Ц.Даваасүрэн: 90-ээд оноос өмнөх төр олон түмний төлөө явдаг байсан
Улсын Их Хурал дахь бие даагч гишүүд өчигдөр 2008, 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн Иргэний хөдөлгөөний намын дэд дарга Ж.Занаа, УИХ-ын гишүүн асан Д.Энхтайван нарын бусад бие даан нэр дэвшигчидтэй уулзсан юм. Бие даагч нэр дэвшигчдийн төлөөллүүд “Улс төрийн намын тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг түргэвчлэх шаардлагатай гэдэг санал хэлж, нэн яаралтай өргөн барьж, батлах шаардлагатай хуулийн төслүүдийн талаар яриа өрнүүлж, санал солилцсон билээ. Энэхүү уулзалт “Монгол хүний төлөө” уриан дор явагдсан бөгөөд өнгөрсөн онуудад УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн хүмүүсийн төлөөлөл 20 гаруй хүн оролцсон юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс тодруулсанаа хүргэж байна.
a
-УИХ-ын өмнөх сонгуулиудад бие даан нэр дэвшсэн иргэний нийгмийн болон намуудын төлөөлөлтэй уулзсан байна. Уулзалтын зорилго юу байв?
-УИХ-аар удахгүй “Сонгуулийн тухай хууль”, “Намын тухай хууль”-иуд хэлэлцэгдэнэ. Энэ асуудлыг хэлэлцэхийн өмнө УИХ-д бие дааж нэр дэвшиж байсан хүмүсийн саналыг сонсох зорилгоор уулзсан юм. Бие даан нэр дэвшсэн хүн бүр өөрийн гэсэн хөтөлбөртэй хуулийн төслийн бодол санаа зорилготой байсан нь мэдээж. Тр бүгдийг нь одоо УИХ-д байгаа бие даагчид анхаарч үзэн зарим нэг зүйлүүдийг нь оруулъя гэсэн зорилгоор уулзсан. Бие даан нэр дэвшигчид олон, түмэн улс орноо гэж өөрийн гэсэн хөтөлбөрөө гаргаж УИХ-д өрсөлдсөн улс. Дэвшүүлсэн зорилт, зорилго болгон нь нийтийн эрх ашгийг түлхүү илэрхийлж байгаа. Ялангуяа бие даагчид гэдэг нийгмийн гишүүний ухамсараа түлхүү ойлгодог улсууд байдаг. Бид л энэ нийгмийн болохгүй байгаа, улс төрийн арчаагүй байдлыг өөрчлөх ёстой гэж сэтгэлийн зориг гаргасан хүмүүс. Тиймээс тэдэнтэй уулзах, тэдний саналыг сонсох, тэрийг нь УИХ-аас гаргах шийдвэрт тусгана гэдэг бол чухал зүйл.
a
Тодорхой хуулийн төслүүд, саналуудыг бидэнд хэллээ. Зарим нэг байгууллага, тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд төрийн бус байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулаад ажиллая гэж бодож байна. Яагаад гэвэл тэдэнд тулгамдсан маш олон асуудал байгаа. Тэд өөрсдөө их хуралд орж ирж тулгардаг асуудлуудаа шийдэх гэсэн боловч чадаагүй. Харин тэр асуудлуудыг нь гүйцэлдүүлэхэд бид гурвын зүгээс хувь нэмрээ оруулах бодолтой байна. Мөн бусад төрийн бус байгууллагуудтай тодорхой саналууд дээр хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллана. Тэгж байж бидний уулзалтад ирсэн хүмүүсийн саналуудыг их хурлын шийдвэрүүдэд тусгалаа олно гэж бодож байгаа.
a
-Оновчтой ямар санаа гарсан бэ?
-Уулзалтад ирсэн хүмүүсийн хэлж буй асуудлууд амьдрал дээр бодитой л зүйл. УИХ-ын гишүүн асан нЭнхтайваны хэлээд байгаа бол үнэн ш дээ. Эцсийн дүнд намуудын толгой дээр хэн гараад байна. Улс төрийн болон бизнесийн үзэл бодлоо илэрхийлэх хэрэгсэл болгоод байна. Намууд нь нийгмийн эрх ашгаа илэрхийлэхээс өөрөөр үүргээ хүлээхээ больсон. Тиймээс Намуудын тухай хуульд гишүүнчлэлгүй болгох, Сонгуулийн хуульд тэгш оролцох хэрэгтэй байна. Зарим тойрог дээр бие даагчийг бүртгээгүй хүртэл тохиолдол гарсан. Иймэрхүү тохиолдлуудыг дахин гаргахгүй байхын тулд дээрх хуулийн төслийг хэлэлцэж батлахад нь бид анхаарах ёстой. Энэ талаар их чухал саналууд хэлж байна. Бид адил зовлон туулсан хүмүүс. Ямар хэцүүг мэднэ.
a
Харамсалтай нь манай зарим тойргууд дээр бие даагч болон нэр дэвшсэн 20 хэдэн хүнийг нийгмийн гишүүнийхээ үүргийг ухамсарлаж, олон түмний төлөө явъя гэхэд нь саад болоод унагачихсан баримт бий. Тэгээд нөгөө л мөнгөтэй, бэлэг өгсөн, худлаа амласан улсуудыг нь гаргачихсан. Энэ 76 гишүүний ихэнхийг нь ийм байдлаар бүрдүүлчихээд, дараа нь дөрвөн жил болж бүтэхгүй байна гээд суугаад байдаг байхгүй юу. Тэгдэггүй л байгаасай. Ард түмэн зөв сонголтоо хийдэг болчихвол төр чинь тэдний төлөө явна. 90-ээд оноос өмнөх төр олон түмний төлөө явдаг байсан. Тийм ч учраас хүн бүр амьдралдаа сэтгэл хангалуун байсан болов уу.
a
Одоо нийт хүн амын 97 хувь нь амьдралдаа сэтгэл хангалуун бус байна. 3-хувь нь л сэтгэл хангалуун байна. Үүнийг засах арга бол сонголт, зөв сонголт. Үүн дээр сонгогчдын боловсролын асуудал чухал. Өөрөө өөрийгөө авч явах, өөрийнх нь амьдралыг шийдэх гэж байгаа хүмүүсийг буруу сонгоод байна. Хэрэв өөртөө итгэж, улс эх орныхоо төлөө гээд бие даан нэр дэвшсэн 8-10 хүнийг бид гурав дээр нэмээд сонгоод өгчихсөн бол өнөөдөр яриад байгаа зүйлсээ илүү бодитой хэрэгжүүлээд явна. Бид гурав өнөөдөр олонх болохгүй ч шийдвэрээ гаргаад явж л байна. Гэхдээ олонх байсан бол улам хүчтэй болно. Тэгж байж л төр цэвэршинэ. Үнэндээ өнөөдөр улстөрийн хоёр том нам хүнд байдалд орчихоод байна.
a
-Та гурав олонхийг дэмжиж ажиллаж байгаа. Гэхдээ өөр өөрсдийн мөрийн хөтөлбөртөө орсон ямар асуудлыг тусгуулж чадсан бэ?
-Олонхийг гэдэг юм уу, аль нэг намыг дэмжиж ажиллаж байгаа хэрэг биш ээ. Монголын төрийн тасралтгүй үйл ажиллагааг хангахаар бид нэгдэж ажиллаж байгаа юм шүү дээ. Өөрөөр хэлбэл 39-өөс дээш хүнтэй олонхийг бүрдүүлэх үйл ажилагаанд бид оролцож буй хэрэг. Тэгж байж л төр тогтвортой байж, Засгийн газар үйл ажиллагаа явуулах энэ нөхцөл бүрдэнэ. Тэрнээс биш төр нь тогтворгүй байн байн солиод, хэн дуртай нэг нь дараагийнхаа хоолонд хүрэх гэж хандаад байж болохгүй. Ингэж төрийг унагаж бужигнуулаад эхэлвэл долларын ханш талийж өгнө, ард түмний амьдрал хохирно. Албан тушаалд олон жил болчихсон тэрийгээ үгүйлээд байдаг хүмүүс байна ш дээ. Тэд өнөөдөр засаг маргааш уначихаасай гээд хатгаад сууж чадахгүй байна. Тэгэхээр тийм байдлыг гаргахгүй тогтвортой байлгахын тулд, төрийн үйл ажиллагааг тогтвортой байлгахын тулд бид хамтарч ажиллаж байгаа юм. Ер нь бол бид олонхийг бүрдүүлж байхад жишээлбэл, Засгийн газартай хариуцлага тооцох чиглэлд өөр өөрсдийн байр сууриар л оролцоно. Хэрэв үнэхээр муу ажиллаж байгаа хариуцлагагүй хандаж байгаа бол тийм улсуудтай нь хариуцлага тооцоод л явна. Тэрнээс биш мууг хамгаалахын төлөө явахгүй, сайныг нь хамгаална.
a
-Уулзалтад оролцогчид та нарын ажилд шүүмжлэлтэй хандаж байгаа зүйл нь юу байна?
-Бид цаг хугацааны хувьд хугацаа алдаж уулзсан үнэн. Гэхдээ бидний хүсэлтийг хүлээн авч ирсэн уулзалтад оролцогчдаас өмнө нь УИХ-ын сонгуульд оролцохдоо ярьж явсан зорилт хөтөлбөр, хуулийн төслүүдийг бид УИХ-д оруулж шийдвэр гаргах, тусгалыг нь олгохоор тогтлоо.
a
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ