Ч.Нармандах: 176 шүүгчид сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан
Өнөөдөр Шүүхийн ёс зүйн хорооноос сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Шүүхийн ёс зүйн хороо нь иргэд, албан тушаалтан, хуулийн этгээдээс гаргасан гомдол хүсэлтийг хянан шалгах ажиллагааг сайжруулах, шүүгчдийн ёс зүйн сахилга хариуцлагыг дээшлүүлэхээр ажилладаг. Мөн шүүгч зөрчил гаргасан нь нотлогдвол хариуцлага тооцох болон урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд өөрчлөлт, шинэтгэл хийж байгаа аж. Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооноос “Шүүгчийн ёс зүйн дүрэм”-ийг шинэчлэн баталж, өнгөрөгч гуравдугаар сарын 01-ний өдрөөс 68 зүйл заалттай шинэ дүрэм мөрдөгдөж байгаа юм.
5
Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга Ч.Нармандахаас зарим зүйлийг тодрууллаа.
5
-Одоогийн байдлаар хэдэн шүүгчид холбогдох гомдол ирсэн бэ. Тэдгээрийг хэрхэн шийдвэрлэж байна вэ?
-Шүүхийн тухай багц хууль хэрэгжиж эхэлснээс хойш Шүүхийн ёс зүйн хороо болон Шүүхийн ерөнхий зөвлөлд 281 шүүгчид холбогдох 183 гомдол, хүсэлтийг иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдээс ирүүлжээ. Ёс зүйн хорооны хуралдаанаар 222 шүүгчид холбогдох 141 гомдлыг хэлэлцэж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, шалгалтаар сахилгын хэрэг үүсгэх үндэслэл тогтоогдоогүй, гомдол нь шүүгчийн ёс зүйтэй холбоогүй зэрэг үндэслэлээр 176 шүүгчид сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан. Энэ нь нийт гомдлын 90 орчим хувийг эзэлж байна. Үүнээс харахад гомдол ирүүлж буй хүмүүс нотлох баримтад тулгуурлаагүй, харьяаллын бус шүүгчийн ёс зүйтэй холбоогүй гомдол хүсэлт ирүүлдэг аж.
5
-Бусад шүүгчид сахилгын шийтгэл ногдуулсан гэсэн үг үү?
-Ёс зүйн хорооны хуралдаанаар 16 шүүгчид сахилгын хэрэг үүсгэн нийт гишүүдийн хуралдаанаар найман хэрэг хэлэлцсэнээс зургаан шүүгчид холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож, нэг шүүгчид холбогдох хэргийг хэлэлцэхийг хойшлуулж, нэг шүүгчид гурван сарын хугацаанд цалингийн 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлээд байна. Шүүгчийг огцруулсан тохиолдол бол байхгүй. Харин гомдол хянан шалгах ажиллагааны явцад найман иргэн, аж ахуй нэгж байгууллага ирүүлсэн гомдлоо буцаасан.
5
-Ихэвчлэн ямар шалтгаанаар гомдол гаргаж байна вэ?
-Өмнөх онуудад шүүгч шүүх хуралдаан дээр зохисгүй байдал гаргасан гэх гомдол ихэнхийг нь эзэлдэг байсан. Гэхдээ энэ гомдол сүүлийн нэг жил эрс буурсан. Энэ нь шүүх хуралдааны танхимд дуу дүрс, хураагуурын тоног төхөөрөмж суурилуулан шүүх хуралдааны үйл явцыг бичлэгээр баталгаажуулж, олон нийтэд нээлттэй болгосон, шүүгчид мэргэжлийн болон ёс зүйн шаардлагыг ханган ажиллаж байгаагийн илрэл.
6
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ