Б.Болор: Эцэс төгсгөлгүй улстөржилтөөс болоод төсвийн тодотгол зөндөө удлаа
Өнгөрөгч долоо хоногийн баасан гаригийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын 2014 оны төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн 84.6 хувийн саналаар баталсан юм. Энэхүү төсвийн тодотголтой холбоотой асуудалд сөрөг хүчин шүмжлэлтэй хандаж буй. Тиймээс Монгол Улсын 2014 оны төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсантай холбоотойгоор УИХ-ын Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Б.Болор гишүүнтэй ярилцсанаа хүргэж байна.
й
-Төсвийн тодотгол дээр гишүүд янз бүрийн байр суурьтай байх шиг байна. Жинхэнэ тодотгол орж ирсэнгүй, урд хормойгоороо хойд хормойгоо нөхлөө гэх зэргээр ч шүүмжилж байна. Энэ асуудалд тайлбар хийнэ үү?
-Жинхэнэ тодотгол, худлаа тодотгол гэж юу байхав. Одоо орж ирж байгаа нь ч тодотгол, дараа нь орж ирж байгаа нь ч тодотгол. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар оруулж батлуулдаг бол ерөнхийдөө царцаасан барилгуудыг эхлүүлэх зорилготой тодотгол байсан. УИХ-ын 30 дугаар тогтоолын дагуу орж ирсэн тодотгол гэж ойлгож болно. 30 дугаар тогтоолоос өөрчлөгдсөн зүйл гэвэл төсөвт суусан мөртлөө энэ жил хэрэгжих боломжгүй ажлуудыг дотор нь зарим нэг төслөөр солих зэргээр дотор нь зохицуулалт хийсэн. Шинээр нэмж оруулсан юм байхгүй. Гэхдээ энэ тодотголын 90 орчим хувь нь 30 дугаар тогтоолоо дагаж л хийсэн зүйл. Урсгал зардлыг 10-30 хувь танах, гэхдээ зарим буюу тэвчиж болох зардлыг танах гэж заасны дагуу гадаад дотоод томилолт, бичиг хэрэг зэргийг танасан. Эндээс 40 орчим тэрбум төгрөгийг эргүүлэн татсан. Энүүгээрээ төрийн албан хаагчийн цалингийн нэмэгдэл 35 тэрбумыг тавьж өгсөн тодотгол болсон шүү дээ. Хууль нь нэгэнт ийм учраас зохицуулалт гэж бас хэлж болохгүй. Төсөвт өртөгүүд тавигдаж байгаа төсвийн ерөнхийлөн захирагч нарын багцууд өөрчлөгдөж байгаа учраас л тодотгол гэж нэрлэхээс өөр аргагүй байгаа юм. Дараагийн орж ирэх тодотгол гээд байгаа бол эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд нэлээн өргөн хүрээтэй хийгдэх тодотгол байна.
й
Төсвийн тодотгол оруулж ирэх тодорхой нөхцөлүүд байдаг. Улсын орлого тасалдах гэх мэт асуудлуудад тодотголоо оруулж ирэх зайлшүй шаардлагатай байдаг. Хэрэв тэр тодотголыг хүлээх юм бол царцаасан обьектуудаа явуулж чадахгүй энэ зуны ажил бүрэн зогсох аюул тулгарна. Тиймээс өнгөрсөн тав дахь өдөр тодотголоо батлаад явах нь зөв байсан гэж үзсэн. Нилээн улс төрийн чанартай маргаан болсон ч гэсэн яг батлахаа хүрэхээр улстөрийн хүчнүүд маань дэмжээд баталлаа ш дээ. Зайлшгүй Монгол Улсад хэрэгтэй гэдгийг бүгд мэдсэн учраас дэмжиж баталлаа гэж ойлгож байгаа.
й
-Тодотголын хүрээнд хасагдсан нэмэгдсэн гэх обьектуудын талаар тодруулвал?.
-Хасагдсан нэмэгдсэн юм ерөнхийдөө байхгүй. 12 шинэ төсөл арга хэмжээ орж ирсэн. 12 гэдэг бол том тоо биш зайлшгүй шаардлагатай энэ жил хийгдэх бүрэн боломжтой төслүүд юм. Энэ 12-ынхоо оронд хийгдэх боломжгүй газрын маргаантай, зураг төсөл нь хийгдээгүй гэх обьектуудтай сольж дотор нь зохицуулалт хийсэн юм. Хуучин шиг гишүүдийн лоббигоор шинэ обьектууд оруулсан өөрчлөлт хийгдээгүй.
й
-Шинэ төрөх эмнэлгийн барилга орсон уу?
-БЗД-ийн төрөх эмнэлэг бол орсон. Яагаад гэвэл 30 дугаар тогтоолоор энэ төрөх эмнэлгийг ашиглалтад оруулах үүрэг даалгаварыг Засгийн газарт өгсөн. Үүний дагуу 5,2 тэрбум төгрөгийг суулгаж өгсөн тул төрөх эмнэлэг энэ ондоо баригдаж дуусах ёстой. Нэг зүйлийг нэмж хэлэхэд төрөх эмнэлэг Монгол улсад хэрэгтэй. Энэ барилга баригдах явцдаа олон асуудал зөрчил дагуулсан. Анх баталсан төсвөөрөө баригдаагүй, тиймээс нэмэлт гэрээнүүд хийгдсэн. Бид төрөх эмнэлгийн барьж дуусгасан нь зөв гэдэг дээр санал нэгдэж байгаа учир ямартай ч бариулж дуусгаад алдаа гаргасан хүмүүст хариуцлага тооцох ёстой гэж үзсэн.
й
-Яармагийн баруун урд баригдаж байсан Шинэ төрөх эмнэлгийн барилга ороогүй юм уу?
-IV төрөх эмнэлэг орох боломжгүй байсан. Яагаад гэхээр дэд бүтэцтэйгээ холбогдох боломжгүй. Нэгэнт ийм боломжгүй зүйл дээр энэ жил мөнгө тавиад хэрэггүй л дээ. Ирэх жил зураг төсөв нь гараад инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжтой болоод ирэхээр л мөнгө тавихгүй бол болохгүй. Баянзүрхийн хувьд 80 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа болохоор бариад дуусгах нь зүйтэй гэж үзсэн юм. Тэгээд 5,2 тэрбум төгрөг төсвийн тодотголд суулгаж өгөөд үүнийгээ дуусга гэсэн үүрэг өгч байгаа. Компани энэ ажлаа дуусгах үүрэгтэй.
й
-Ажлын хэсгээр ажиллаж байхад арай ч дээ, ийм төсвөөр ингэж барилга барьсан байх даа яадаг юм гэмээр асуудал хэр гарсан бэ?
-Ер нь бол байгаа ш дээ. Энэ бол урьд урьдын парламент, ялангуяа 2010-2012 оны үеэс үүдэлтэй ажлууд байгаа. Өмнөх парламентийн үед гишүүний нэг тэрбум төгрөг гэж байдаг байсан. Үүнийгээ олон обьектуудад хувааж, бага төсөв өгч ажил эхлүүлсэн нэрээр амсуулж орхисноос энэ барилгууд нь явахгүй болчихсон. Ийм л асуудал их байгаа юм ш дээ. Манай сөрөг хүчнийхэн өөрсдөө тухайн үед энэ асуудлын эхлэлийг тавьж, ихэнхийг нь хийж байсан. Тэд гэнэт л монголд ирээд, монголын амьдралыг харж мэдсэн юм шиг л яриад байгаа. Өөрсдөө монголын амьдралыг мэдэхийн цаагуур мэдэж байгаа. Асуудал тийм л байгаа ш дээ. Олон обьектуудад амсуулаад тавьчихсан ялангуяа сонгуулийн жил буюу 2012 онд хийсэн. Миний хувьд 2012 онд шинээр орж ирсэн учраас урьдын юмнууд руу нь орсонгүй. Гэхдээ энэ царцаагдсан обьектууд чинь ихэнх нь тийм учиртай л байдаг юм байна лээ.
й
-Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгуудыг ашиглалтад оруулахад түлхүү анхаарч чадсан уу?
-Аль болох түлхүү оруулах гэдэг байр суурь баримталсан. Гэхдээ тодотгол дээр шинээр нэмж оруулаагүй гэдгийг дахин хэлэх хэрэгтэй. Царцаагдсан обьектуудаас 160 гаруй нь орсон. Үлдсэн обьектуудыг 2015 оны төсөвт оруул гэсэн шаардлага тавигдаж байгаа. Бид бол энэ жил дуусгах обьектуудын тоонд ялангуяа цэцэрлэг, сургууль эмнэлгийг нэн тэргүүнд авч үзэж ажилласан. Үүний дагуу ч орсон. Одоо бол Засгийн газар ажлаа хийх л үлдсэн. Төсвийг нь батлаад өглөө. Одоо ЗГ-д барьж дуусгах зайлшгүй шаардлага, хариуцлага ноогдож байгаа. Гэхдээ энэ улс эцэс төгсгөлгүй улстөржилтөөс болоод төсвийн тодотгол зөндөө удлаа. Шал хэрэггүй завсарлага аваад, “давхар дээл” гээд хэнд ч хэрэггүй юм 2-3 долоо хоног яриад байх юм. Энэ хүмүүс “давхар дээлтэй” ажил хийнэ үү, “дээлгүй” ажил хийнэ үү хэнд ч хамаагүй. Энэ хүмүүсийг солилоо гээд юм өөрчлөгдөхгүй ш дээ. Хамгийн гол нь сөрөг хүчнийхэн өнөөдөр л дөнгөж монголд ирчихсэн юм шиг яриад байх юм. Гэтэл хамгийн их яриад байгаа нөхдүүд чинь өөрсдөө өмнөх Засгийн газарт давхар дээлтэй л явж байсан ш дээ. Энэ Ч.Хүрэлбаатар, Ж.Энхбаяр бүгд л давхар дээлтэй байсан. Маш их зүйлийг хийх байтал улстөржилт хийгээд яваад байхаар нь харамсаад байгаа юм.
й
-Царцаагдсан обьектуудад хөрөнгө оруулсан нь эдийн засаг хямарч байхад бүр хямрал руу орууллаа гээд шүүмжлээд байсан. Тэгэхээр төсөвт хэр хүндрэл учруулахаар байна, үүнийг хэрхэн зохицуулж байгаа вэ?
-Эдийн засаг жаахан хүндрэлтэй байгаа нь үнэн. Гэхдээ манай одоогийн байгаа байдал бол хямрал биш. Эдийн засгийн хямрал гэдэг чинь 1930-аад оны үеийн Америкийн гүн хямралд орж байсан, 90-ээд оны сүүлээр Азийн зарим орон хямралд орсон зэргийг хэлнэ. Одоогийн эдийн засаг хүнд байгаа нөхцөл бол тодорхой. Манай сөрөг хүчнийхэн мэдэж л байгаа ш дээ. Мэдэхгүй байгаа дүр үзүүлээд байгаа болохоос. Жаахан хүндрэл байгаа. Энэ юу вэ гэхээр манай гол экспортын түүхий эд, зэс нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр нэлээн уначихсан. Энэний дагуу валютын урсгал багасч, эдийн засаг жаахан хүнд болж ирж байгаа. Ийм л нөхцөл байдалд байна. Тэгэхээр заавал хямрал гэж дуудаад байх шаардлага байдаг ч юм уу.
ый
Ийм хүндрэлтэй нөхцөлд бид аль болох зорьсон ажлаа явуулах хэрэгтэй. Царцаасан обьектыг үргэлжүүлэх, дуусгах мөнгийг тусөвт суулгаж өгнө гэдэг чинь дотоодын аж ахуй нэгжүүд маань ажилтай байна, тэнд ажиллаж байгаа хүмүүс орлоготой байна, худалдан авах чадвар нэмэгдэнэ. Тэр хэмжээгээр улсын татвар нэмэгдэнэ гээд энэ чинь эдийн засгийн эргэлтэндээ зайлшгүй ороод явах асуудал. Эдийн засгаа тэлэх ёстой гэдгийг бүгд л ойлгож байгаа. Миний хувьд эдийн засаг тэлэх ёстой. Монгол улс ийм замаар л хөгжинө. Бүх улс орнууд ийм л замаар хөгжиж байгаа. Европын орнууд, Сингапур, Солонгос, баруун Европын бүх улс орнууд зах зээлийн нийгэм гэдэг чинь ийм л байдаг ш дээ. Мөнгө олж ир, мөнгө босго, эдийн засгаа тэл, дэд бүтцээ хөгжүүл. Эргээд тэр дэд бүтэц чинь хөгжөөд эдийн засаг тэлж, өссөнөөр улс орны амьдрал дээшилнэ л гэсэн үг ш дээ. Тиймээс аль болох юмыг хорьж хаагаад, эдийн засгаа тэлэхгүй гээд байвал манай эдийн засаг өсөхгүй ш дээ. Энэ манай сөрөг хүчинд ашигтай л юм байлгүй дээ. Муу байвал сайн, долларын ханш нэмэгдэхээр алгаа ташиж байдаг ийм байдлаар бол явмааргүй л байна ш дээ. Бүгдээрээ хамтарч ажилламаар л байна. Миний хувьд нэг их улстөржөөд байдаггүй ч гэсэн заримдаа юм болгоныг ингээд эсэргүүцээд байхаар хэцүү юм байна ш дээ.
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ