Хоёр хурга хулгайлсан хүн 10-15 жил хоригдох магадлалтай
Өнөөдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын нэг нь Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх асуудал байлаа. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр нар 2013.10.01-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд Эрүүгийн хуулийн 19-р бүлэг буюу Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн 145-р зүйлийн хоёр дахь заалтад багтсан мал хулгайлах гэмт хэргийг тусгайлан зүйлчилж, хариуцлагыг чангатгах өөрчлөлт оруулахаар тусгасан байна. Тодруулбал, олон тооны мал хулгайлсан хүнд 10-15 жилийн ял оноох аж.
й
Хэлэлцүүлгийн үеэр Улсын прокурорын газрын дэд дарга Г.Эрдэнэбат гишүүдийн асуултад хариулсан юм. Олон тооны гэдэг нь яг хичнээн мал болохыг тодруулахыг хүсэхэд, тэрээр хоёр ба түүнээс дээш малыг олон гэж тооцно. Үүнд, бод болон бог мал аль, аль нь орно. Тэгэхээр хоёр ишиг эсвэл хоёр хурга хулгайлсан хүн энэ хуульд хамрагдана гэсэн үг хэмээн тайлбарласан. Харин Ё.Отгонбаяр гишүүний үг хэлэх ээлж болоход, тэрээр прокурорын орлогчийг худал хэллээ хэмээн зэмлэж, “олон тоо гэдэг бол найман бод мал эсвэл 25 богийг хэлж байгаа юм” хэмээн тайлбарлаж байв.
й
Хоёр эрхмийн тайлбар ингэж зөрсөн тул хуулийн тайлбарыг нь сөхвөл 2006 онд Дээд шүүхээс гаргасан 28-р тогтоолын 1.13-д Ё.Отгонбаяр гишүүний хэлсэнчлэн найман бод эсвэл 25 бог малыг олон тоонд тооцно хэмээн заажээ. Гэхдээ энэ нь Эрүүгийн хуулийн 19-р бүлгийн 145.2-т “Энэ гэмт хэргийг давтан бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, олон тооны мал хулгайлсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалтад л хамаарах тайлбар юм байна.
й
Хэрэв Ё.Отгонбаяр гишүүний санаачилсан хуулийн төсөл батлагдвал тусгай зүйл болон орж ирэх учраас өмнө гаргасан Дээд шүүхийн тайлбарыг хэрэглэх боломжгүй болох аж. Учир нь 2013.03.07-нд батлагдсан Шүүхийн тухай хуулийн 1-р зүйлд Үндсэн хуулиас бусад хуулийг Улсын дээд шүүх тодорхой хэрэг маргааныг хянан шийлдвэрлэх замаар тайлбарлана гэж заажээ. Шүүхийн практикт хоёр ба түүнээс дээш зүйлийг олон тоо хэмээн тооцож ирсэн туршлага бий. Тэгэхээр нэгэнт дээрх тайлбар хэрэглэгдэхгүй болсон тохиолдолд хоёр хурга хулгайлсан ч олон тооны малд тооцогдож, 10-15 жилийн ял авах магадлал өндөр байгаа аж.
ый
Иймд уг хуулийн төсөл батлагдлаа гэхэд, нэгдүгээрт, хэрэглээний хувьд маш эрсдэлтэй, маргаантай, ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэнэ гэдгийг хуульчид хэлж байна. Тухайлбал, таван ямаа хулгайлсан хүнийг олон мал хулгайлсанд тооцох уу, тийм гэвэл хэдэн жилийн ял өгөх вэ гэх мэт. Хоёрдугаарт, хүндэвтэр хэргийг шууд онц хүнд гэмт хэрэг болгосноор ялыг хөнгөвчлөх, шоронжсон орноос татгалзахаар хууль зүйн салбарт хийж буй шинэтгэлийн бодлоготой зөрчилдөж байна. Өөрөөр хэлбэл, хоёр хурга буюу 200 мянган төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө хулгайлсан хүн 10 жилийн ял авах магадлалтай болж байгаа юм. 25 богоор нь бодсон ч тус бүрийг нь дунджаар 150 мянган төгрөгөөр тооцоход, 3 сая 750 мянган төгрөгөөр үнэлэгдэх мал хулгайлсан хүнд чангадах л ял. Төсвийн хөрөнгөнөөс хэдэн тэрбумаар нь идсэн, төрөөс төрсөн тэрбумтнууд ч өнөөдөр ийм хэмжээний ял авахгүй байгаа.
ый
Малчин хүний хүч хөдлөлмөрөө шингээн өсгөж буй таван хошуу малаас нь урт гартан хумслах нь буруу. Гэхдээ яллах заалт оруулж ирэхдээ прокурорын болон цагдаагийн байгууллагын саналыг аваагүй, судалгаа хийгээгүй зэрэгт С.Баярцогт гишүүн шүүмжлэлтэй хандаж, хэлэлцэх, эсэхийг хэлэлцэхийг хойшлуулах горимын санал гаргасан ч дэмжигдсэнгүй. Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай уг хуулийн төслийг УИХ нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр боллоо.
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ