Хүчирхийллийн улмаас 49 иргэн амиа алдаж, 1180 иргэн гэмтжээ

img

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцсэн. Өнгөрөгч тавдугаар сарын 28-ны өдөр уг хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн бөгөөд гишүүдийн олонх "Төслийг хэлэлцэх нь зүйтэй" хэмээн дэмжлээ.

й

“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийг анх 2004 онд УИХ-аас баталж байсан ч уг хууль нь зөвхөн тунхагийн чанартай байсан. Учир нь уг хуулийн хүрээнд ямар асуудлыг хэрхэн шийдвэрлэж, хэрхэн хэрэгжүүлэхийг заасан ч гэлээ яг хэн хариуцаж, ямар байгууллагын эрх үүрэгт байх нь тодорхой бус байсан. Ингэснээр гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах, тэдний эрх ашгийн төлөө ажиллах, хариуцах хүнгүй байснаас уг асуудлыг иргэний нийгмийн байгууллагууд хариуцан ажиллаж ирсэн билээ.

й

Сүүлийн 3.8 жилийн хугацаанд л гэхэд гэр бүлийн хүчирхийлэлд тооцогдох гэмт хэрэг 1505 бүртгэгдсэнээс 49 иргэн амь насаа алдаж 1180 иргэн гэмтсэн бол цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй болон захиргааны зөрчилд тооцогдон арга хэмжээ авагдсан хүчирхийллийн тоо үүнээс даруй 5 дахин их байгаа аж. Гэр бүлийн хүчирхийллийн чиглэлээр  үйлчилгээ үзүүлдэг ТББ-уудын өгсөн мэдээллээр хууль батлагдсанаас хойш хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах 41 шийдвэрийг шүүх гаргасан  гэж байна. Тиймээс гэр бүлийн хүчирхийлэл сүүлийн жилүүдэд улам хүндэрч буй нөхцөл байдлыг харгалзан үзэж, хуулийг шинэчлэх шаардлагатай хэмээн үзэж Хууль зүйн яамнаас дээрх төслийг боловсруулжээ.

й

Энэхүү хуулийн шинэчилсэн найрлагад үйлчлэх хүрээг өргөтгөж гэрлэгчид, хамтран амьдрагч, гэр бүлийн гишүүн, асран хамгаалагч, хамгаалуулагч, харгалзан дэмжигч, дэмжүүлэгч, тодорхой нөхцөл шалтгааны улмаас тухайн гэр бүлд амьдарч байгаа хүн, тусдаа амьдарч байгаа төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд, төрсөн болон үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүүгээс гадна эхнэр, нөхөр байсан, дундаасаа  хүүхэдтэй хүмүүсийг хуулийн хамгаалалтад хамрагдах боломжтой болгосон байна.

й

Мөн гэр бүлийн хүчирхийллийн дийлэнх тохиолдлыг зөвхөн зөрчлийн хэмжээнд авч үзэж байсныг өөрчилж, хүний биед гэмтэл учруулсан л бол гэмт хэрэгт тооцон, ял ногдуулах зохицуулалтыг томъёолж өгсөн байна. Гэхдээ хүчирхийлэгч хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан уу, хүнд гэмтэл учруулсан уу гэдгээс хамаарч шийтгэл ногдоно. Хөнгөн төрлийнхөд тооцогдвол албадан ажил хийлгэнэ, ингэхдээ долоо хоног хүртэл саатуулах боломжтой. Хэрвээ хохирогчийн биед гэмтэл учруулсан, амь насанд нь халдсан байвал зүйчлэлээрээ ялын хэмжээ нь нэмэгдэх юм байна. Тухайлбал, хүүхдийн биед гэмтэл учруулсан бол 5-8 хүртэл жилээр хоригдож болзошгүй. Хүний амь насыг хохироосон бол түүнээс олон жилээр хоригдох ял ногдуулах аж. Хохирогчдыг хамгаалах, тэдэнд байнгын хараа хяналт тавьж байхын тулд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн дэргэд дэд зөвлөл байгуулан ажиллуулна. Үүнийг ажиллуулахад нэмэлт орон тоо шаардахгүй өнөөгийн хүчин чадлаараа хүндээ хүрч ажиллах боломжтой хэмээн үзжээ.

й

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Хохирогчийг хамгаалах талд зохицуулалтууд сайн сууж, гэхдээ гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа олон мянган эмэгтэйчүүдээ, хүүхдээ төр байнга хамгаалаад суух бололцоогүй. Хүчирхийлэл үйлдээд байгаа хүнээ хүмүүжүүлж, тухайн гэр бүлийг гэр бүл шиг болгоход ямар арга хэмжээ авахаар төсөлд тусгав" гэдэгт хариулт өгөхийг хүслээ. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хэлэхдээ “Тухайн хүчирхийлэл үйлдэгчийг албадан ажил хөдөлмөр эрхлэх хугацаанд нь ёс зүйн хүмүүжлийн хичээл заах зэргээр боловсролын арга хэрэгслийг ашиглаж болно гэж үзсэн. Ер нь гэр бүлийн хүчирхийлэл гарч байгаа суурь нөхцлийг судалж үзэхэд архи уусан үедээ энэ төрлийн гэмт хэрэг өдүүлэх байдал түгээмэл байгаа тул архины хамаарлаас гаргах эмчилгээнд явуулж дахин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхгүй байх талын арга хэмжээ давхар авагдахаар хуулийн төсөлд суусан. Гэр бүлийн хүчирхийлэлд хүүхдийн эрх ихээр зөрчигдөж боллоо. Энэ төрлийн гэмт хэргийн 70 орчим хувь нь хаалттай, ил гардаггүй, бугшмал байдлаар гардаг. Иймд хамгийн хайртай хүмүүсийнхээ асуудлыг хүчирхийллээр шийдвэрлэдэг энэ хандлагыг өөрчлөх хэрэгтэй. Гэр бүлд гарч байгаа хүчирхийллийн асуудлыг урт хугацааны боловсролоор засах ёстой гэж үзэж байгаа” гэлээ.

й

Гэр бүлийн хүчирхийллийн тухй хуулийн шинэчилсэн найруулгыг бэлтгэх явцад Нийслэлийн цагдаагийн газрын дэргэд “гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг түр хамгаалах байр”-ыг байгуулсан. Байгуулагдаад хоёр сар болоход 32 иргэнд хамгааллын үйлчилгээ үзүүлсэн аж. Өмнө нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогч, ялангуяа бэлгийн хүчирхийлэлд өртсөн иргэнээс мэдүүлэг авах аргачлал нь эргээд гэмт хэрэгтэн шиг болгочихдог байсан. Үүнийг өөрчилж, мэргэшсэн эмэгтэй байцаагчдыг бэлтгэж байгаа гэдгийг ажлын хэсгийнхэн мэдээлж байна.

й

Харин хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд санал хэлэх шатанд уламжлалт гэр бүлийн харилцаатай холбоотой асуудлаа хуульд илүүтэй тусгаж өгөхөд ажлын хэсэг анхаарахыг хүслээ. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн тусгай хичээлийг оруулж өгөх, монгол түмний ёс заншлыг сэргээх хэрэгтэй гэдгийг ч энэ үеэр гишүүд хэлж байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг ажилгүйдэл ядуурал их байдаг газар зонхилон тохиолддог. Тиймээс дэлхий нийтийн сайн туршлагаар дурьдвал барилгын компаниуд хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу баригдсан барилгынхаа 5 орчим хувийг хямдралтай үнээр зардаг. Энэ үнийн хөнгөлөлтийг ажилгүй, ядуу өрхөд эдлүүлснээр тухайн гэр бүлийн орчин сайжирснаар амьдрах арга нь өөрчлөгддөг” гэлээ.

ыя

Ингээд санал хураалт явуулснаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх зүйтэй хэмээн гишүүд дэмжсэн юм. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Баярцогт ахалж, бүрэлдэхүүнд нь Р.Бурмаа, Ж.Батзандан, З.Баянсэлэнгэ, Д.Лүндээжанцан, Д.Оюунхорол нар багтаж ажиллахаар боллоо. Харин УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны үеэр Р.Бурмаа гишүүн танилцуулгыг хийхээр шийдвэрлэлээ.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ