
Аймгийн залуучуудын холбооноос санаачлан 90 залууг оролцуулан залуу малчдын зөвлөгөөн зохион байгууллаа.
Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн арга хэмжээ хөдөө орон нутагт үе шаттайгаар үргэлжилж энэхүү зөвлөгөөнийг ч мөн ойд зориуллаа. Уригдсан малчдын дунд улсын сайн малчин Ж.Цэнгэл, аймаг, сумын аварга, мөн шилдэг залуу малчны цол хүртэн амжилт бүтээлээрээ алдаршиж яваа сайчууд ч олон иржээ.
Зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, ХХААЖДҮГ-ын дарга болон УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир, БСШУ-ы сайд Е.Отгонбаяр, ХААИС-ийн багш, доктор Д.Сэмбээжав оролцсон байна.
Мал аж ахуйн үйлдвэрлэлд үр бүтээлтэй ажилладаг залуучууд ХХААХҮЯ, аймгийн ИТХ, Засаг дарга, МЗХ-ны шагналуудыг гардан авч улам үр бүтээлтэй ажиллах урмаар жигүүрлэцгээсэн байна.
Залуу малчид мөн сургалтад оролцож малчдын талаар төрөөс баримталж буй бодлого, түүний хэрэгжилт, МАА-н онол арга зүй, мал аж ахуйн үйлдвэрлэлийн менежментийн талаар ХААИС-ийн багш эрдэмтдийн үгийг амтархан сонсч, сайн малчдын туршлага, бэлчээрийг зөв зохистой ашиглах, усжуулах, өндөр ашигт, үржил шимтэй үүлдэр өсгөх, малаа индексжүүлсэн даатгалд хамруулахын ач холбогдол зэрэг асуудлаар салбарын бодлого хариуцсан удирдлага болон мэргэжилтнүүд, мөн ХАА-н мэргэжилтэн бэлтгэдэг МСҮТ-ийн багш нар “Мэргэжилтэй малчин залуус” сэдэвт хичээл заасныг талархан хүлээн авчээ Зөвлөгөөнд оролцогчид уриалга гаргасны дээр чөлөөт ярилцлага, хэлэлцүүлгээр санал бодлоо солилцсон байна.
Тэд орон нутгийнхаа залуу нөхдийн урлан хийсэн зүйлээс дээжлэн авчирч үзэсгэлэн гаргасныг ажлын хэсэг томилон Тэшиг, Сайхан, Орхон сумын залуучуудын ширэн эдлэл, хурганы элдсэн арьс, эмээл хазаарыг шалгаруулан шагнав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ