“Монгол туургатан – 2011” тэмцээний дүн гарлаа
Монгол Улсын орчин үеийн дипломат албаны 100 жилийн ойд зориулж, Дэлхийн монголчуудын чуулган, Олон Улсын шатрын холбооны ивээл дор Гадаад харилцааны яамнаас зохион байгуулж буй Чин Ван Ханддоржийн нэрэмжит “Монгол туургатан – 2011” олон улсын шатрын тэмцээн Гадаад хэргийн яаманд 2011 оны 12 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн явагдаж, 12 дугаар сарын 11-ны өдөр амжилттай өндөрлөн дүнгээ гаргалаа.
Тэмцээний хаалтын ёслолын үйл ажиллагаа 2011 оны 12 дугаар сарын 11-нд ГХЯ-нд болов. Тэмцээнийг хааж ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, Дэлхийн Монголчуудын Чуулганы ерөнхийлөгч Ц.Гомбосүрэн, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар үг хэлж, тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад шагналыг гардууллаа.
Тэмцээн хоёр хэсгээс бүрдсэн бөгөөд эхнийх болох сонгодог тоглолтын Их мастерын тэмцээнд Их мастер цолтой-5, нийт 10 шатарчин оролцов. Их мастерын тэмцээнд Турк, Казахстан, ОХУ-ын Буриад улсаас 4 шатарчин урилгаар оролцож, оролцогчдын дундаж чансаа 2441 буюу ФИДЕ-гийн 8 дугаар зэрэглэлийн төвшинд буюу Монголын шатрын түүхэн дэх хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээн болсноороо онцлогтой болов. Тэмцээний шагналын сан 17,500 доллар байв.
Шатарчид тэмцээнд тойргийн журмаар тоглон 9 өрөг наадснаас, Монголын шатарчин Олон улсын мастер (ОУМ) Цэгмидийн Батчулуун (чансаа 2446) 7.0 оноогоор тэргүүн байр эзэлж аваргын цом алтан медалийн эзэн болж, 5,000 долларын шагнал хүртэв. Удаах байруудад мөн Монголын ОУМ Баярсайханы Гүндаваа (2478) 6.5 оноогоор, Туркын Их мастер (ИМ) К.Хазнедароглу (2426), энэ тэмцээний хамгийн хүчтэй шатарчин, ОХУ-ын Буриад улсын ИМ А.Шомоев (2578) 5.5 оноогоор тус тус шалгарлаа. Монголын шатарчин Их мастер эмэгтэй Түвшинтөгсийн Батчимэг (2324) 4.5 оноогоор 5 дугаар байр эзлэхийн зэрэгцээ ОУМ цолны норм хангалаа. Мөн тэмцээнд үзүүр түрүү булаалдсан манай ОУМ цолтой шатарчид болох Ц.Батчулуун, Б.Гүндаваа нар Их мастер цолны норм хангав.
Чин Ван Ханддоржийн нэрэмжит уламжлалт Түргэн тоглолтын тэмцээн 12 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд 21 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил олон улсын шинжтэй болж, ОХУ-ын Буриад, Тува, БНХАУ-ын Өвөр Монголоос нийтдээ 20 гаруй шатарчид урилгаар оролцов. Тэмцээнд манай шилдэг 50 шатарчин, дипломат албаны ажилтнууд, мөн өсвөрийн шатарчдаас бүрдсэн нийт 127 шатарчин оюуны хүчээ сорин тэмцэлдэж, швейцарь системээр 9 өрөг наадаж дүнгээ гаргав. Тэмцээний шагналын сан 7,500 доллар байв. Спортын мастер С.Ган-Од 7.5 оноогоор түрүүлж, цом алтан медалийн эзэн болж, 1,500 долларын шагнал хүртэв.
Мөнгө, хүрэл медалийн эзнээр ОУМ Н.Баттулга (7.5), ФМ Д.Эрхэмбаяр (7.0) нар тодорлоо. Айргийн тавд Н.Бадамханд (7.0), ФМ С.Билгүүн (7.0) нарын авъяаслаг өсвөрийн шатарчид гялалзсан амжилт гарган багтсан нь энэ тэмцээний чимэг болов. ФМ У.Насанжаргал, ОУМ Л.Мягмарсүрэн, ДМ Б.Энхсайхан, Р.Амгаланбаатар нар 7.0 оноогоор 6-9 дүгээр байр эзлэн шагнал хүртэв. Эмэгтэй шатарчдын эхний 3 байрыг шалгаруулахад, ФМЭ Д.Янжиндулам (6.5), Б.Янжинлхам (6.0), Б.Баярмаа (6.0) нар шалгарч шагнал хүртэв. Дипломат ажилтнуудаас Х.Көкен (2.5), Д.Баттулга (2.5) нар шалгарч шагнал хүртэв. Мөн Ш.Алтангэрэл (6.0), ОУМ П.Жигжидсүрэн (5.5), СМ Р.Даваа (5.5) нар ахмад шатарчны шагнал хүртэв.
Гадаадын шатарчдын тусгай шагналыг Буриадын ОУМ Т.Иванов (6.0), Өвөр Монголын шатарчин Хүмүүжилт (5.0), Тувагийн шатарчин В.Хаян-Оол (4.0) нар тус тус хүртлээ. Өсвөрийн шатарчдын тусгай шагналыг 12 хүртэлх насны хөвгүүдээс Э.Болдоо (6.0), Буриадын шатарчин В.Жук (6.0), Д.Буянзаяа (6.0), 12 хүртэлх насны охидоос Г.Учрал (4.0), 16 хүртэлх насны хөвгүүдээс Ц.Лхагвасүрэн (7.0), Г.Мөнхбаяр (6.0), Э.Энхнар (6.0), 16 хүртэлх насны охидоос Г.Сайханзаяа (5.5) нар тус тус хүртлээ. Гоц авъяастай шатарчны тусгай шагналыг 6 настай хөвгүүн Г.Амартүвшин (3.0) хүртэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ