Б.Отгонсүрэн: Монголын ойн хүлэмжийн хийн шингээлтийг хэмжинэ
Монгол Улс 1956 онд ойгоо анх удаа тоолж байжээ. Тухайн үед бүх салбарыг мод модон материалаар хангах, өндөр хүчин чадал бүхий мод бэлтгэх, боловсруулах үйлдвэрүүдийг байгуулахын тулд ойн баялгийн нөөцийг тогтоох шаардлага гарсан гэдэг. Харин энэ удаагийн тооллогын зорилго, аргачлал огт өөр юм байна. Энэ талаар БОНХЯ-ны Ой хамгаалал, ойжуулалтыг зохицуулах хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Отгонсүрэнтэй ярилцлаа.
й
-Ойн тооллогын зорилго, аргачлал нь арай өөр гэж байна. Энэ талаараа тодруулж өгнө үү?
-Олон зорилтод ойн тооллогын хээрийн судалгааны ажилд мэргэжлийн эрх бүхий 9 аж ахуйн нэгжийн 22 баг гүйцэтгэгчээр ажиллаж эхлээд байна. Монгол орны шилмүүст навчит ойг бүхэлд хамарсан нийт 4211 цэгт 12633 дээж авах талбайг байгуулсан. Улс орон бүр байгалийнхаа баялгийг зөв зохистой ашиглахын тулд ямар үнэтэй вэ гэдгийг мэддэг байх ёстой. Тэр тусмаа нөхөн сэргээгдэх баялгийг цаг хугацааны тодорхой давтамжтайгаар өөрчлөлтийг нь гаргаж байх учиртай юм. Тиймээс энэ удаагийн тооллогоор ганц ойгоо тоолохгүй, биологийн төрөл, амьтан зэрэг ойд байгаа бүхий л зүйлийг тоолно. Мөн хичнээн тонн хүлэмжийн хийг Монголын ой шингээдэг болохыг хэмжих юм. Хүлэмжийн хийг ялгаруулж байгаа хэмжээг тодорхойлчихвол REDD+ хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрхтэй болно. Мөн ойн төлөв байдал нэг зэрэг гарч Төрөөс ойн талаар баримтлах бодлого гаргахад суурь мэдээлэл үүсэх олон талын ач холбогдолтой.
Ы
-REDD+ хөтөлбөр гэдгийг тодруулж өгөөч. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар ямар үр дүнд хүрэх юм бэ?
-REDD гэдэг нь Ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах гэсэн утга санааг илэрхийлнэ. UN-REDD хөтөлбөр нь хөгжиж буй орнуудад ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг (REDD+) бууруулах НҮБ-ын хамтын ажиллагааны санаачлага бөгөөд манай улсад 2008 оноос хэрэгжиж эхэлсэн. Зорилго нь: хөгжиж буй орнуудад ойн хомсдол, доройтлыг бууруулах, CO2-н хуримтлалыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. REDD+ үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг хүсч буй хөгжиж байгаа орон үндэсний ойн мониторингийн системийг байгуулах талаар хоёр үүрэг хүлээдэг. Тэр нь ой болон ойн өөрчлөлтөд цаг үе бүрээр мониторинг явуулах, ойн салбараас ялгарч буй хүлэмжийн хийг хэмжих. Энэ үүргээ биелүүлэх зорилгоор ойн тооллогыг эхлүүлээд байна. Хөтөлбөрт хамрагдвал ойн доройтлыг хамгаалах ажлыг хийгээд явах юм.
Ы
-Хүлэмжийн хийг хамгийн их шингээдэг зүйл нь ой юм уу?
-Тэгэлгүй яах вэ. Ойгоос гадна ургамал, далай, хөрс нь хүлэмжийн хийг шингээгч байдаг. Ой, ургамлыг устгавал хүлэмжийн хийн ялгарлыг ихэсгэж байна гэсэн үг. Тиймээс ялгаруулалтыг багасгах хэрэгтэй. Ялгаруулалтыг багасгах хоёр арга бий. Эхнийх нь дэвшилтэт техник ашиглах, нөгөө нь ногоон массыг нэмэгдүүлэх. Ой, ургамал жилийн турш 450-650 тэрбум тонн хүлэмжийн хийг шингээн авдаг гэсэн олон улсын байгууллагаас гаргасан тоо байдаг. Үүний 80 хувийг ой шингээдэг. Ийм учраас л ойн доройтлыг бууруулж чадвал хүлэмжийн хийг барьж чадах юм. Дулаарлыг зогсоож, байгаль экологийн тэнцвэр хадгалагдана.
Й
-Хүлэмжийн хийн шингээлтийн хэмжилтийг хийсний дараа хөрөнгө оруулалт орж ирнэ гэж ойлголоо. Хөрөнгө оруулалтын хэмжээ нь ямар байх бол?
-Олон улс хооронд явагддаг карбоны худалдаа гэж бий. Хүлэмжийн хий хичнээнийг үйлдвэрлэсний үзүүлэлтээр нь өндөр хөгжилтэй орнуудаас мөнгө авдаг. Тухайлбал, Монголд нэг га ой тарилаа гэж бодъё. Чиний тарьсан ойг хэдэн төгрөгөөр үнэлэхийг одоогоор манай улсын хувьд тогтоогоогүй. Ойн тооллогоор хүлэмжийн хийн шингээлтийн хэмжилт хийсний дараа л тогтоох боломжтой болно. Монголын нэг га шилмүүст ой тийм хэмжээний хүлэмжийн хийг шингээдэг гэсэн тооцоо хэрэгтэй. Хэрэв тооллого хийсний дараа үнэлгээ нь тогтоогдвол төлбөр авах боломж бүрдэх юм. Аж үйлдвэр өндөр хөгжсөн улсууд манайд мод тарьж хүлэмжийн хийн ялгарлыг дүйцүүлэн бууруулахаар манай улсыг сонгох болно. Хөрөнгө оруулалт орж ирнэ.
Й
-Хүлэмжийн хийн шингээлтийг тодорхойлох аргачлалыг яаж гаргах юм?
-Германы Засгийн газраас 5,7 тэрбум төгрөгийг санхүүжүүлж, техник, аргазүйн хувьд дэмжлэг үзүүлж байна. Тооллого хийх хэмжилтийн аргачлалыг боловсруулсан. Энэ тооллогоор ганц модоо тоолохгүй гэдгийг дээр хэлсэн. Энэ үеэр био масс, амьтан, биологийн төрөл зүйл зэрэг ойд юу байна тэр бүхнийг тоолох учраас шинэ аргазүй хэрэгтэй болсон. Аргачлалыг 2012 оны арванхоёрдугаар сараас жилийн хугацаанд боловсруулсан. Энэ тооллогоо хийж дууссаны дараа тайлангаа боловсруулах хэрэгтэй болно. Боловсруулахад лаборатори хэрэгтэй. Энэ бүх техникийн дэмжлэгийг Германы Засгийн газраас хариуцаж байгаа.
Ы
-Манай талаас хичнээн төгрөг зарцуулах юм бол?
-Нэг тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Үүний 886 сая төгрөг нь хээрийн судалгаа явуулах 22 багийнхны цалин хөлсөнд зарцуулагдаж байгаа. Харин үлдсэн 114 сая төгрөгөөр тооллогын дүнг нэгтгэх Ойн судалгаа хөгжлийн төвийн дэргэд байгуулагдсан лабораторид ажиллах хүмүүсийн цалин болон урсгал зардалд зарцуулагдана. Ойн тооллогыг хийснээр зарцуулсан нэг тэрбум төгрөгнөөс хэд дахин их хөрөнгө оруулалт орж ирнэ. Үүнийг зөв ойлгох хэрэгтэй.
Й
-Хээрийн судалгааны ажил хэзээ дуусах юм бэ?
-Аравдугаар сарын 15-нд дуусна. Дараа нь мэдээлэл боловсруулалт арваннэгдүгэрэ сараас эхэлж, 2015 оны гуравдугаар сар хүртэл үргэлжилнэ. Дуусгаад тайланг олон улсын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлж баталгаажуулна.
Й
-Хээрийн судалгааны 22 багаас гадна хяналтын давтан тооллогын багууд ажиллана гэсэн. Энэ талаар тодруулаач?
-Технологийн хяналтын баг, БОНХЯ, Ойн судалгаа хөгжлийн төвийн хамтарсан хяналтын баг, хөндлөнгийн хяналтын баг ажиллана. Технологийн хяналтын баг одоо ажилдаа гарсан. Хэрэв буруу технологоор хэмжилт хийж байвал эрт илрүүлэн зогсоож, залруулах үүрэгтэй юм.
Й
-Ойн тооллогыг хэдэн жилд нэг удаа хийх ёстой юм бэ?
-Таван жилд нэг удаа хийнэ гэж шинэчилсэн журамд тусгасан байдаг. Улсын хэмжээний газрын нэгдмэл сангийн тайлан мэдээ таван жилд нэг удаа гардаг юм. Үүнд улсын ойн сангийн мэдээллийг оруулахын тулд таван жилд нэг удаа шинэчилж байх ёстой болсон. Манай улсын хувьд ойн сан бүхий газарт 18592400/18.5 сая/ га талбай хамаардаг. Энэ нь Монголын нийт нутаг дэвсгэрийн 11.09 хувийг эзэлдэг.
Й
-Ойн санд ер нь юу багтаадаг юм бол?
-Хэвийн өсөлттэй ой, ямар нэг байдлаар түймэрт өртөж, хортонд идэгдэж, огтлогдсон, эсвэл уул уурхайн ашиглалтаас үүдэлтэй доройтолд орсон талбай, ойн цоорхой, гол мөрний дагуух бургасан шугуй, бут сөөг энэ бүгд нийлж байж ойн санг бүрдүүлдэг.
ы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ