
Багш нарыг ажил хаялт зарласантай холбогдуулан “Монголын бүтээлч оюунтанлаг сан”-гийн зүгээс хэвлэлийн бага хурал зарлалаа. Уг хуралд ЕБ-ын 89 сургууль мөн 98 цэцэрлэгийн багш нар ажил хаялт зарлаж байгаа нь сурагчдын эрх ашгийг “ноцтойгоор” зөрчиж байгаа бөгөөд ялангуяа төгсөх ангийн сурагчдад энэ нь муугаар нөлөөлж байгааг онцоллоо. Энэ талаар хуралд ирсэн сурагчдын төлөөллөөс тодруулахад:
- ЕБ-ын 77-р сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Дөлгөөнзул “Багш нар ийнхүү ажил хаялт зарлаж байгаа нь сурагчдынхаа эрх ашиг, хүсэл эрмэлзлэлийг харж үзэхгүй үл тоож байгаа бөгөөд эртхэн энэ асуудлаа цэгцлэх хэрэгтэй. Бид энэ байдлаараа элсэлтийн ерөнхий шалгалт өгөх нь эргэлзээтэй байна”.
- Хоёрдугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Д.Бадрал “Би сурагчдын эрх ашгийг хамгаалахын төлөө энд ирсэн. Биднийг үнэхээр хохироож байна. Бид конкурсаа яаж өгөх юм бэ энэ байдлаараа, үнэхээр хэцүү байна”.
- 76-р сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Ж.Энхтуул “Бид ирэх оны сонгуулиас болж элсэлтийн ерөнхий шалгалтаа дөрвөн сард өгөхөөр болоод урагшилчихвал бидэнд маш бага хугацаа үлдсэн байна. Ийм үед багш нар ажил хаяхаар бид яах болж байна. Сурагчдынхаа эрх ашгийг харгалзахгүй, өөрсдийгөө л бодож байна” гэлээ.
Мөн “Монголын бүтээлч оюунтанлаг сан”-гийн ерөнхийлөгч Н.Лхагвадорж “Багш нар ийнхүү ажил хаялт зарласан явдал бол нийт сурагчдынхаа эрх ашгийг хохироож байгаа төдийгүй төгсөх ангийн сурагчдад энэ нь том хохирол авчирч байгаа юм. Тухайлбал төгсөх ангийн сурагчид багш нарынхаа оролцоотойгоор ерөнхий шалгалтандаа сайн бэлдэж чадах байтал ингээд ажил хаялт зарлахаар яаж тэд хичээлээ давтах болж байна. Мөн хүүхдүүд энэ хооронд гадуур дэмий тэнэж, зугаа цэнгэл хөөцөлдөж цагийг ямар ч үр бүтээлгүй дэмий өнгөрөөж байна. Үүнд багш нарын хариуцлагын асуудал чухлаар хөндөгдөж байгаа юм” гэж хэллээ.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ