Д.Оюунцэцэг: Эх орны ирээдүй болсон оюутнуудтай ажиллаж буйгаараа бахархдаг
Өглөөнөөс оройг хүртэл олон зуун оюутантай ажиллаж, тэдний зовлон жаргалыг хуваалцан хамтдаа баярлаж, хамтдаа гуниж байдаг хүн бол оюутны байрын багш байдаг билээ. Гэр орноосоо хол сурч мэдэхээр ирсэн, хүний олон хүүхдийн арга эвийг олж харьцана гэдэг багагүй арга ухаан, ур чадвар шаардсан ажил билээ. Бид энэ удаа 2013 оны “Оюутны байрын шилдэг багш”, Ардын боловсролын тэргүүний ажилтан “Оюутны өргөө-II” цогцолборын зохион байгуулагч багш Д.Оюунцэцэгтэй ярилцлаа. Увс аймгийн Бөхмөрөн сумын харьяат, нийтийн дуунд дуртай, дуулах авьяастай түүнийг МУГЖ С.Жавхлангийн авга эгч гэдгийг ярилцаж байхдаа мэдсэн юм. Ингээд түүнтэй хөөрөлдснөө хүргэж байна.
sd
-Таны багш мэргэжлийг сонгож, ажлын гараа эхэлж байсан цаг үеэс ярилцлагаа эхлэе?
-Би 1977 онд Налайхын 10 жилийн нэгдүгээр дунд сургуулийг дүүргээд, тухайн үеийн УБДС-ийн Түүх-пионерийн удирдагчийн ангид элсэн орж төгссөн. Дунд сургуульд байхдаа нийгмийн идэвх сайтай хүүхэд байсан болохоор энэ ангийг сонгож орсон л доо. Улсад 30 гаруй жил ажиллаж байна. Энэ хугацаанд хоёр удаа 10 дугаар анги төгсгөсөн. Бусад үед нь дунд сургуулийн хүмүүжлийн эрхлэгч, пионерын ахлах удирдагчийн ажлыг хийж байлаа. Хүмүүжлийн эрхлэгч гэдэг чинь тухайн сургуулийн бүх сурагчийн хүмүүжлийн асуудлыг хариуцдаг байсан. Харин сүүлийн 5-6 жилд эх орны ирээдүй болсон оюутнуудтай ажиллаж байна. Ер нь миний мэргэжилтэй зорилго нэгтэй ажил юм даа. Оюутнуудтай ажиллах харьцангуй амар байдаг шүү.
sd
-Таныг оюутнуудтайгаа их ойрхон ажилладаг гэж сонссон. Оюутны байрын багш тийм байна гэхээр сэтгэлд нэг л бууж өгөхгүй байна л даа?
-Оюутнууддаа багшийн, ээжийн сэтгэлээр хандаж, ажиллахыг хичээдэг. Байранд орж байгаа хүүхдүүдээ намар хүлээж аваад л орхичихдоггүй. Хүүхдүүдтэйгээ танилцаж, судалгаа явуулж, тэдэнд тулгамдсан, тулгарч болох асуудлуудыг нь мэдэж авч, аль болох туслахыг хичээдэг. Дамжаагаар нь ангилан яриа хийж, шинээр элсэж буй оюутнуудад Улаанбаатар хотын тухай ярихаас эхлээд л бүх зөвлөгөөг өгдөг юм. Тэгэхгүй бол зарим шинэ оюутан ямар ч зорилгогүй явж байгаад нэг жилийг өнгөрүүлдэг харамсалтай тохиолдол гардаг. Тэгээд арай ахлах дамжааныхантай нь залуу нас, хайр дурлал, гэр бүл төлөвлөлт гээд асуусан болгонд нь чадахаараа хариулт өгч, харилцан ярилцаж, ээжийн, багшийн сэтгэлээр ханддаг юм.
sd
-Өссөн орчин, гэр бүлийн хүмүүжил асар ялгаатай олон хүүхдийн арга эвийг олох амаргүй ажил. Та хэрхэн ажилладаг вэ?
-Бусдыг хүндэлж байж өөрөө хүндлэл авдаг гэсэн үг байдаг шүү дээ. Хүнтэй хүндэтгэлтэйгээр харьцах хэрэгтэй. Би бол оюутнуудаа хүндэтгэж харьцдаг. Тэр хүүхэд намайг хүндлэхгүй байж болно. Гэхдээ миний хүндэтгэлийн хариуд намайг хүндлэнэ шүү дээ. Хүнийг хэзээ ч гаднаас нь хараад мэдэж чадахгүй. Харьцаж байж л ойлгоно, танина. Хүүхдүүдтэй чиний хийж байгаа буруу, болохгүй гэдэг талаас нь биш зөв өнцгөөс харьцаж, хийж буй зүйлийнх нь бурууг ойлгуулдаг. Би чанга, зарчимч зантай ч буулт зөөлөнтэй. Оюутнууд маань эхэндээ ойлгохгүй байдаг ч сүүлдээ өөрсдийнх нь төлөө хэлсэн гэдгийг ойлгоод баярласнаа илэрхийлдэг /инээв/.
sf
-Зүгээр хичээл заагаад гардаг багш, амьдралд нь ойрхон байж болох, болохгүйтэй нь хамт байдаг багш хоёрын ялгааг та хэлээч?
-Ялгаатай зүйл нэлээн байлгүй яахав. Хичээл заагаад гарахад бол ойлгодог хэдэн оюутан нь мэдээд, нөгөө хэсэг нь ойлгохгүй л өнгөрнө. Харин болох болохгүйг нь мэдэж хэлж, зааж зөвлөж байгаагийн хувьд оюутнуудтайгаа илүү ойр дотно байдаг. Миний хувьд энд амьдарч байгаа 400 гаруй оюутнаа сайн танина. Онц сайн сурлагатан, дундчууд, жаахан дутагдалтай хүүхэд гээд бүгдтэй нь жигд харьцаж, ажиллахыг хичээдэг. Оюутнуудаа хараад л мэддэг болчихсон байдаг. Энэ маань жаахан баргар байна асуудал тулгарч, тэр харин сэтгэлийн хөөрөлтэй явж байна төрсөн өдрөө тэмдэглэх нь гээд л.
sd
-Би таныг оюутнуудыг гоё үгээр илэрхийлэх байх гэж бодож байна.
-Монголын маргаашийг оюутны маргаашаар төсөөлдөг гэдэг үг бол манай байрын уриа. Үүдэнд бичээстэй байдаг. Би энэ үгэнд их дуртай. XXI дүгээр зууны оюутнууд эх орноо авч явна гэж бодож, маш их итгэл хүлээлгэдэг. Бид жил бүр төгсөж байгаа оюутнуудаа хүлээн авч уулздаг. Энэ үеэр их сургуулиа төгсөнө гэдэг бол амьдралд жинхэнэ утгаар хөл тавьж, том хүн болж байгаа явдал. Тиймээс зорилготой, цагийг үр дүнтэй ашигладаг, шинийг эрэлхийлсэн, хүний хэлсэн зүйлийг үнэн сэтгэлээсээ хийдэг, ямар ч ажилд сэтгэлээсээ ханддаг хүн байхыг л захидаг юм.
ыб
Эмэгтэй хүн гоё хувцас аваад өмсөх гол биш, байгаагаа сайхан хэрэглэх нь чухал
sd
-Тэгвэл оюутнуудад дутагдалтай, шүүмжлэмээр тал юу байна вэ?
-Би өөрөө 80-аад оны оюутан. Тэр үеийнхтэй харьцуулахад одоогийн оюутнуудын идэвх биднийхэд арай хүрч чадахгүй байгаа юм шиг санагддаг. Нийгмийн идэвх дутмаг. Аливаа зүйлд сэтгэлээсээ биш ханддаг. Хатуухан хэлэхэд өнөө маргаашийг өнгөрүүлсэн, албадлагаар сурч байгаа юм шиг байдалтай. Хүн оюутан үедээ л зөв төлөвших хэрэгтэй. Гэтэл үүнийг ухамсарлаж байгаа нь ховорхон мэт ажиглагддаг. Зарим оюутан үдээс хойш хичээлээ сонгочихсон гээд унтаад байдаг. Үүнд их дургүй, Унтаж амрахад хэмжээ хязгаар хэрэгтэй гэж хэлдэг.
ds
-Та өөрөө ямар зарчим баримталдаг вэ?
-Зарчимч, дайчин занг. Хамгийн гол зарчим бол хүн аливаа ажлыг сэтгэлээсээ хийдэг сонгосон мэргэжилдээ эзэн байх ёстой. Олны дунд харьцааны өндөр соёлтой байх хэрэгтэй. Хүний хэлсэн ярьсныг ойлгож мэдэрдэг, хатуу үгийг нэг удаа тэсээд өнгөрүүлдэг, хүлээцтэй сонсдог байх ёстой. Би охиддоо ч, оюутнууддаа ч ингэж хэлж, дайчин шударга, зарчимч байхыг захидаг.
ds
-Таныхаар эмэгтэй хүн тэр тусмаа багш хүн ямар байх ёстой вэ?
-Багш хүн гишгэхээсээ эхлээд бүх зүйлээрээ сурагчдад үлгэр дуурайл үзүүлж байдаг. Тиймээс өөрийгөө маш сайн бэлдсэн, мэдлэг боловсролтойгоос гадна зөв үлгэр дуурайл сайтай байх хэрэгтэй. Эмэгтэй хүн бол аливаа айл гэр, албан газрын нүүр царай байдаг. Эмэгтэйчүүд нь гэгээлэг, намбалаг, төлөв даруу байгаа газрын эрэгтэйчүүд нь дагаад тийм байдаг. Би эмэгтэй оюутнууддаа миний охин галын болон угаалгын өрөөгөө цэвэрхэн байлгах ёстой. Үүнээс эхлээд л тухайн айлын эмэгтэй хүний цэвэр, цэмцгэр байдал харагддаг гэж хэлдэг юм. Гоё хувцас худалдаж аваад өмсөхдөө гол нь биш өөрт байгаа зүйлээ цэвэрхэн, сайхан эдэлж, хэрэглэх нь чухал шүү дээ.
sdf
-Хүний олон зуун хүүхдийн ээж мэт цаг наргүй ажиллаж явна. Харин өөрийн охиддоо хэр сайн ээж вэ?
-Манайх дөрвөн охинтой. Би дээд сургуулийн II, III ангидаа дараалан хоёр охиноо төрүүлж байсан. Гэхдээ жилийн чөлөө авч байгаагүй. 14 хоноод л хичээлдээ орж байсан. Манай хань бид хоёр хүүхдүүдийнхээ боловсролд их анхаардаг юм. Хамгийн бага охин маань энэ хавар ШУТИС төгссөн. Ирэх намраас дахин сургах төлөвлөгөөтэй байгаа. Нөгөө гуравтаа мөн давхар мэргэжил эзэмшүүлсэн.
df
-Танд чөлөөт цаг хэр гардаг вэ. Тэр цаг хугацааг хэрхэн өнгөрүүлэх дуртай вэ?
-Чөлөөт цагаараа гэртээ л байх дуртай даа. Хоол цайгаа хийгээд үр хүүхдүүдтэйгээ бужигнаад л. Манай баруун аймгийн бүсгүйчүүд чинь угаасаа тийм шүү дээ.
sf
-Зуны амралт эхэлж оюутнууд харьж байна. Оюутнуудаа явахаар сэтгэл эзгүйрдэг гээд багш нар ярьдаг. Ер нь оюутны байрын багш байхын сайхан нь юу вэ?
-Төгсөх оюутнуудаа хүлээж авахад бид чинь уйлж, дуулаад их “гоё юм” болдог л доо. Монголын ирээдүй болсон сайхан оюутан, залуучуудтай ажиллаж байгаагаараа их бахархдаг. Багшийн мэргэжил бол хөгширдөггүй, оюутнуудтайгаа харьцсаар байгаад үргэлж залуу сэтгэлгээтэй явдаг сайхан ажил. Үеийнхэн уулзахаараа чи сайхан байна л гэдэг шүү дээ /инээв/.
sd
-Таны зохион байгуулан ажиллаж буй “Оюутны өргөө-II” цогцолбор ямар зорилготой ажиллаж байна вэ. Энэ асуултаар яриагаа өндөрлөе.
-Манай оюутнууд ахмад үеэ хүндэлдэг, оюутны байрын дотоод журмаа хэрэгжүүлдэг, архи тамхигүй орчинг бий болгох гэсэн гурван зорилтыг дэвшүүлэн ажиллаж, амьдарч байна. Тохилог, тухтай сайхан орчинтой учир эдгээр зорилтоо биелүүлээд элит оюутны байр болох зорилготой.
ыб
Ярилцсанд баярлалаа.
бө
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ