Алтыг нь авчихаад авдрыг нь хаясаар байх уу
Манай улс сүүлийн арав гаруй жилийн хугацаанд Уул уурхайн салбарт түлхүү анхаарал хандуулсаар ирсэн. Учир нь өргөн уудам газар нутгийг эзлэн цөөхөн хүн ам суурьшдаг бидний монгол эрдэс баялгийн олборлолт явуулах шилдэг арван газрын тоонд зүй ёсоор багтаж чадсан юм. Иймдээ ч 2000-аад оноос хойш манай улсын эдийн засгийн хөгжил шат шатаар ахин хөгжсөөр байгаа билээ. Харин Уул уурхайн олборлолтын ажлыг дагаад нөхөн сэргээлт тулгамдсан асуудлуудын нэг болж эхэлсэн. Уг нь нөхөн сэргээлт хийгдэж гэмээ нь байгалийн баялгийн тогтвортой байдлыг ханган, эвдэгдсэн байгаль орчныг сэргээж, хамгийн гол нь уул уурхайгаас байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгадаг. Харамсалтай нь өнөөдөр байдал эсрэгээрээ байна. Энд тэндгүй олборлолтын ажил явагдаж, том том кран экскаваторууд өдөр шөнөгүй ажиллаж, ухсаар зөөсөөр сэгслээр байх боллоо. Эцэст нь ухаж сэндийчсэн талбай, хөрс, ус, агаарын бохирдол, ширгэсэн гол горхи, хордсон ард түмэн л үлдэж, ямар ч модгүй, зүлэг ногоогүй, гол горхигүй, амьд орчин үгүй болсон сааралдуухан хар бараан дүр зураг ажиглагдах болсон.
f
Уул уурхайн ажил нь газрын өнгөн хөрсийг хуулж, ашигт малтмалыг олборлохдоо тухайн орчин, байгалийн тогтоцыг сүйтгэж байдаг. Зарим тохиолдолд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниуд газрын хэлбэр дүрсийг харагдах байдлаар нь төдийгүй бүтцээр нь өөрчлөн, олборлолт хийх явцдаа уулын орой хэсгийг тэр чигээр нь авах тохиолдол ч байдаг аж. Ихэнхи ил уурхайн хувьд хэдэн зуун метр гүн, олон арван километр өргөн байдаг учир нөхөн сэргээлт зайлшгүй хийгдэх ёстой юм. Мөн байгаль дээрх салхи, ус, мөсний болон таталцлын хүч нь хөрс чулуулгийг элэгдэлд оруулдаг байна. Иймд уурхайн олборлолт, үйл ажиллагааны улмаас ургамалжилт, хөрс болон үндсэн чулуулагт үзүүлэх нөлөөлөл өөрчлөгдөж, байгалийн тогтоцыг илүү эмзэг болгон, элэгдлийг нэмэгдүүлж улам бүр хурдасгадаг. Уурхайн үйл ажиллагаанд өртсөн газарт байгалийн өнгөн хөрс өртдөг тул эрүүл хөрс бий болгож ургамалжуулалт явуулахад нэлээд хугацаа шаардагдах нь ойлгомжтой. Энэ нь хүндрэлтэй асуудлуудын нэг болоод байгаа юм. Наад зах нь хөрсний эвдрэл өөрөө цөлжилт үүсэх нэг шалтгаан болдог учир ар араасаа олон сөрөг асуудлуудыг дагуулах нь дамжиггүй.
f
Эрдэс баялгийг олборлох үйл ажиллагаанд ус гол зүйлийн нэг байдаг. Бид цэвэр усны нөөцтэй орнуудын тоонд багтддаг ч уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед ундны усны хомсдолд орох аюул нүүрлэхэд ойрхон. Учир нь ус хүрээлэн буй орчиндоо бохирдол үүсгэдэг бас нэгэн гол хэрэгсэл болдог. Уурхайн ажил эрхлэгчид усан зам болон шуудуунд нөлөөлснөөр уурхайн үйл ажиллагаа явагдаж буй хэсгээс урсгал дагуух экосистем болон орон нутгийн иргэдэд хүрэх усан хангамжийн дутагдалд орж болзошгүй байдаг. Мөн хаягдал чулуулганд урвал явагдсанаар гадаргын болон гүний усны нөөцийг бохирдуулах магадлал өндөр аж. Үүнд тухайн орон нутгийн ард иргэд, төр засгийн оролцоо чухал үүрэг гүйцэтгэнэ.
g
Нөхөн сэргээлтийн ажлын дийлэнхи хэсэг нь уурхайн төслийн дуусгавар болох үед хийгддэг гэсэн нийтлэг ойлголт байдаг боловч нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг уурхайн ажлын төлөвлөлтөд бүр эхнээс нь суулгаж өгөх хэрэгтэй байдаг байна. Мөн нөхөн сэргээлт бүхий оролцогч талуудад ашигтай, тогтвортой, байгалийнхаа жамаар явах орчныг бий болгохоор хийгдэх нь чухал юм. Үүний тулд уул уурхайн үйл ажиллагааны бүхий л үе шатын турш болон уурхай хаах төлөвлөлтөд ч нутгийн иргэдийн мэдлэг мэдээлэл, оролцоог хангаж, тэдний санал бодлыг тусгаж ажиллах нь чухал ач холбогдолтой байдаг аж.
g
Өнөө цагт хэн дуртай нь алт ухаж, хүссэн газраа олборлолт явуулах эрхийг хуулиар ч, хууль бусаар ч олж аван байгаль дэлхийдээ хайр найргүй хандаж байгаа нь эхнээсээ хор уршигаа дагуулаад эхэлсэн. Аргагүй ч юм, уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засагт хамгийн чухал байр суурь эзэлж, өдөр ирэх бүр өсөн нэмэгдсээр байна. Манай улсад 80 гаруй төрлийн эрдэс баялаг агуулсан 6000 гаруй орд газруудыг илрүүлээд байгаа гэсэн судалгаа байдаг. Мөн нийт газар нутгийн 25 орчим хувьд хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдоод байгаа юм. Хайгуулын ажилд оруулах гадаадын хөрөнгө оруулалт эрс нэмэгдсэний үр дүнд “Баруун наран”, “Овоот толгой”, “Таван толгой”, “Оюу толгой”, “Цагаан суварга”, “Гацуурт”, “Алтан-Овоо”, “Төмөртэй”, “Улаан” зэрэг томоохон ордуудыг илрүүлжээ. Бүгд л харийн тэргүүнтэй, харийн бодлоготой. Монголын ард түмэнд хэрхэн наалдаж байгааг хэлэхэд тун бэрх. “Баялагийн хараал”-д өртөж Африкийн араас ороход ойртсон мэт санагдана. Байгаа бүх эд баялаг өв хөрөнгөө хаашаа хамаагүй цацаж, байгаль экологио сүйдүүлж, газар нутгаа үрэн таран хийх эрхийг нь харийнханд олгоод байгаа нь хэр оновчтой вэ? Ард иргэд бүсээ чангалсаар өдөр хоногийг өнгөрөөж байгаа энэ үед, харийнханд газар нутгаасаа худалдсан эрх мэдэлтнүүдийнх суларсаар л байна. Монгол улс газрын доорх баялаг, өргөн уудам газар нутаг, цөөн хүн амтай гэгддэгээрээ дэлхийд дээгүүрт бичигдэхүйц хөгжих боломжтой. Гагцхүү буруу ашиглаж байгаа нь харамсалтай юм. Хамгийн чухал нь экологийн асуудал хурцаар хөндөгдөж байна. Хойч үеээ гишгэх газар, амьсгалах агаар, уух ус, ургамал мод, баялагтай нь үлдээхийн төлөө төр засгийн өндөрлөгүүд бодлоготой, холыг харсан, ирээдүйтэй шийдвэр гаргаж, хуулиа чангатгаж, үүргээ ухамсарлан ажиллахын дээр ард иргэд ч нөлөөлөх чадвартай байх ёстой.
g
ОУСЗ-III Э.Долгорсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ