилийн ялтай хоригдол нас барьсан. Аймгийн нэгдсэн эмнэлгийнхэн гурван цаг гаруй тусламж үзүүлээд амь насыг нь аварч чадаагүй. Өмнө нь 2-3 удаа эмнэлэгт хэвтсэн. 50 настай, хугацааныхаа найман жилийн ялыг эдэлсэн байсан.
7
Нийслэлийн прокурорын орлогч Ц.Батболд:
-Прокурорын байгууллага хуулийн дагуу хяналтын чиг үүргээ хэрэгжүүлээд явж байна. Хяналтын явцад хууль тогтоомж зөрчсөн зөрчлийг илрүүлээд явж байгаа. Хүн нас барсан асуудалд эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна. Одоо мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учраас хэн нэг хүнд хариуцлага тооцох асуудал ярих нь эрт байна.
7
Хуульзүйн сайд Х.Тэмүүжин:
-Хорих байгууллага, цагдан хорих байгууллагын нөхцөл байдал өмнөх жилүүдээс дээшилж байна. Гэхдээ дутагдалтай зүйл байгаа. Барилга,байгууламж муу. Цагдан хоригдож байгаа иргэд нар, агаартай харьцах боломжгүй. Энэ нь хүний эрхийн нөхцөл байдлаасаа агааржуулалт, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Хорих байгууллагын үйл ажиллагаа явуулж байгаа орчин дутагдалтай. Цагдан хорих байгууллагыг хэсүүлэн хорих нь эрүүдэн шүүх шинжтэй байна гээд хэргийн харьяаллын хүрээнд цагдан хорьдог байя гэж байгаа. Цагдан хорих байгууллагад иргэнийг барьж хорьчоод, гүйцэтгэх ажиллагаа явуулна гэдэг нь зөрчилтэй. Тиймээс хууль тогтоомжийн хүрээнд нягтлахыг ШШГЕГ-т өгсөн. Цагдан хоригдож байгаатай холбоотой байцаалтын журмаас давсан асуудал хөндөгдөөд байгаа юм биш биз гэдэг асуудал гарсан. Хэм хэмжээний зөрчилтэй холбоотой ёс зүйн гомдол өмгөөлөгчид, хуулийн байгууллагын зүгээс гарсан байсан. Эмчийн ярилцлага дотор "дээрээс өгсөн чиглэл" гэж байсан. Албан ёсны тайлбар дотор алга байна. Дээрээс гэдэг эзэнгүй үгийн ард хууль зөрчих, хүний эрх, эрх чөлөөг давж гишгэдэг хандлага байна. Энэ чиглэл аман хэлбэртэй байгаа бол түүнийг таслан зогсооно.
6
Хүний эрхийн дэд хорооны хурал үргэлжилж байна.
.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ