Н.Алтанхуягийг цэцэд ховолж, Э.Бат-Үүлийг шүүхэд өгчээ
Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооноос өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Тэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхэд тулгардаг асуудлыг хөндөж, тэдэнд үйлчлэх нийтийн тээврийн хэрэгслийг хүртээмжтэй болгохыг шаардаж буйгаа илэрхийлсэн юм.
6
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 25 аж ахуй нэгжийн 1174 автобус, 24 аж ахуй нэгжийн 872 микроавтобус нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байна. Тэднээс тодорхой хэсэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээ үзүүлдэг гэж Төрөөс нөхөн олговор авдаг.
6
Гэвч эдгээр тээврийн хэрэгслийн нэг нь ч хөгжлийн бэрхшээлтэй иргэн зорчих боломжгүй гэх дүгнэлтийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Автотээврийн хэрэгслийн зөвлөх инженерүүдийн зүгээс гаргасан байна. 2007 онд манай улс Автотээврийн тухай хуулинд “нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа хараагүй хүнд зориулж буудлыг зарлах, сонсголын бэрхшээлтэй иргэнд зориулан буудал бүрт нэр хаяг, чиглэлийг бичмэл болон зургийн хэлбэрээр байрлуулах”, “20 ба түүнээс дээш нийтийн тээврийн хэрэгсэлтэй тээвэрлэгчийн тээврийн хэрэгслийн 10-аас доошгүй хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг тээвэрлэхэд зориулагдсан байх” зэрэг хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хүндэтгэсэн заалтууд орж байжээ. Гэтэл үүнээс хойш долоон жилийн хугацаа өнгөрсөн ч дээрх заалтын ганц нь ч хэрэгжээгүй, нийтийн тээврийн хэрэгслүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ад үзэж, тэдэнд үйлчлэхдээ дургүйцсэн хэвээр байгааг тэд хэлж байв.
5
Мөн дээрх хуулийн дагуу журам гаргах ёстой Засгийн газар, нийслэлийн Засаг дарга үүргээ биелүүлэхгүй байна. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрх ашгаа хамгаалах үүднээс хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайдыг Үндсэн хуулийн цэцэд, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийг Захиргааны хэргийн шүүхэд өгч буйгаа өнөөдөр мэдээлсэн юм.
6
Манай улсад нийт 120 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас 30 гаруй мянга нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг гэсэн судалгаа байдаг. Уг судалгаанд үндэслэн Засгийн газраас 30 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийтийн тээврээр зорчдог гэж тооцон нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжид нөхөн төлбөр олгодог. 2011 оноос хойш нийт 41 аж ахуй нэгжид 13.2 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгожээ. Эдгээр аж ахуй нэгжийн дотор хөгжлийн бэрхшээлтэй иргэнд огт үйлчилдэггүй, зарим тохиолдолд үйлчлэхдээ тэргэнцэртэй иргэнээс хоёр хүний төлбөр авдаг микроавтобусууд багтсан байна.
6
Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагын үндэсний холбооны Ерөнхийлөгч Ц.Оюунбаатар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилдэггүй эдгээр байгууллагад нөхөн олговрыг яагаад өгдөг байсан нь сонин байгаа юм. Үүнийг холбогдох газарт нь хандаж шалгуулна” хэмээн мэдэгдлээ.
6
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ