12767 хэргийг хянан шийдвэрлэжээ
Өнөөдөр Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс хамтран Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 10 жилийн ойд зориулан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн хуралд Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Батсүрэн нар оролцсон. Тэд Захиргааны хэргийн шүүхийн чиг үүрэг, 10 жилд шийдвэрлэсэн хэрэг, маргааны төрөл, төлөвшлийн талаар, Захиргааны хэргийн дагнасан шүүхийн ач холбогдол, шүүхийн шинэчлэл дэх үр нөлөө, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын үйл ажиллагаа, шийдвэрлэсэн хэрэг, маргааны тоо, төрлийг мэдээлсэн юм.
6
Арван жилийн хугацаанд Захиргааны хэргийн гурван шатны шүүх нийт 19683 хэрэг хүлээн авчээ. Эдгээрээс анхан шатны шүүх 7441, давж заалдах шатны шүүх 3519, хяналтын шатны шүүх 1807, нийт 12767 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн байна.
Захиргааны хэргийн анхан шатны шүүх байгуулагдсан эхний жилдээ буюу 2004 онд 145 хэрэг хянан шийдвэрлэж байсан бол 2013 онд 1106 болж 6.6 дахин өссөн аж. Энэ нь иргэдийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулах эрэлт нэмэгдсэнийг харуулж байна албаныхан хэлж байв. Мөн захиргааны албан тушаалтны үйлдэл, актад тавих ард түмний хяналт төлөвшиж, тэдгээрийн хууль бус ажиллагааг сөрөн зогсох дархлаа тогтож буйн илрэл гэж судлаачид дүгнэжээ.
6
Газрын маргаан дийлэнх хувийг эзэлжээ
6
Сүүлийн 10 жилд Захиргааны хэргийн анхан шатны шүүхүүд нийт 7441 хэрэг шийдвэрлэсний 61.1 хувь буюу 4546 хэргийг нэхэмжлэгчийн буюу иргэний талд шийдвэрлэсэн байна. Түүнчлэн давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн 57.3, хяналтын шатны шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн 55.7 хувьд иргэн, хуулийн этгээдийн нэхэмжлэлийг хангажээ. Энэ хэмжээгээр Захиргааны хэргийн шүүх төрийн албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн иргэдийн эрх ашгийг нөхөн сэргээсэн байна.
5
Захиргааны хэргийн анхан шатны шүүхүүд 2004-2013 онд шүүх хуралдаанаар нийт 7441 хэрэг хянан шийдвэрлэснээс нийслэлийн захиргааны хэргийн шүүх 3744 хэрэг, орон нутгийн захиргааны шүүх 3697 хэрэг хянан шийдвэрлэжээ. 2004-2013 онд шийдвэрлэгдсэн нийт захиргааны хэрэг маргаанд Газрын тухай хуулиуд болон Төрийн албаны тухай хуулиар хянан шийдвэрлэсэн хэрэг маргаан давамгайлж байгаа аж. Тухайлбал, Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэсэн нийт хэрэгт газрын маргаан 23.6, төрийн албаны маргаан 15.7, татварын маргаан 10.3, ашигт малтмалтай холбоотой маргаан 8.1, эд хөрөнгийн улсын бүртгэлтэй холбоотой маргаан 7.2, сонгуулийн маргаан 6.9 хувь, бусад маргаан үлдсэн хувийг тус тус эзэлж байна.
5
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ