Пенелопа Круз: Нүд бол миний нэрийн хуудас
Испанийн Жулия Робертс гэгддэг Пенелопа Круз “LV magazine” сэтгүүлд өнгөрөгч амралтын өдөр ярилцлага өгчээ. Тэрбээр 2009 онд “Хар зүүд” уран сайхны киногоороо Оскарын шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртсэн анхны гадаадын уран бүтээлч юм.
.
-Энэ зун юу хийхээр төлөвлөсөн бэ?
-Испанид очиж Педро Альмодоварын кинонд тоглоно. Гэр бүлийнхэнтэйгээ ч уулзана. Би Педротой дахин хамтран ажиллана гэхээс их баяртай байна. Хэрвээ тэр намайг хаднаас үсэр гэвэл би юу ч бодохгүй үсэрнэ. Яагаад гэвэл намайг газарт унагахгүй гэдгийг мэдэж байгаа учраас.
.
-Амьдралын мөрдлөг?
-Юуг эрх чөлөө гэж нэрлэхээс хамаарна. Эрх чөлөөг хайр сэтгэлтэй холбоход төвөгтэй. Та надаар хувийн амьдралыг минь яриулахыг хүсч байгаа бололтой. Магадгүй би сэтгүүлч байсан бол бас л ийм асуулт тавих байсан байх. Би ажил амьдралаа хутгадаггүй. Хувийн амьдралаа нууцалдаг. Бид одоо ажлын тухай ярьж байна. Хэрвээ би Том Крузын нэрийг дурьдах л юм бол “Пенелопа Круз: Том Круз ийм юм хийх дуртай” гээд гарчиг өгнө шүү дээ. Хэдийгээр энэ ярилцлагад Том Круз ямар нэгэн байдлаар хамааралгүй ч гэсэн. Та тэр хүнтэй холбоод л гарчиг өгчих болно. Тэгээд л маргаашнаас эхлээд шар хэвлэлээр Том бид хоёрыг холбосон нийтлэл, тэд харилцаагаа сэргээжээ гээд л бичиж гарна. Нэг зүйлийг хэлэхэд, Том бид хоёр нэг нэгэндээ хайртай байсан. Бид гал шиг дурлалцаж мөс шиг салцгаасан.
.
-Би амлаж байна аа. Ярилцлагандаа Томын тухай дурсахгүй гэдгээ амлаж байна. Та бусад уран бүтээлч шиг байнга уран бүтээлд тоглохгүй усанд хаясан чулуу шиг алга болчих юм. Нэг бол од олны танил байхаас залхдаг юм уу?
-Магадгүй л юм.
.
-“Эргэж ирсэн нь” киноны дараа таныг Холливууд хоёр дахь удаагаа жинхэнэ ёсоор хүлээж авсан шиг санагддаг. Харин гурав дахь удаагаа гэж байх болов уу?
-Тийм гэдэгт найдаж байна. Энэ киноны дараа Холливууд намайг өөр өнцгөөс харж сайн зохиол, сайн дүр санал болгож байгаа.
.
-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
-Энэ чинь ёстой асуудал шүү. Өөртөө зарцуулах цаг огтхон ч гардаггүй. Тухайлбал, одоо хүртэл би жолооны үнэмлэхгүй. Хувцсаа эмхэлж янзлах гээд завдахгүй л явна. Хийх зүйлээ жагсаасан уртын урт цаас бий. Хөгжимд дуртай. Тэгэхдээ дуртай зүйлдээ зав гарахгүй байна.
:
-Яг одоо юу хийж байна?
-Сүүлийн үед зөвхөн ганц л альбом сонсч байгаа. Манай дүү Эдуардогийн “Things To Say”. Испани хэл дээр л дээ. Маш сайн хөгжим болохоор удахгүй дэлхий даяар түүнийг сонсох байх. Одоо хийж байгаа зүйл гэвэл энэ байна.
.
-Та үхлийн тухай боддог уу?
-Би залуугаараа үхмээргүй байна. Эсвэл осол аваараар ч юм уу. Үхлийг би амьдралын үргэлжлэл гэж боддог. Би Мерилин Монро шиг дэлгэцэнд мөнхөрмөөргүй байна. 37 нас бол үхэхэд хэтэрхий залуу нас. Харамсалтай шүү. Миний сонирхдог сэдвийн нэг бол Монрогийн үхэл.
.
-Таны бие дээр “887” гэсэн шивээс байна?
-Энэ тоо бол миний амьдралд маш чухал үүрэг гүйцэтгэсэн, утга учиртай шивээс. Наймын тоо надад аз авчирдаг. Цааш нь дэлгэрэнгүй яримааргүй байна.
.
-Та өөрийнхөө аль хэсэгт хайртай вэ?
-Нүд. Нүд бол миний нэрийн хуудас.
.
-Тиймээ таны нүд гайхалтай. Би дөнгөж гуч шүргэсэн бүсгүйчүүдийн амнаас насандаа хэрхэн санаа зовж байгаа яриаг сонсох бүртээ алгадаж аваад ухааныг нь сэргээмээр санагддаг?
-Би 80 насандаа толинд өөрийгөө хараад насандаа тохирсон эмэгтэй байгааг л олж харахыг хүсч байна. Манай эмээ үрчлээс ихтэй байсан. Эмээ маань надад үрчлээс бүр нь өөрийн гэсэн түүхтэй гэж хэлсэн. Тиймээс амьдарсан жил бүр миний гадаад төрхөнд өөрийнхөө ул мөрийг үлдээнэ гэдгээс би айхгүй байна. Гоо сайхны мэс засалд орж буй бүсгүйчүүдийг би шүүмжлэхгүй, харин нас нь явж буйд харамсдаг эмэгтэйчүүдийг тэвчиж чадахгүй. Тиймээс хоёулаа яг адилхан үзэл бодолтой юм байна. Өөрийгөө байгаагаар нь хүлээж авч, өөрийгөө үрчлээстэй, гундсан чигээр хайрла. Сайхан хөөрхөн үедээ өөрийгөө хайрла. Энэ биеэ үргэлж хайрла. Олонхи хүмүүс “Байгаагаар минь хайрлах хүнтэй учрахыг хүсдэг” гэж ярьдаг. Тэгтэл бид өөрсдийгөө байгаагаар нь хүлээж авч чадахгүй бол хайр сэтгэлийн тухайд ярих ч хэрэг байна уу. Би ажлаа хийж байх үедээ муухай харагдана гэдгээс айдаггүй. Заримдаа дүрдээ тохирохын тулд сахал тавиулж, үрчлээсээ тодотгоно. Нэгэнт шулам болж байгаа л юм бол шулам шиг л байх хэрэгтэй. 30 насандаа 20 настай мэт харагдахгүй байна хэмээн харамсахыг би тэвчихгүй. Хүн цаг үедээ тааруулж амьдрах хэрэгтэй.
.
-Таны нөхөр Хавьер Бардем хэлэхдээ “Пенелопа Круз бол энэ амьдралдаа учирсан хамгийн эршүүд бүсгүй” хэмээн хэлж байсныг санаж байна?
-Холливуудаар дүүрэн байдаг хөөрхөн бүсгүйчүүдийн нэгийг Хавьер сонгож болох л байсан. Гэвч түүний сонголт нь залуу биш боловч өөрийгөө үнэлж чаддаг бүсгүй чамаас өөр байгаагүй гэж хуримын санал тавихдаа хэлсэн. Тэр үед ямар аз жаргалтай байсан гээч. Яг л өнөөдөр шиг.
.
-Дэлхийд алдар нэртэй та анхаарлын төвд байна гэдэг ямар байхыг сайн мэддэг. Таны хайр сэтгэлийн түүхийг, учирсан эрчүүдийг зураг хөрөгтэй нь, ярилцлага, санаа сэтгэгдэлтэй нь олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр багагүй цацаж байсан. Ирээдүйн нөхөртэйгээ хэрхэн танилцсан юм бэ?
-Нөхөртэйгээ 18 насандаа анх танилцаж байсан. Гэвч 20 жилийн дараа л хайр сэтгэлийн холбоотой болсон. Нөхрийн минь таалагддаг ганц зүйл бол тэр хувийн амьдралдаа хэнийг ч нэвтрүүлдэггүй. Гэр бүл болон намайг үргэлж бусдаас хамгаалдаг. Би ч тэр, манай нөхөр ч тэр хувийн амьдралаа сэтгүүлчдэд дэлгэхгүй, тэр тусмаа сонины зурагчинг гэртээ урьж зураг авахуулахгүй.
.
-Та хичнээн дур булаам эмэгтэй байсан ч, олон тооны шүтэн бишрэгчтэй байсан ч түүний амьдралын хамгийн чухал, нандин зүйлүүд зөвхөн түүнийх байх ёстой гэсэн үг үү?
-Амьдралыг сүйрүүлдэггүй юмаа гэхэд, сэтгэл санаагаар унагааж чадах элдэв хов живээс илүү өөрийгөө байнга хяналтад байлгах, өөрийгөө хэн нэгэнтэй харьцуулж харах нь чамайг үгүй болгох ба өрөөлийн бус, өөрийнхөө аз жаргалыг олоход юу чухал вэ гэдгийг олж харахад саад учруулдаг юм. Би энэ бүхнийг саяхнаас л мэдсэн. Анх нөхөртэйгөө гэрлээд хувийн амьдралаа хэтэрхий их нууцалж, намайг олон нийтийн газраар чөлөөтэй явуулдаггүй байхад би их гайхдаг байсан. Харин дараа нь намайг хамгаалж буй нэг хэлбэр гэдгийг нь ойлгосон.
.
-Өнгөрсөн сарын сүүлчээр 40 насныхаа төрсөн өдрийн баяраа тэмдэглэсэн. Хэрхэн тэмдэглэв?
-Үгүй ээ. Гэр бүлийнхэнтэйгээ хамт найзуудаа урьсан. Гэхдээ гэнэтийн байдалд цочирдсон шүү. Найзууд гэр бүлийнхэн маань бэлэг өгч, дуулж, баяр хүргэж эхэлсэн. Би үүнд яаж хариулахаа ч мэдээгүй. Хэт сэтгэл хөдөлснөөсөө болоод бялууны лааг унтраах гэж үсээ хүртэл шатаасан шүү. Гэхдээ азаар өөрийгөө галдан шатаачихаагүй, найзууд маань аварсан /инээв/.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ