Н.Нямжаргал: Энхийг сахиулагчид бол эх дэлхийн аврагч
Өнөөдөр Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна. Дэлхийн улс орнуудад очиж энхийг сахиулах үүргийг амжилттай гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн албан хаагчид мөн энэ өдрийг тэмдэглэн, БХЯ-ны нээлттэй өдөрлөгт оролцож байна. Энэ үеэр Монгол Улсын анхны эмэгтэй энхийг сахиулагч , Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын Энхийг дэмжих ажиллагааны мэргэжилтэн дэд хурандаа Н.Нямжаргалтай цөөн хором ярилцлаа.
ыб
-Танд энхийг сахиулагчдын өдрийн мэнд хүргэе. Хэдэн онд аль улсад энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж байв? -Баярлалаа. Монгол Улсын Зэвсэгт хүчин анх 2002 онд Бүгд найрамдах ардчилсан Конг улсад хоёр цэргийн албан хаагчаа илгээж байснаас хойш 12 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд давхардсан тоогоор манай 10 мянга гаруй албан хаагч дэлхийн улс орнуудад энхийг сахиулах үүрэг гүйцэтгэсэн байна. Түүний 200 гаруй эмэгтэй албан хаагчид байгаа юм. Миний хувьд 2006 онд Африк тивд орших Баруун Сахар улсад НҮБ-ын энхийг сахиулагчийн үүрэг гүйцэтгэсэн. Энхийг сахиулах үүрэг гүйцэтгэсэн анхны эмэгтэй цэргийн албан хаагч болсондоо баяртай байдаг. Энэ бол ховорхон тохиолдох азтай агшин, нэр хүндтэй бөгөөд үүрэг хариуцлагатай ажил байсан.
бө
-Цэргийн ажиглагчийг үүрэг гүйцэтгэж байсан гэсэн. Гүйцэтгэж байсан үүргээ жаахан тодруулж яриач? -Би 2006-2007 он хүртэл нэг жилийн хугацаанд цэргийн ажиглагчийн албан тушаалд үүрэг гүйцэтгэсэн. Баруун Сахар бол өнөөдрийг хүртэл тусгаар тогтноогүй улс. НҮБ-ийн цэргийн ажиглагч нь сөргөлдөж байгаа хоёр талын хороондоо хийсэн гал зогсоох гэрээний биелэлтийг хянадаг. Өдөр тутам, цаг үргэлжид явганаар, машинаар эргүүл хийнэ. Мөн агаарын эргүүл хийдэг. Амралтгүй 24 цаг ажиллана. Гурван сар үүрэг гүйцэтгэсний дараа нэг долоо хоног гэх жишээгээр амардаг байсан. Цэргийн ажиглагчид эрсдлийн өндөр бүсэд ямар ч зэвсэггүй буюу биеэ хамгаалах эд хэрэгсэл байхгүйгээр үүрэг гүйцэтгэх дүрэмтэй. Тэдний гол зорилго нь гал зогсоох гэрээний биелэлтийг хянаад, сөргөлдөгч талуудын хооронд гэрээ хэлэлцээр хийж, зохицуулах байдаг юм.
бө
-Сөргөлдөгч талуудын хооронд гэрээ хэлэлцээр хийнэ гэхээр хэлний мэдлэг шаардлагатай байх. Та өнөөдөр орчуулагчийн үүрэг гүйцэтгэж байх шиг байна? -Би төрөлх монгол хэлнээсээ гадна англи хэлийг бага зэрэг оролдоно. БХИС-ийн холбооны инженерийн ангийг төгсөөд тэнхимдээ багшаар үлдэх үеэсээ англи хэлийг сурч эхэлсэн. Өөрөө хичээсний дүнд ийм зэргийн мэдлэгтэй болсон. Энд хэлэхэд “эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг бол үнэхээр үнэн үг. Би 2002 онд АНУ-ын Холбооны офицерийн үндсэн курс, 2005 онд Холбооны офицерийн ахмадын курсийг төгсөж байсан. Энэ бүгд анхны эмэгтэй энхийг сахиулагчаар явахад нөлөөлсөн байх гэж боддог.
бө
-Энхийг сахиулагчдыг хүнд нөхцөлд ажилладаг гэдэг. Баруун Сахарт хэрхэн дасан зохицож байв? -Баруун Сахар нь Маракко, Алжир, Мавритан улсуудтай хиллэдэг. Нэг талаар нь Атлантын далай оршдог элсэн цөлөрхөг улс. Цаг агаарын 35 хэм болон түүнээс дээш халуун, бороо ордоггүй. Монгол хүний дасан зохицох чадвар өндөр болохоор манай энхийг сахиулагчид аль ч улсад, хаана ч түүртдэггүй. Бидэнд эрүүл мэнд зэргээгээр хохирсон тохиолдол байхгүй.
бө
-Та хоёр дахь ажиллагаагаа Өмнөд Суданд гүйцэтгэсэн. Анхныхаас ялгаатай нь юу байсан бэ? -Тийм ээ. Бүгд найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын ажиллагаад штабын офицер гэсэн албан тушаал дээр 2011-2012 оны хооронд гүйцэтгэсэн. Албан тушаалын хувьд цэргийн ажиглагчаас нэг шат ахисан гэсэн үг. Мөн аюулгүй байдлын зэрэглэл нь хөнгөн болчихож байгаа юм. Өмнөхтэйгээ адилхан л энхийг сахиулах үүргээ гүйцэтгэсэн дээ.
бө
-Ер яагаад цэргийн албатай амьдралаа холбохоор шийдсэн юм бол? -Намайг 10 дугаар ангиа төгсөхөөс нэг жилийн өмнө буюу 1994 оноос БХИС эмэгтэй сонсогч авч эхэлсэн. Тэгээд 10 дугаар ангиа төгсөхдөө БХИС болон АУИС хоёрын нэгэнд орох гэж элсэлтийн шалгалтууд өгч байлаа. Гэтэл энэ Батланд тэнцээд сонсогч болсон. Эмч биш цэргийн хүн байх хувь тохиолтой байж л гэж боддог юм.
бө
-Энхийг сахиулагчиддаа хандаад юу гэж хэлэх вэ? -Би энхийг сахиулагчдыг эх дэлхийгээ аврагч гэж томъёолмоор байдаг. Бид эх орноо хамгаалах тангараг өргөснөөс гадна дэлхийн олон улсад үүрэг гүйцэтгэж байна. Мөргөлдөөн, сөргөлдөөнтэй дэлхийн халуун цэгт эрсдэл дунд амьдарч буй энгийн номхон ард иргэд, хүүхэд хөгшид, эмэгтэйчүүдийг хамгаалж, тэднийг хайрлаж байна. Тиймээс ингэж нэрлэмээр байна.
ыб
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ