Индонез Монголын Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг хийнэ

img

Ардчиллын төлөөх Балийн IY чуулганд оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Индонезийн Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёонотой албан ёсны уулзалт хийлээ. Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд энэ удаагийн чуулга уулзалтыг амжилтай зохион байгуулж буй явдалд нь баяр хүргэлээ. Түүнчлэн тэрбээр  өнгөрсөн хугацаанд хоёр талын харилцаа хамтын ажиллагаа өргөжиж байна гээд, зөвхөн хоёр талын хүрээнд төдийгүй олон талт хамтын ажиллагааны чиглэлээр ч амжилттай хөгжиж буйг онцлон тэмдэглэв. Үүний тод илрэл нь Индонезийн тал манай талыг Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлэгч орны хувьд Ерөнхий сайдын түвшинд урьж оролцуулж буй явдал болохыг талууд харилцан тэмдэглэлээ. Ерөнхий сайд С.Батболд Монгол Улс бүс нутагт ардчиллыг түгээн дэлгэрүүлэх, бэхжүүлэх талаар Балийн чуулга уулзалтын зарчим, үзэл санааг бүрэн дүүрэн дэмжиж  байгаагаа илэрхийлэв. Мөн Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн тэргүүний хувьд Ардчиллын боловсролыг гол сэдэв болгон, иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжин ажиллах, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бусад улс оронтой туршлага солилцон ажиллахыг үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэл болгон ажиллаж байгааг тэмдэглэж энэ хүрээнд Балийн чуулга уулзалт, АОХН-ийн зорилго, үйл ажиллагаа нийлж байгааг онцоллоо. Индонезийн Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёоно урилгыг хүлээн авч тус чуулганд оролцож буйд нь талархал илэрхийлээд Ази, Номхон далайн бүс нутгийн улс орны засгийн газрууд ардчиллыг хөгжүүлэн бэхжүүлэх үйлсэд хамтран ажиллах бүрэн бололцоо, хүсэл эрмэлзэлтэй болохыг Балийн чуулга уулзалт харуулж байна.Уг чуулга уулзалт болон АОХН-ийн хүрээнд Монгол улстай  идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Энэхүү уулзалт болон чуулга уулзалтын нээлт зэрэг бусад арга хэмжээнд оролцох үеэрээ Ерөнхий сайд С.Батболд Индонезийн Ерөнхийлөгч Сусило  Бамбанг Юдоёонотой хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хэрхэн үр ашигтай, бодит үр дүнтэй болгон хөгжүүлэх асуудлаар санал солилцов. Хоёр талын хамтын ажиллагааг эн тэргүүнд аль салбарт хөгжүүлэх талаар тодорхойлж, Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг хийх, Засгийн газрын гишүүд, яамдын хоорондын харилцааг идэвхжүүлэх чиглэлээр одооноос эхлэн идэвхтэй ажиллахаар тохиролцов. Ирэх 2012 оны хавар Улаанбаатар хотноо болох Энхийг сахиулагчдын цугларалтад оролцох зэргээр энхийг сахиулах үйл ажиллагааны хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал нэгтэй байгаагаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар харилцан тэмдэглэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ