Г.Батхүү: Тендэрийг худалдаж аваад дамлаж байна
Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Бараа, ажил үйлчилгээ худалдах авах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдлээ.
:
Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарын өсөлттэй холбоотойгоор манай улсын эдийн засаг хурдтай өсч байгаа билээ. Гэвч энэхүү өсөлтийг тогтвортой хангах, түүнээс олох үр ашгийг иргэд олонхид илүү хүртээмжтэй болгох асуудал тавигдсаар байгаа. Гэтэл өнөөдрийн тендерийн тогтолцоогоор төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих төслүүд цаг хугацаандаа хэрэгждэггүй, нийтэд үр ашиг багатай байна. Энэ нь Засгийн газрын хурдтай, шуурхай, үр ашигтай, олонхид чиглэсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулдаг. Иймд Засгийн газраас хэрэгжүүлж буй хөгжлийн бодлого, түүний дотор төсвийн хөрөнгө оруулалтын оновчтой болон үр ашигтай байдлыг нэмэгдүүлэхтэй уялдуулан одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг шинэчлэх шаардлагатай гэж үзжээ. .
:
Уг хуульд заагдсаны дагуу нээлттэй тендер зарлан шалгаруулалт явуулахад хамгийн багадаа хоёр сар гаран хугацаа шаарддаг. Улмаар бараг шалгаруулж дуусаагүй байтал бүтээн байгуулалтын улирал өнгөрдөг байна. Эдгээр үндэслэлээс үүдэн бүтээн байгуулалтын ажлууд хугацаандаа, шуурхай явагдахгүй байгаа. Иймд Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. Хамгийн өндөр үнэлгээ авсан оролцогчдыг шалгаруулснаар төсвийн хөрөнгө үр ашигтай зарцуулагдаж, дунд, урт хугацаанд нийгэмд болон олон нийтэд үр ашгаа өгнө. Үүнээс гадна, тендер зарлах, материал хүлээн авах, шалгаруулах болон тендертэй холбоотой маргаан, гомдлыг шийдвэрлэх хугацааг богиносгох, тухайн тендерийн процессыг хурдасгахтай холбоотой заалтуудыг оруулсан байна. Мөн түүнчлэн тендерийг чанартай гүйцэтгэсэн, хугацаанд нь хүлээлгэн өгсөн эсэхээс хамааран компаниудыг эрэмбэлж нийтэд мэдээлэх, асуудлыг хуульд шинээр тусгажээ. Энэ нь дараа дараагийн тендер амжилттай хэрэгжих үндэслэл болох бөгөөд хариуцлагын тогтолцоог сайжруулах нэг хэлбэр болох аж. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд сонирхсон асуултдаа хариулт авч байлаа.
:
БХБ-ын сайд Ц.Баярсайхан:
-Гадаадын томоохон хөрөнгө оруулагч нар тухайн объектыг барьж байгуулахдаа зөвлөх үйлчилгээний компанийг сонгож авдаг. Зөвлөх үйлчилгээний компанид өндөр шаардлага тавьдаг. Тэр зөвлөх үйлчилгээ өөрийнхөө эрдслийг даатгасан даатгалтай байх ёстой гэж үздэг. Манай улсад өөрийн эрсдэлийг даатгах зөвлөх үйлчилгээний компани байдаггүй. Тиймээс гаднаас авдаг. Бид Барилгын хуулийн шинэчилсэн найруулгад олон улсын жишгээр зөвлөх үйлчилгээний компани байх ёстой гэж оруулсан. Зөвлөх үйлчилгээ гэдэг нь зураг төсөл, гүйцэтгэгч сонгох зэргээг барилгыг дуустал хариуцах юм.
:
УИХ-ын гишүүн Г.Батхүү:
-Хуулийг зайлшгүй сайжруулах шаардлага байгаа. Хамгийн энгийн жишээ хэлэхэд төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх гэж байгаа замын ажлуудын гүйцэтгэгч нь шалгараагүй, ажил нь эхлээгүй байна. Энэ нь улирлын чанартай ажил байдаг. Хэрвээ энэ онд ажил нь амжихгүй бол дараагийн жилд шилжүүлдэг. Ингэснээр ирэх онд төсөв нь нэмэгддэг. Тусгай тоног төхөөрөмж худалдан авахад энэ хуулиар зохицуулахгүй гэдэг. Энэ нь ямар ч зохицуулалтгүй явдаг. Барилга, замын болон барьж гүйцэтгэх хугацааг хуульчилж өгмөөр байна. Зарим тендэрийг харж байхад сүүлийн хоёр жил ашигтай ажилласан байх ёстой. Нийгмийн даатгалаа хоёроос доошгүй жил төлсөн байх, ажил авч тендэр шалгарсан байх гэж заачихаад шинээр бий болж байгаа, техник технологийн өндөр хүчин чадалтай компаниудын үйл ажиллагааг хаачихаад байна. Нийслэлд зарлаж байгаа компаниудыг харахад шинэ компани оролцох боломж алга. Мөн тендэрийг худалдаж аваад, дамлаад худалдаж байна. Монгол компанийн нэртэй аваад, гүйцэтгэгч нь гадаадынхан байгаа. Монгол компани цаасны л үүрэгтэй байна. Нэг машинтай, нэг хүнтэй, нэг цүнхтэй, мөнгийг нь дамжуулж өгдөг үүрэгтэй болчихоод байгаа. Үүнийг хуулийн зохицуулалтаар яаж шийдэх вэ? Хэзээ бид дотооддоо ажил үйлчилгээгээ хийж, шалгаруулж чаддаг болох вэ?
:
ЭЗХ-ийн сайд Н.Батбаяр:
-Тендэр авсан компани өөрөө гүйцэтгэгч байна. Хэрвээ туслан гүйцэтгэгч байвал дотроо дурдана. Тендэрт оролцож байгаа компаниуд мэдээллээ өгнө. Бидний оруулж байгаа хуулийн заалтаар мэдээллийн сан бүрдэнэ.
.
УИХ-ын гишүүн Ц.Цолмон:
-Төсвийг хэмнэх гээд хэрэггүй. Харин чанар, хугацаа хоёроор нь гол үзүүлэлт болгоод шалгаруулъя гэж байгаа нь зөв юм. Энэ утгаараа үнийн өрсөлдөөн байсныг болиулсан байна. Хэлэлцүүлгийн явцад улам сайжруулбал зүгээр байх.
:
Ийнхүү гишүүд асуулт асууж, санал хэлсний дараагаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ .
:
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ