ТӨР ХАР ТАМХИНЫ СҮЛЖЭЭНД БАРЬЦААЛАГДСАН УУ?

img

 

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг чөлөөлсөн асуудал өнөөдөр нэг хүний албан тушаалын маргаан төдий харагдахгүй байна. Учир нь чөлөөлөгдөж буй сайдын ярилцлагад хэлсэн үгсийн цаана Монголын төрийн дотоод аюулгүй байдал, хууль сахиулах байгууллагын хараат бус байдал, хар тамхины гэмт хэрэг, хууль бус алт олборлолт, зохион байгуулалттай гэмт хэрэг болон улс төрийн нөлөөллийн тухай маш ноцтой асуултууд тавигдаж байна.

Тэрээр “нэг сайдыг чөлөөлөх асуудал биш” хэмээн тодотгож, хууль бус үйлдэл, зохион байгуулалттай гэмт хэргийн талаар мэдээлсэн, үүнтэй эвлэрээгүйн төлөө дарамт шахалт ирсэн гэж ярьсан юм. Бүр цаашлаад Хууль зүйн салбарыг өөрийн төсөөлж байснаас хавьгүй илүү хэмжээнд “улс төр, бүлэглэлийн нөлөөнд орсон” байж болзошгүй гэж үзэж байгаагаа хэлчихсэн. Түүний мэдэгдлийг зүгээр нэг улс төрийн хэрүүл гэж хараад өнгөрөхөд дэндүү ноцтой асуудлууд дурдагдаж байна.

 ХАР ТАМХИ

Ярилцлагын хамгийн анхаарал татах хэсэг нь хар тамхи, хууль бус алт олборлолт, зохион байгуулалттай гэмт хэргийн талаар дурдсан явдал. Монголын цагдаагийн байгууллага ч сүүлийн жилүүдэд хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчил нэмэгдэж буй талаар мэдээлж ирсэн. 2017-2026 онд хар тамхитай холбоотой хууль бус эргэлттэй тэмцсэн ажиллагааны хүрээнд их хэмжээний бодис хураасан талаар цагдаагийн албан тушаалтан мэдээлж байсан. Тиймээс “улс орны хувь заяа ноцтой хэмжээнд хүрч мэднэ”, “хүүхэд залуучуудын хувь заяа дээсэн дөрөөн дээр байна” гэсэн мэдэгдлийг зөвхөн улс төрийн сүржин үг гэж үзэхээс өмнө асуух ёстой асуулт байна.

Хэрэв хар тамхины сүлжээ төрийн байгууллага, улс төр, хууль сахиулах системийн аль нэг түвшинд хамгаалалттай болсон бол яах вэ?

Энд асуудал хар тамхи хэрэглэсэн хэдэн хүүхэд, залуугийн тухай яриагаар дуусахгүй.

Хар тамхины гэмт хэрэг зохион байгуулалттай гэмт хэргийн санхүүжилттэй холбогдох боломжтой. Зохион байгуулалттай гэмт хэрэг хууль бус мөнгөний урсгалтай холбогдоно. Хууль бус мөнгө улс төр, төрийн албан тушаал, хууль сахиулах байгууллагад нөлөөлөх оролдлого хийх өндөр эрсдэлтэй.

Хууль бус үйл ажиллагаатай тэмцэх гэсэн хүмүүсийг улс төрийн нөлөө бүхий хүмүүс болон тэдний “гар хөл” болсон этгээдүүд зогсоодог гэсэн агуулга дурдагдав. Энэ бол төрийн байгууллагуудын шалгах ёстой ноцтой мэдэгдэл. Учир нь хэрэв улс төрийн албан тушаалтан хууль сахиулах ажиллагааг зориудаар зогсоож, мөрдөн шалгах ажиллагаанд нөлөөлж, тодорхой бүлэг этгээдийг хамгаалсан бол төрийн институцийн асуудал болж хувирахаар байна.

Сүүлийн өдрүүдэд ХЗДХ-ийн сайдын томилгоотой холбоотойгоор парламентын үйл ажиллагаа, МАН-ын бүлгийн дотоод зохион байгуулалт, гишүүдийн оролцоотой холбоотой асуудал хэвлэлийнхэний бай болж буй. Ийм нөхцөлд асуудлыг зөвхөн хэн сайд болох вэ?” гэж харахаас илүү  С.Амарсайханы ярьсан зүйлс үнэн бол дараагийн сайдад хамгийн хүнд даалгавар очихоор байна, гэхдээ чадах уу?

Г.Тэмүүлэн зөвхөн яам удирдахгүй, хууль сахиулах байгууллагуудын хараат бус байдлыг хамгаалах ёстой. Зохион байгуулалттай гэмт хэргийн сүлжээг илрүүлэх ёстой. Хар тамхины хууль бус эргэлтийн ард байгаа санхүү, зохион байгуулалтын сүлжээг мөрдөх ёстой. Хууль бус алт олборлолт, авлига, улс төрийн нөлөөлөл хоорондоо холбогдож байгаа эсэхийг шалгах ёстой болж байна. Тэгээд ээнэ бүхнийг шалгах явцдаа өөрийнх нь ажилд улс төрийн нөлөөлөл орж ирэхээс хамгаалах ёстой гэдгийг ч С.Амарсайхан өөрт нь дайжээ.

С.Амарсайхан өөрийн ярилцлагадаа ХЗДХ-ийн салбар бол “том салбар, том сүлжээ” бөгөөд үүнийг баримтжуулж, гаргаж ирэхэд хугацаа шаардлагатай гэж ярьсан. Сүлжээ гэж яг юуг хэлээд байна вэ? Хууль бус мөнгөний сүлжээ юу? Аль эсхүл хар тамхины сүлжээ юу? Цагдаа, прокурор, шүүхийн түвшний нөлөөлөл үү? Улс төр, бизнес, хууль сахиулах байгууллагын холбоо юу? Эсвэл эдгээрийн тодорхой хэсэг хоорондоо холбогдсон бүтэц үү?

Хэрэв хар тамхины хууль бус эргэлт нэмэгдэж байгаа бол төр үүнийг гэмт хэрэг бүртгэх статистикаар хэмжихээс гадна хэн нийлүүлж байна, хаанаас орж ирж байна, мөнгө нь хаашаа явж байна, хэн хамгаалж байна, ямар сүлжээ ажиллаж байна гэдгийг тогтоох ёстой. Харин ийм ажиллагааг улс төрийн нөлөөгөөр зогсоодог гэх мэдээлэл үнэн бол асуудлын цар хүрээ хэд дахин томорно. Тэгэхээр хар тамхитай тэмцэх төрийн байгууллагууд өөрсдөө хэр хараат бус вэ? гэдэг хамгийн чухал байна. С.Амарсайхан дараа дахин энэ тухай илүү мэдээлэл өгнө хэмээв. Гэхдээ юу хүлээж азнав? Ноцтой мэдээлэл хийж, хэсэг хугацаанд улс төрийн хэрүүл болоод, дараа нь бүгд мартах уу? Төр хууль бус сүлжээтэй тэмцэх чадвараа хадгалж үлдэж чадах уу?

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Жак:
бүгдийн шалгах хэрэгтэй
2026-09-21
С.АМАРСАЙХАН:
ЦАГДАА ! ХАР ТАМХИ , МӨРИЙТЭЙ ТОГЛООМЫН ЛУЙВРЫН АРЫГ ДААДАГ МАФИ СҮЛЖЭЭ БОЛСОН !
2026-09-21