Эдийн засгийн үзүүлэлтүүд
Эдийн засгийн үзүүлэлтүүд арваннэгдүгээр сард хэрхэн гарсан талаар Үндэсний статистикийн хорооноос дараах мэдээллийг өгч байна. Үнэт цаасны арилжаа арваннэгдүгээр сард 22 өдөр явагдаж, 34.0 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдэж, 10.1 сая ш үнэт цаас арилжигдсан байна. Хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэх ТОП-20 дундаж индекс 2011 оны 11 дүгээр сард 21148.7 болж, өмнөх сарынхаас 486.7 нэгжээр өсчээ. Улсын нэгдсэн төсвийн орлого ба тусламжийн нийт хэмжээ 2011 оны эхний 11 сард 3860.2 тэрбум төгрөг, зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 3813.3 тэрбум төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн нийт тэнцэл 46.9 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. Нэгдсэн төсвийн ашиг 2011 оны эхний 10 сарынхаас 75.3 хувиар багассан байна. Улсын нэгдсэн төсвийн тэнцэл өмнөх оны мөн үеийнхээс 24.1 тэрбум төгрөгөөр буурахад орлогын өсөлт нь зарлагын өсөлтөөс 2.3 пунктээр илүү байгаа нь нөлөөлжээ. Төсвийн урсгал орлого 3705.2 тэрбум төгрөг, урсгал зардал 2776.6 тэрбум төгрөг болж, урсгал тэнцэл 928.6 тэрбум төгрөгийн ашигтай гарав. Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 42.2 хувиар нэмэгдэхэд зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн орлогын албан татвар 85.1 хувиар буурсан хэдий ч дотоодын бараа, үйлчилгээний татварын орлого 68.8 хувь, бусад татварын орлого 2.2 дахин, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлого 44.8 хувь, гадаад худалдааны татварын орлого 77.4 хувь, нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 42.4 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Татварын бус орлого өмнөх оны мөн үеийнхээс 43.9 хувиар өсөхөд төсөвт газрын өөрийн орлого 46.5 хувь, хувьцааны ногдол ашгийн орлого 2.9 дахин, газрын тосны орлого 39.8 хувь, хүү, торгуулийн орлого 76.2 хувь, навигацын орлого 7.0 хувь, бусад нэр заагдаагүй орлого 5.7 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Улсын нэгдсэн төсвийн зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ оны эхний 11 сард 3813.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 48.3 хувиар нэмэгдсэн нь зээлийн үйлчилгээний төлбөрийн зардал 14.9 хувиар буурсан хэдий ч татаас, шилжүүлгийн зардал 63.7 хувь, хөрөнгийн зардал 80.7 хувь, бараа, үйлчилгээний зардал 27.5 хувь, эргэж төлөгдөх цэвэр зээл 28.6 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Хөрөнгийн зардалд 2011 оны эхний 11 сард 749.0 тэрбум төг зарцуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс 80.7 хувиар нэмэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс дотоодын эх үүсвэрээс зарцуулсан хөрөнгийн зардал 74.5 хувь, гадаад эх үүсвэрээс зарцуулсан хөрөнгийн зардал 3.9 дахин өссөнөөс шалтгаалжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ