Элчин сайд Ш.Алтангэрэл: Ерөнхий сайд хэд хэдэн чухал уулзалт хийсэн
ОХУ-ын Санкт-Петербург хотод зохион байгуулагдсан Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэлтэй уулзаж ярилцлаа.
.
-Энэ удаагийн чуулга уулзалтаас харахад геополитикийн асуудал манайд ашигтайгаар эргэж магадгүй байна. Түүнээс гадна эдийн засагт ашигтай хэд хэдэн уулзалт боллоо. Үүнд Украйны хямрал нөлөөлж байна гэж үзэж болох уу. Ер нь манай хоёр орны харилцаанд хэр шинэ ахиц гарах бол гэж та бодож байна вэ?
-Украины асуудал бидэнд ашигтай байна гэж хэлж болохгүй. Орос улс цаашдынхаа хөгжилд, XXI зууны туршид Сибирь, Алс Дорнодыг эргэлтэнд оруулах зорилгыг өнгөрсөн он буюу 2013 оны намар дэвшүүлчихсэн. Тодруулбал Ерөнхийлөгч В.В.Путин энэ зорилгыг дэвшүүлсэнийхээ дараа Төрийг барьж байгаа болон бүх түвшнийхээ байгууллагуудад үүрэг даалгавар өгчихсөн. Тэгэхээр Оросын бодлого манай зүг рүү эргэчихсэн гэж болно. Харин бид үүнийг нь тосоод Оросын стратеги хөгжлийн тактиктай өөрийгөө уялдуулах ёстой гээд хийгээд эхэлчихсэн шүү дээ. Бидний энэ бодлогод Украины үйл явдал нэмэр болж, хурдасгаж өгч магадгүй.
:
-Уулзалтаар яригдсан асуудлуудаас гадна өөр ямар зүйлүүд дээр анхаарах шаардлагагарч байна вэ. Манай 2 улсын иргэд хоорондын визгүй зорчих асуудлыг хэрхэн шийдвэрлэвэл зохистой гэж үзэж байна?
-Ямар ч байсан манай улс хоёр хөрш оронтойгоо стратегийн ойр дотноссон түнш байх ёстой гэж бодож байна. Энэ ойрын түншлэл нь сүүлийн жилүүдэд урд тал руугаа түлхүү яваад хойт тал нь хоцорчихсон байгаа.
Тэгэхээр энэ зөрүүг арилгаж хоёр хөршийн сонирхолыг тэнцүүлэх ёстой. Хэрэв энэ тэнцвэр алдагдсан гэж үзвэл тэнцвэржүүлэх нь элчин сайдын гол зорилго. Визгүй болох асуудлын тухайд Монгол улс 2-хон хөрштэй. Урд талынхаа хөршийг яаж зохицуулсан бэ гэдгээ бодох ёстой. Тухайлбал урд хөрш 1 тэрбум 500 сая хүн амтай газар мөртлөө визгүй зорчдог гэхээр хэцүү.
.
Үүнийг бодож нарийн зохицуулалт хийх ёстой гэж бодож байна. Энэ бол өнөөдөр яригдаж байгаа асуудал биш, удаан яригдаж байгаа асуудал. Миний ойлгож байгаагаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шанхайд хийсэн уулзалтын үеэрээ Оросын талд нааштай хариу өгсөн бололтой юм байна. Оросууд бол үүнийг л хүлээж байгаа. Үүнийг бид манай эдийн засгийн хөгжилд нэмэртэй байх болов уу гэсэн талаас нь харах ёстой. Яагаад гэхээр манай хоёр улсын худалдааны тэнцвэр алдагдчихсан. Улсын хэмжээнд төлөвлөж компанийн хэмжээнд хийж болохгүй юм байна.
Тэгэхээр ард иргэдийн хэмжээнд хийх буюу ард иргэдийг урд хөрш рүү явж наймаа хийдэгтэй адилхан түвшинд аваачвал дээр дурьдагдсан зөрүүг арилгах боломж нээгдэх болов уу гэж найдаж байна.
:
-Манай хоёр орны худалдаа иргэдийн түвшинд явж байна гэж ойлгож болох уу?
-Иргэдийн түвшинд гэж ойлгож болохгүй байх. Яагаад гэхээр нефтийн бүтээгдэхүүн импортлодог том том компаниуд байна. Гэхдээ наймааны төрөл цөөдөж байгаа. Бид илүү юм зарчих санаатай, эд нар ч манайд илүү юм зарчих санаатай ч энэ тохироо бүрдэж өгөхгүй байна.
Энэ нь чухам юунаас шалтгаалдаг вэ гэдгийг би нарийн хэлж мэдэхгүй. Ямар ч байсан төр засгийн зүгээс эдийн засгийн эргэлт солилцоо ямар нөхцөлд идэвхитэй байх вэ гэдэг гарцыг нь олж тэр нөхцөл боломжийг нь бүрдүүлж өгөх ёстой. Энэ асуудлын хүрээнд 2 орны иргэдийн харилцан визгүй зорчих боломжийг нь нээгээд өгвөл идэвхтэй болох болов уу гэж хүлээж байна.
:
-ОХУ манай оронтой олон салбарт хамтран ажилладаг. Тухайлбал мэргэжилтэн бэлтгэх гол бааз нь болж ирсэн. Цаашид ОХУ-д суралцах оюутны тоог нэмэгдүүлэхэд хэр анхаарч байна вэ?
-Сая Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзаж хоёр улсын стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг тохирлоо. Стратегийн түншлэл дотроо хэд хэдэн том салбар байгаа. Тухайлбал, эдийн засгийн салбар, хүмүүнлэгийн харилцаа гэх мэт.
Хүмүүнлэгийн харилцаа гэдэг нь боловсролын системийг хэлж байгаа юм. Мэдээж энд оюутан сургах асуудал яригдана. Дунд хугацааны хөтөлбөрийн хажуугаар Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд. Лу.Гантөмөр яамныхаа шугамаар 10-15 жилийн хөтөлбөрийг салбартаа хиймээр байгаа юм. Монгол хүний сэтгэлгээг, сэтгэхүйг уламжлалтаас нь шат ахиулж европ руу ойртуулж өгсөн нь оросын болосрол шүү дээ. Оросын нөлөөний манай боловсрол гэсэн үг. Үүнийг дэмжих ёстой гэж бодож байна.
:
Яагаад дэмжих ёстой вэ гэхээр миний харж байгаа байдлаар хоёр хөршийн хооронд тогтоосон зөрүүтэй харилцааны улмаас эдийн засаг алдагдах магадлалтай. Монгол улсад хятад хэлтэй хүн дэндүү олон болчих юм бол энэ нь ямар үр дагавар авчрахыг хэн ч хэлж мэдэхгүй. Тэгэхээр уламжлалт тэнцвэрээ барьж л байх ёстой. Өнөөдрийн байдлаар ОХУ-д цагаач Монгол гэж байдаггүй, дан монгол оюутнууд байгаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ