Судалгаанд хамрагдсан иргэдийн 50.2 хувь нь нийгмийн халамжийн үйлчилгээг авсан гэжээ

img

Удирдлагын академийн Бодлого судлалын хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарын 2011 оны бодлого, үйл ажиллагааг хэрэглэгчид хэрхэн үнэлж буй талаар санал асуулга явуулжээ. Тус санал асуулгад Ховд, Хэнтий, Орхон, Сүхбаатар, Говь-Алтай, Увс аймаг болон Улаанбаатар хотын нийт 4100 иргэн хамрагджээ. Иргэд НХХ-ийн салбарын 2011 оны үйл ажиллагааг өмнөх онтой харьцуулахад ахиц гарч байгаа гэж үнэлжээ. Судалгаанд оролцогсдийн 2/3 нь нийгмийн халамжийн үйлчилгээнд, 1/5 нь хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд, 1/6 нь  нийгмийн даатгалын үйлчилгээнд эерэг өөрчлөлт гарсан гэж үзсэн байна. Судалгаанд хамрагдсан иргэдийн 50.2 хувь нь нийгмийн халамжийн үйлчилгээг, 41.9 хувь нь нийгмийн даатгалын үйлчилгээг, 29.2 хувь нь хөдөлмөрийн үйлчилгээг 2011 онд авсан бөгөөд үйлчилгээнд хамрагдахад зарим нэг бэрхшээл тулгардаг гэж 10 орчим хувь нь хариулжээ. Эдгээр бэрхшээл нь шат дамжлага ихтэй, үйлчилгээ үзүүлж буй ажилтануудын ур чадвар, харилцааны соёл зэрэгтэй холбоотой асуудал байдаг аж. “Судалгааны нэгдсэн дүнгээр нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарын 2011 оны бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт 77.8 хувьтай гарсан байна. Энэ нь тус салбарт хэрэгжүүлсэн 5 үйл ажиллагаа тутмын бараг дөрөв нь дундаас дээш түвшинд хэрэгжсэнийг харуулж байгаа юм” хэмээн судлаачид дүгнэлээ. Судалгааны дүнг Удирдлагын академийн Бодлого судлалын хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын зөвлөлийн хуралдаанд танилцуулж, цаашид тус салбараас үйл ажиллагааныхаа аль чиглэлд илүүтэй анхааран ажиллах нь чухал болох талаар зөвлөмж өгчээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ