Ө.Энхтөр: Нэг гараа төсөвт шургуулж, нөгөөгөөрөө “би буруугүй” гэж даллагчдыг шалгах хэцүү
Өнөөдөр Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтэс, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс, Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтэс, Мөрдөн шалгах хэлтсийн дарга нар шинээр томилогдсон Олон нийтийн зөвлөлийн гишүүдэд үйл ажиллагаагаа танилцууллаа. Энэ үеэр хэлэлцсэн асуудлуудаас зарим мэдээллийг тоймлон хүргэж байна.
5
Орон нутгийн иргэд гомдол гаргах нь ихэсчээ
5
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст он гарснаас хойших зургаан сарын хугацаанд 215 гомдол мэдээлэл ирж шалгагдаж байгаа аж. Энэ нь өмнөх онуудтай харьцуулахад өссөн үзүүлэлт. Тус хэлтэс 2012 онд 349, 2013 онд 427 гомдол мэдээлэл ард иргэдээс хүлээн авч шалгажээ. Иргэдийн гомдол мэдээлэл ихэвчлэн бичгэн хэлбэрээр ирдэг бол үлдсэн хэсэг нь утсаар эсвэл өөрийн биеэр ирж өгдөг байна. Сүүлийн үед хөдөө орон нутгийн иргэд гомдол гаргах нь нэмэгджээ. Тухайлбал, 2013 онд ирсэн гомдол саналыг 60 хувийг хөдөө орон нутгаас ирүүлж байсан бол он гарснаас хойш ирсэн гомдлын 53 хувь нь орон нутгаас ирсэн тухай тус хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ө.Энхтөр мэдээлсэн. Энэ гомдлуудаар дамжуулан хөдөө орон нутгийн иргэд Нутгийн өөрөө удирдах байгууллага, сум, багийн Засаг даргаа шалгуулах хүсэлт тавьдаг байна.
6
АТГ-т шалгагдаж буй гурван хүн цагдан хоригдож байна
5
АТГ-ын Мөрдөн байцаах хэлтэс нь сэжигтнийг шалгахдаа хилээр гарахыг хорьдог. Тухайлбал, “Саусгоби Ресурс”-ийн захирлуудыг саатуулж, 50 орчим гадаад иргэнийг хилээр гаргахгүй хоёр жил болж байгаа. Мөн сэжигтний хийгээгүй хэргийг нь нотлох гэж улайрдаг. Гадна дотны баялаг бүтээгчдийг хэлмэгдүүлэн хорьж, цагдаж байгаа зэрэгт Олон нийтийн зөвлөлийн гишүүд үнэн бодит хариулт авахыг хүссэн юм. Мөрдөн шалгах хэлтэс нь сүүлийн таван жилийн хугацаанд гадаадын 24 иргэнийг шалгажээ. БНСУ, БНХАУ, АНУ, Казахстан, Филиппин улсын иргэдэд холбогдох хэргүүдийг шалгасан бөгөөд олон тооны гадаад иргэнийг хилээр гаргахгүй хорьсон тохиолдол байхгүй гэсэн хариултыг өгөв.
5
Тус хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ө.Энхтөр “Саусгоби Ресурс” компанийн захирал АНУ-ын иргэн Жастин Каплаг Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахдаа тус улсын хууль дүрмийг зөрчсөн, татвараас зайлсхийсэн гэж шалгасан. Тус компанийн ахлах хуульч Сара Армстронгийг хахууль өгсөн болон татварын зөрчлөөр шалгасан. Хоёр жилийн өмнө тухайн үед Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байсан Д.Батхуягийг мөрдөн шалгах явцад энэ явдал болсон. Хэргийн сэжигтэнг батлан даалтад гаргах, цагдан хорихыг ямар төрлийн гэмт хэрэгт холбогдсноос нь шалтгаалан шийддэг. Их хэмжээний мөнгөний хэрэгт холбогдсон, улс дамжин гарах магадлалтай сэжигтнүүдийг Монголын нутаг дэвсгэрээс гаргахгүй байх арга хэмжээ авах шаардлагатай байдаг. Ер нь мөрдөн байцаагдаж байгаа хүмүүсийн 10 хувьд нь цагдан хорих арга хэмжээ авдаг. Одоогийн байдлаар цагдан хоригдож, таслан сэргийлэгдэж буй гурван хүн бий. Сэжигтнийг оргон зайлах болон хэргийн бодит үнэнийг тогтооход саад болохоос сэргийлэх, хүнд болон онц хүнд гэмт хэрэг холбогдуулан шалгаж буй үед цагдан хорьдог. Гэтэл үүнийг сүр дуулиан болгон ярьж буй нь учир дутагдалтай байна. Албан тушаалаа урвуулан, хэтрүүлэн ашигласан хэргийн улмаас төр засаг, ард түмэнд 2012 онд 85 тэрбум, 2013 онд 38 тэрбум, энэ оны эхний зургаан сарын байдлаар 24.5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Энэ мэтчилэн авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн, нэг гараа төсвийн халаасанд шургуулаад, нөгөө гараараа ард түмэн рүү “би буруугүй” гэж даллаж байгаа хүмүүсийг шалгахад хэцүү байдаг. Бидний хувьд хэргийг шалгахдаа хэтэрхий нэг талыг барьсан зүйл байхгүй” гэсэн тайлбарыг өглөө.
5
Сэлэнгэчүүд аваргын найр хийх гэж сум бүрээс 25 хонь цуглуулжээ
5
АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгон хөдөө орон нутагт хийсэн шалгалтын талаар танилцууллаа. Хөдөө орон нутагт төсвийн мөнгийг хэтрүүлэн өөр зүйл ашиглах, зориулалтын бус зарцуулалт хийх зэрэг зөрчил түгээмэл илэрчээ. Түүнчлэн аймаг сумд төсөвт заасан өртгөөс илүү мөнгөөр баяр наадам тэмдэглэдэг байна. Аймаг 10 сая, сум таван сая төгрөгөөр баяр наадам тэмдэглэнэ гэж заасан байдаг бол аймаг нь тав дахин, сум нь хоёр дахин илүү өртгөөр баярладаг аж. Тухайлбал, Завхан аймгийн Их-Уул суманд цолны мялаалгыг 51 сая төгрөгөөр тэмдэглэж, 16 саяыг төсвөөс гаргаж үлдсэн хэсгийг нь нутгийг ард иргэдээсээ цуглуулсан тохиолдол гарчээ. Өнгөрөгч онд Сэлэнгэ аймаг шинэ аваргын найр хийхдээ сум бүрээс 25 хонь цуглуулсан ба энэ нь сумдын удирдлагуудад ихээхэн дарамт учруулсан тухай мэдээлэл ч АТГ-ын хар дансанд тэмдэглэгджээ.
5
Тэгвэл Завхан аймгийн Отгон суманд 2012 онд 50 ортой хүүхдийн цэцэрлэгийг 150 сая төгрөгөөр барьсан боловч хананд нь цууралт үүсч, нурахад бэлэн болжээ. Гэтэл энэ барилгын ажлыг гүйцэтгэсэн барилгын компани тус сумын ЗДТГ-т нэг сая төгрөгийн хандив өгөөд 2013 онд дахин сургууль, цэцэрлэг, хүүхдийн эмнэлэг барих барилгын тендэрийг авсан тохиолдол байна. Хөдөө орон нутагт энэ мэтчилэн хууль зөрчсөн үйлдлүүд олон байгааг хэлж байв.
5
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ