Сайд уу, яам уу
Сайт болон хэвлэлүүдийн өнгийг харахад Засгийн газраас Н.Батбаяр сайд гэдэг том манжинг сугалах уу, эс сугалах уу гэдэг дээр хоёр тал ил цагаан үзээд эхэлчихжээ. Өдөр тутмын сонинуудын голд алтныхан Н.Батбаяр сайдыг өмөөрч байгаа мэдэгдлийг томоор голлуулсан байх бол нөлөө бүхий зарим хэвлэл сэтгүүлд олон зүйл нуршилгүй сайдын бурууг тооны хэлээр үзүүлж балбажээ. Үүнийг харсан хүн үнэхээр юм бодмоор, Н.Батбаяр сайдыг нэг сайн чимхмээр л болох юм байна. Тоон харьцуулалтаар бол Хөгжлийн яамны дансаар гарсан зээл мөнгөний тоо өсөөд л нөгөө баганад нь ажилгүй иргэд, дампуурсан ААН-үүдийн тоо, гадаад өрийн хэмжээ мөн зэрэг өсөөд л байсан юм байна.
6
Н.Батбаяр сайдыг Хөгжлийн яамыг авахад дансанд нь 580 сая ам.доллар байсан ба БНХАУ-ын хөрөнгө оруулалтын банкнаас 280 сая ам доллар орж ирж. Үүн дээр олон улсын байгууллага түншлэгч орнуудаас 214 сая ам.доллар авчээ. Цаана нь бас Чингис бондын 1.5 тэрбум доллар бий. Одоо цагийн нэлээн бэлтэй олигархи байсан ч мөнгө шүү л гэхээр мөнгө атгасан сайд юм байна. Энэ бүхнийг Хөгжлийн сайд гэр орноо хөгжүүлэхэд зориулчихаагүй. Монгол Улсын Засгийн газраас баталсан, зөвшөөрсөн төсөл хөтөлбөрт өгсөн байж таарна. Гэхдээ дээр дурьдагдсан хэдэн зуун саяараа нэрлэгдэж байгаа ам.доллар бүгд төсвөөс гадуур зарцуулагдсан байгаа юм. Маш их хэмжээний доллар хөгжлийн яамаар орж ирсэн ч хоёр жилд эдийн засгийн өсөлт нь 11.7 хувь болж буурсан байна. Үүн дээр Монгол Улсын зээлжих зэрэглэл +В-ээс хасах В болж буурсан ба гадаад валютын нөөц 67.1 хувиар буурч. Ингээд ам.долларын ханшийг дээш нь тавиад туучихдаг 2013 оны эцэст манай улсын нийт өр 19 тэрбум ам.доллар болж 164.4 хувиар нэмэгджээ.
6
Энэ хугацаанд үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр дөрвөн их наяд төгрөг ААН-үүдэд тараажээ. Н.Батбаяр сайд нь өөрийнхөө хувийн компанид мэдээж өгөөгүй л байх. Хөтөлбөрт хамрагдаж энэ их мөнгөнөөс цохисон хэрнээ үнэ тарифаа тогтвортой байлгаж чадаагүй ААН-үүд алтныхан шиг сайдаа өмөөрч төлбөртэй юм гаргах байх гэж хүлээе. 2014 онд Самурай бондын 30 тэрбум иений зээл шууд л хөгжлийн яамны дансанд орлоо. Үүнийг бас Н.Батбаяр сайд хувьдаа аваагүй л дээ. Монгол Улсын Засгийн газар авсан. Харамсалтай нь, энд самурай бондоос 60 орчим сая ам.доллар дутсан тухай шуугиан байгааг онцложээ. Энэ бол хөгжлийн сайдыг бас л бүлтэгнүүлж бултагануулах нэхэл хатуутай асуулт юм. Гудамж төслийн мөнгийг чинь Чингис бондоосоо өгөхгүй гэж харам загнаж Үүл даргаас шанаа авах шахаж явсныг санахад тийм ч үрэлгэн сайд байгаагүй ч юм шиг. Ерөөсөө дээрх их мөнгөний том тоонууд явсаар хөгжлийн яам гэж ер нь зээл мөнгө төвлөрүүлж төсвөөс гадуур цацдаг онцгой яам болсон юм биш үү гэмээр. Энэ нь “Эдийн засгийн хөгжлийн яам” гэж ер нь ямар чиг үүрэгтэй яам билээ гэсэн асуулт тавихад хүргэж байна.
6
2012 оны Засгийн газрын 64 дүгээр тогтоолын 14 дүгээр хавсралтад зааснаар Эдийн засгийн хөгжлийн яамны үүрэг хариуцлагын ерөнхий хуваарь нь “...эдийн засгийн хөгжлийн асуудлын хүрээн дэх хууль тогтоомж, бодлого, стратеги боловсруулах, хэрэгжүүлэх, энэ чиглэлээр салбарын бодлогыг уялдуулан зохицуулах үүрэг, хариуцлага хүлээнэ. Энэ хүрээнд Засгийн газрын танхим, сайдыг өндөр мэргэшлийн зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр хангана. Яам нь хариуцсан асуудлын чиглэлээр Засгийн газрын зөвлөхийн үүрэг хүлээж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн хурдац болон нөөцийн үр ашигтай, оновчтой байдал, макро эдийн засгийн тэнцвэрт харьцаа, салбар хоорондын бодлогын уялдаа, эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад өргөн хүрээтэй, нарийн тооцоо судалгаатай хандаж, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг зөв зохистой төлөвлөхөд холбогдох яамд, орон нутаг, бусад төрийн байгууллагуудыг бүх талын зохицуулалт, дэмжлэгээр хангана...” гэжээ. Мөн энэ яамны үйл ажиллагааны эрхэм зорилгыг “Эдийн засгийн хөгжлийн яамны эрхэм зорилго нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн урт, дунд, богино хугацааны оновчтой бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх замаар хүн амын амьжиргааны түвшинг тогтвортой дээшлүүлэхэд оршино” гэж зааж өгчээ.
6
Улс орны эдийн засгийн болон хөгжлийн хүрээний бараг бүх бодлогыг базаж бусдыгаа түүчээлж явах шахуу л өргөн хүрээний чиг үүрэгтэй яам юм байна. Харин бонд зээл тусламж хөрөнгө оруулалтын тэр их мөнгийг төсвөөс гадуур зарцуулах эрхийг хөгжлийн яамандаа төвлөрүүлж өөртөө булуу хураах хэрэг Н.Батбаяр сайдад байсан юм уу даа. Их мөнгө атгасан хүн өнгөтэй харагдана, бас бусдад өөнтөг ихтэй ч харагдана. 2013 онд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн Үнэ тогтворжуулах хөтөлбөр зэргээс харахад хөгжлийн яамыг салбарын бодлогоо уялдууж зөв газар их мөнгө хаяж чадсан гэж өмөөрөх аргагүй. Тэгэхээр эдийн засгийн хөжлийн яам нэртэй ч хөжлийн чөдөр болчихсон юм шиг энэ яамыг яах талаар дараа нэг ярих хэрэгтэй юм. Байгаа олоогүй цацагдаад байгаа бонд, зээлийн их мөнгөний учгийг хөөвөл энэ яамны буруу зөв бодлоготой холбогдож их юм гарна.
6
Шинэчлэлийн Засгийн газар гэрээ барихдаа бууриа хэтэрхий томсгон яамдаа нэмсэн. Үүний сүүдэрт үрэлгэн зардалтай, давхардсан чиг үүрэгтэй бүтэц, хяналтгүй хөрөнгө зарцуулалтын суваг бий болж явсаар үүнд нь өнөөдөр Н.Батбаяр гэдэг нэг сайд ганцаараа буруутай болж огцрох эсэх тухай яригдаж байна. Гүйцэтгэх засаглал түүний сайд нарт хариуцлага тооцох бол парламентын нэг том эрх болоод үүрэг нь мөн. Тэгээд ч парламент дахь сөрөг хүчин улс орны эдийн засгийн уналтын хариуцлагыг хөгжлийн сайдтай тооцьё гэж байна.
6
Юманд учир бий гэж манайхан ярьдаг. Дээврийг нь хөнгөлж ханыг нь өндөрсгөөд ч нойтон намган дээр байшин барьсан л бол нэмэргүй. Суурь нь доош суусаар л байх юм. Асуудал Н.Батбаяр сайдад байна уу, Засгийн газрын бүтцэд байна уу.
6
Пүрэвжавын Баярхүү /тоймч/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ