ОХУ-ын Дотоод хэрэг, Хууль зүйн дэд сайдуудтай уулзав

img

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өнөөдөр ОХУ-ын Дотоод хэрэг, Хууль зүйн дэд сайдуудтай уулзлаа. Төрийн ордны Бага танхимд болсон уг уулзалтанд ОХУ-ын Дотоод хэргийн дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга Зубов Игорь Николаевич, Хууль зүйн дэд сайд Аристов Дмитрий Васильевич, Мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих холбооны албаны нэгдүгээр орлогч захирал Каланда Владимир Александрович тэргүүтэй ОХУ-ын Элчин сайдын яамны нэр бүхий төлөөлөгчид оролцсон бол Монголын талаас Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, тус яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг нарын албаныхан оролцсон юм.

6

Уулзалтын эхэнд Х.Тэмүүжин хэлэхдээ “Хоёр орны хууль зүйн болон дотоод хэргийн яамд олон жилийн найрсаг харилцаатай. Энэ харилцааг улам гүнзгийрүүлж, хамтын ажиллагаатай болох хүсэлтэй байна. Монгол Улсад хууль сахиулах байгууллагын хувьд томоохон шинэчлэл хийж байгаа, үүнд та бүхнээс суралцах, санаа авах зүйл бий. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын хэлэлцүүлэгт Гэмт хэргийн тухай хуулийг орж ирсэн. Энэ хуулийн хүрээнд эрх чөлөөг хязгаарлах ялын шинэ төрөл бий болж байгаа нь цахим гав юм. ОХУ-аас энэ талаар амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа Сото цахим системийг нь сонирхож байна. ОХУ-ын технологи, туршлагыг шилжүүлэн авах боломжийг судалж үзмээр байна” хэмээлээ.

6

Харин ОХУ-ын Дотоод хэргийн болон Хууль зүйн дэд сайд нараас “ОХУ нь хууль зүйн салбарын шинэчлэлээ 2009 онд эхлүүлсэн. Хууль сахиулах тогтолцооны шинэчлэлийг хийхэд тун амаргүй, хүнд ажил. Шинэчлэл анх төлөвлөсөн хэмжээнд хүрдэггүй. Мөн шинэчлэлийг хийхэд туршлага судлахаас гадна өөрийн орны онцлогыг харгалзан үзэх шаардлагатай. Цахим гавтай холбоотой хамтран ажиллах боломжуудыг судалья. Туршлагаасаа хуваалцахад ч бэлэн байна. Ер нь шинэчлэлтэй холбоотой тодорхой дэмжлэг үзүүлэхэд бэлэн” гэлээ.

6

Энэхүү уулзалтын үеэр зохион байгуулалттай гэмт хэрэг, галт зэвсэг, цахим гэмт хэргийн илрүүлэлтийг сайжруулахад анхаарч, хоёр тал хамтран богино хэмжээний мэргэжлийн сургалтыг хийх боломжийг талаар сайд нарын хооронд яриа өрнөсөн юм.

6

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ