Л.Гантөмөр: Инженерүүдийг энэ хөтөлбөрт хамруулж болно
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.
5
Монгол Улсын Ерөнхий сайдын 2013 онд Япон Улсад хийсэн албан айлчлалын үеэр баталсан “Монгол, Японы Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр”-т “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл нь Шинжлэх ухаан технологийн их сургууль, Монгол Улсын их сургуулийн инженер бэлтгэх болон байгалийн ухааны хөтөлбөрүүдийг олон улсын түвшинд хүргэх, багш, эрдэмтэн судлаачдын сургалт, судалгааны ажлын чанарыг дэмжих, инженер техникийн чадварлаг мэргэжилтэнг богино хугацаанд бэлтгэх зорилготой аж.
Энэхүү төсөлд заасны дагуу Японы эрдэмтэн, багш нар Монголд урт, богино хугацаанд ирж хөтөлбөр боловсруулахаас гадна манай эрдэмтэн, багш нартай хамтран 20 төрлийн хамтарсан судалгааг хийх аж. Хэлэлцээний дүнд 7,535,000,000 иен (74,1 сая ам.доллар)-ийг зээлийн жилийн хүү 0.2 хувь, эргэн төлөлтийн хугацаа 20 жил, эхний 6 жил зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөхөөр талууд тохиролцсон байна.
4
"Инженер, технологийн дээд боловсрол" төслийн зээлийн хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлуулах тухай хуулийн төслийг БШУ-ы сайд Л.Гантөмөр танилцуулсны дараагаар гишүүдийн асуултад хариуллаа.
4
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Энэ төсөл хөтөлбөрт одоо ажиллаж байгаа инженерүүд хамрагдах бололцоотой юу? Томоохон бүтээн байгуулалт хийхэд үндэсний инженерүүд шаардлагатай байдаг ч давтан бэлтгэл хийгдээгүй байдаг.
4
-Зээлийн гэрээгээр сураад Монголдоо ирж таван жил ажиллах юм бол тэтгэлэг болно. Энэ нь төр, хувийн хэвшил бүгд хамаарна. Одоо ажиллаж байгаа инженерүүдийг энэ хөтөлбөрт хамруулж болно. Бид зээлийн гэрээгээ хөнгөлөлттэй хийх бололцоотой. Богино хугацаанд 1000 хүн явуулж сургана. Ойрын үед хэрэгцээтэй байгаа мэргэжлүүдийн төлөвлөлт хийнэ. Судалгаа гаргана. Дэлхийн шилдэг инженерийг 7-8 дахин хямд зардлаар сургаад авах бололцоотой. Доктор, магистрийн сургалтад суралцах хугацаанд байр, унааны зардал бүгд багтсан.
4
УИХ-ын гишүүн С.Баярцогт:
-Энэ зээлийн хэлэлцээрийг дэмжиж байна. Бид өмнө нь буурай хөгжилтэй орон байхдаа тусламжаар явдаг байсан. Харин одоо "доогуур дундуур" хөгжилтэй орны төвшинд очсон болохоор зээлээр суралцах болсон байх. Гэхдээ тусламжаар сургах сургалтад хүүхдүүдийг хамруулах хэрэгтэй. Энэ төслийн үр дүнд манай төгсөгчдийн диплом японы 10 сургуульд шууд хүлээн зөвшөөрөгддөг байх хэрэгтэй.
5
Ийнхүү гишүүд асуулт асууж, саналаа хэлсний дараагаар Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах санал хураалт явуулав. Зээлийн хэлэлцээрийг батлахыг гишүүдийн олонх дэмжив.
5
Одоо Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
6
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ